Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ. Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “...ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх таван үндэслэлийг дурджээ.
Тиймээс дээрх төлөөлөгчид “...Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэй. Улмаар энэ асуудлыг Хан-Уул дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Ер нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн талаар энэ ажилд томилогдсоноос нь хойш таагүй мэдээллүүд нэлээд гарсан. Хан-Уул дүүргийн АН-ын дарга, МоАХ фракцад харьяалагддаг Д.Батбилэг өөрийнх нь эсрэг явсан 18 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, өрөөндөө жирийн иргэнийг барьж авч зодлоо /https://www.youtube.com/watch?v=BTjsxwZHH-k/ гэх мэтийн мэдээ, видео бичлэг хүртэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан билээ.
Б.ДАМДИН
Уншиж байна |