Хотын даргын зусардлага

Нийслэлчүүдийн зуны зовлон эхлээд байна. Тиймдээ ч нийслэлчүүд бухимдаж байна. Өвөлд нь агаарын бохирдол, замын халтиргаа... Зунд нь хааж боосон зам, тасалж танасан хэрэглээ...
Өглөөхөн фэйсвүүкт нэг иргэн бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр:
Нэгдүгээрт, авто машиныг хадгалах гэж биш унах гэж худалдан авдаг. Долоо хоногийн гурван өдөр, бүр арай ч дээ... дэлгэр сайхан зунаар шүү???
Хоёрдугаарт, жилийн жилд хийгээд байгаа зам засвар, шугам хоолойн шинэчлэлтийн ажил чинь тийм удаан хийгдэх ажил юм уу? Бүхэл бүтэн хоёр сар арай ч дээ... мэдээж энэ ажил чинь хугацаандаа дуусахгүй...
Гуравдугаарт, богино эргэлтийн автобус явуулж яагаад болохгүй байгаан бэ??? Аливаа тушаал шийдвэр гаргахдаа хүнээ бодож бай л даа...
Дөрөвдүгээрт, тогтмол цагт ирдэггүй, агааржуулалтгүй, бохир, өмхий үнэртсэн, чихэлдсэн халаасны хулгайчтай, тайван явах, амьд буух баталгаагүй унаанд чинь би лав суухгүй. Тиймээс би торгуулаад энэ маршрутаар чинь байнга машинтайгаа явна мэдээж би торгуулийг чинь төлөхгүй учир нэхэмжлэх ирэх цагт шүүх дээр уулзъя.
Тавдугаарт, хуулиас дээгүүр журам дүрэм гэж байдаггүй юм. Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйл хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Мэдээж дэлхийн метрополис хотын нэг Улаанбаатар гоё, сайхан байх ёстой. Тэглээ гээд иргэдийнхээ эрхийг хэтэрхий хязгаарлах ёсгүй. Бүтээн байгуулалтыг нийслэлчүүдийн зун бүр туулдаг зовлон болгочихоод байгаа нь бодит үнэн. Харин энэ зовлонгоо тэвчихийг хотын дарга хүсч байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, нийслэлчүүдийг тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүссэн. Харин өнөөдөр уриалга гаргаж, энэ үгээ албажуулсан байна. Дарга уриалгадаа хотынхныг хөдөө рүү дайжихыг хүсчээ. Бас машинаа зогсоолд нь тавихыг хүсэв.
Э.Бат-Үүлийг ингэж хэлсэн хэлээгүй нийслэлчүүд хангалттай хүлээцтэй ханддаг. Зам хаасан гэвэл хазайгаад өөр чиглэлээр явдаг. Дугаар хязгаарлана гэхэд машинаа хэдэн өдрөөр ч хамаагүй зогсоодог. Нийслэлийн өмчийн автобус компанийнхан ажил хаяхад ч дамжин барин ажлаа залгуулсан. Хэн ч Э.Бат-Үүлийн төлөө амьдраагүй учраас зохицуулсан, зохицуулж ч байгаа. Харин зовлон удаан үргэлжлэхгүй байвал нийслэлчүүд талархана. Ядаж л зусландаа очиж хотын зовлонгоо мартмаар байна. Гэтэл зуслангийн зам засвар дөнгөж эхэлж байдаг. Гачуурт, Хандгайт, Шарга морьтынхон зусландаа очих гэж энэ зунжингаа үйлээ үзнэ. Замыг засах бус бүрэн шинэчилж буй гэнэ лээ. Намрын сэрүүнтэй золгож байхад л зусландаа гарах боломж нээгдэнэ.
Хотын дарга “Сэтгэл зүтгэлийн үр бүхэн буцаж ирдэг” хэмээн уриалжээ. Үнэндээ энэ зүтгэл уур бухимдал, стресс, ачаалал, зун бүрийн зовлон болж ирээд байна, яах вэ!?
Уг нь улсын нийслэлийн иргэн байна гэдэг том нэр хүнд, үүрэг хариуцлага бас эрх. Тиймдээ ч хотынхон “мундаг” гэсэн үзэл давамгайлдаг биз. Гэвч өнөө цагт бол хотын иргэн байх нь ял шийтгэл мэт. Өвөл зунгүй ямар нэг төлөөс төлж байх ёстой мэт. Жил бүр давтагддаг энэ зовлон, ял шийтгэл, төлөөсийг дарга даамал уриалга гаргаж зусардаад нимгэлэхгүй. Харин богино хугацаанд багахан зовообол баярлана.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ