Английн балетын залуу од Монголд иржээ

Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжиг энэ сарын 12-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж байна.
Театрын тэргүүн гоцлооч, МУСТА Отгонбямбын Ганцоож, Английн балетын залуу од, English National Ballet компанийн гоцлол бүжигчин Лорета Самерскэйлстай хамтран тус жүжигт гоцлон тоглох юм. Уг тоглолтынхоо талаар тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул "Манай театрын чадварлаг гоцлооч бүжигчин О.Ганцоож бидэнд анх энэ тоглолтынхоо саналыг тавихад их таатай хүлээж авсан. Театрынхаа зүгээс уг балетыг бүжиглэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. О.Ганцоожийн хувьд Монголын балетын урлагийн өнгө төрхийг олон улсын тавцанд тодорхойлж, таниулж яваа залуу уран бүтээлч. Тэрбээр 2006 онд Хөгжим Бүжгийн Коллежийг балетын жүжигчин мэргэжлээр, 2009 онд Английн Лондон хотын English National Ballet компанийн балетын мэргэжлийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр ирсэн. Манай театрт тэргүүн гоцлоочоор ажиллаж буй 10 дахь жилийн ойдоо зориулан ийнхүү тайлан тоглолтоо хийх гэж байна" хэмээн хэллээ.
"Жизель" бүжгийн жүжигт О.Ганцоожтой хамт Английн балетын залуу од, English National Ballet компанийн гоцлол бүжигчин Лорета Самерскэйлс тоглох юм. Тэрбээр "О.Ганцоож над руу хамт бүжиглээч гэсэн урилга явуулсан. Эхэндээ би нарийн утга учрыг ойлгоогүй. Түүний дараа О.Ганцоож над руу е-мэйл бичээд, утсаар яриад тоглолтынхоо зорилго, нарийн утга учрыг тайлбарлаж өгсөн. Тэр үед нь ойлгоод маш их баярласан. Бас айсан.
Тэгээд энэ боломжийг алдахгүй юмсан гэж дотроо бодоод найруулагчдаа хэлсэн. Харин найруулагч маань Монголд ирж ажиллах чөлөө өгсөнд би их баяртай байгаа байгаа. Миний хувьд Монголд анх ирэхдээ жаахан санаа зовж байсан. Ирсэний дараа монголчууд их халуун дулаан, сайхан сэтгэлтэй хүмүүс юм шиг санагдсан. Намайг урьсанд маш их талархаж байна" гэсэн юм.
Харин МУСТА О.Ганцоож "ДБЭТ-ын тайзнаа А.Аданын "Жизель" бүжгэн жүжгийн бүжгийн дэглэлт хөдөлгөөнийг шинэчиллээ. Тайз, жижиг хэрэглэлүүдэд ч бас анхаарч байна. Өрнөдийн орнуудын тайзнаа сонгодог "Жизель" балетыг хэрхэн найруулж тавьдаг билээ, тэр хэмжээнд л аваачина. Хэрвээ сурталчилгааг сайн харж анзаарсан бол шинэчилсэн дэглэлтийн учрыг бас олж харж чадна. Бид урьд нь хөгжмийн зохиолч Адольф Адан гэж хэлж ярьдаг байлаа. Харин төрсөн нутагт нь агуу их зохиолчийг Адольф Адам гэдэг юм байна. Нэрийг нь ингэж өөрчиллөө. Театрын тайзнаа би арав дахь жилээ бүжиглэж байна. Миний хувьд энэ тайлан тоглолтоороо "Жизель"-ийг шинэчлэн тавих зорилгоо хамгийн чухал гэж үзээд энэ ажлыг эхлүүлсэн. Энэ бүжгэн жүжиг гучин зургаан жилийн турш ер өөрчлөгдөөгүй тавигджээ. Анх яаж тоглогдсон тэр л янзаараа өнөөдрийг хүрчээ. Бусдынхаа хийснийг мэдээж үгүйсгэхгүй, гэхдээ л өнгөрсөн бүхий л хугацаанд бүтээлчээр шинэчилж өөрчлөөгүй юм билээ. Энэ жүжгийн хувцас хунар, эд хэрэглэл нь 36 жил болж байна шүү дээ. Бараг л өгөрших шахсан. Ийм юмтай очвол ичмээр санагдана. Ер нь огт шинэчлэгдээгүй хуучнаараа байгаа жүжиг гэж хэлж болно" гэв.
“Жизель” бүжгэн жүжгийн тухайд
Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет нь анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ.
Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Итали улсын Милан хотод, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тоглогдсон байна.
Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa-ийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй хувилбар юм.
Манай улсад анх 1979 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амилуулснаас хойш тасралтгүй 36 жил тоглогдсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ