Монголын балет Английнх шиг санагдаж байна

img

Английн үндэсний балетын гоцлооч Лорета Самерскэйлс, ДБЭЧ-ын гоцлооч О.Ганцоож нар "Жизель" балетад хамтран энэ сарын 12-нд ДБЭТ-т тоглохоор болсон билээ.

 

Тэгвэл Монголд улсад анх удаагаа ирээд байгаа, Английн үндэсний балетын театрын гоцлооч бүжигчин  Лорета Самерскэйлстэй ярилцлаа.

 

-Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцаач?

 

-Би Монголд анх удаагаа ирж байна. Монголд ирсэндээ сэтгэгдэл их өндөр байна.
Онгоцны цонхоор монголын газар нутгийг дээрээс нь харахад их сүрлэг уул, нуруудтай харагдсан. Онгоцноос буухаас өмнө халуун дулаан уур амьсгалтай юм шиг их санагдаж байсан. Харин бууж ирсэн чинь сэрүүн, эрс тэс уур амьсгалтай юм байна гэдгийг ойлгосон. Би Монголд ирээд долоо хонож байна. Ирээд шууд тоглолтын бэлтгэлдээ орсон учраас ийш тийшээ явж үзээгүй байгаа. Тоглолтоо дуусгаад сонирхоно гэсэн бодолтой байна. Харин монгол хүмүүс их найрсаг, халуун дулаан харьцаатай юм шиг санагдаж байгаа.

 

 

-Гадаад хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход ихэнхдээ эерэг хариулт өгдөг л дөө. Танд манай улсын юу таалагдаагүй вэ?

 

-Одоохондоо энэ асуултад хариулахад бэлэн биш байна. Ер нь бол улс бүр өөрийн гэсэн сайн, муу тал бий. Англид ч гэсэн янз бүрийн асуудал бий. Миний бодлоор танай улсын автозам жаахан асуудалтай санагдсан /инээв/. Уучлаарай.

 

-О.Ганцоож та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?

 

-Бид 2009 онд Английн Лондон хотын English National Ballet компанийн балетын мэргэжлийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр хамт сурч байсан. Таван жилийн дараа О.Ганцоож найзтайгаа уулзахад их таатай санагдсан. Яг л хуучин шигээ найрсаг зантай хэвээрээ байна. Мөн амжилтын хувьд монголын томоохон балетчдын нэг болсон байна.

 

-Монголын балетчдын ур чадвар ямаршуу санагдаж байна вэ?

 

-Ерөнхийдөө Английнх шиг санагдаж байна. Монголын балетчид дунд сайн хүмүүс маш олон байна. Харин зарим хүмүүс балетчин байхаасаа эргэлздэг юм шиг сэтгэгдэл төрсөн. Монголын балетын техник Оросын балеттай их төстэй санагдаж байна. Харин театрын хувьд 75 жилийн настай учраас их  хуучирсан санагдсан. Театраа сайхан янзлаад, бэлтгэлийн олон заал, тайзтай болчихвол Монголын балетын урлаг илүү хөгжих байх.

 

-Та өмнө нь “Жизель”-д тоглож байсан уу?

 

-Би Английн үндэсний балетын театрт ажиллаад таван жил ажиллаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ хугацаанд нэг удаа л “Жизаль”-д тоглож байсан. Тэгэхдээ туршлагагүй бүжигчин байсан учраас туслах дүрд тоглож байсан. Тэгэхээр  энэ миний анхны “Жизель” гэхэд болно. Анх энэ дүрд тоглох болсноо сонсоод их айж байсан. Энэ дүрд хамаг чадлаараа тоглохыг хичээж байгаа.

 

 

-“Жизель”-ийг монголын балетчид маш олон жил тоглосон. Энэ бүжгийн жүжигт хэр судалгаа хийсэн бэ?

 

-“Жизель”-ийн хэд хэдэн хувилбар байдаг. Тухайлбал, Англи, Америкийн хувилбар бий. Тэнд байхдаа нэлээд судалсан. Гэхдээ ямар хувилбараар явахаа мэдэхгүй байсан. Уг нь Монголын хувилбарыг тоглоё гэхэд бичлэг нь олдоогүй. Харин надад О.Ганцоож маань Оросын хувилбарыг явуулсан. Уг хувилбараас манай Английн үндэсний балетын театр энд тэндээс нь авч тоглодог байсан. Тиймээс бэлтгэл нэлээд хангагдсан байгаа.

 

 

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

-“Жизель”-ийг өөрийн биедээ шингээхийн тулд өдөр бүр 11 цагаас оройны 18 цагийн хооронд бэлтгэл хийж байгаа. Мөн сэтгэлзүйгээ их бэлтгэж байна.

 

-Та Монголоос өөр ямар орнуудад тоглож байсан бэ?

 

- Хятад, Сингапур, Испани, Куба, АНУ-уудад очиж, тоглолтоо хийж байсан.

 

-Хэддэх жилдээ балетаар хичээллэж байгаа вэ?

 

-Би мэргэжлийн бүжигчнээр таван жил ажиллаж байна. Харин балетыг таван наснаасаа эхлэж бүжиглэсэн. Түүнээс өмнө гурван настайгаасаа тогшуур бүжиг хийдэг байсан.

 

 

-Өмнө нь тоглож байсан дүрүүдээс ямар дүр хамгийн их ур чадварыг тань шаардаж байсан бэ?

 

-Яг сарын өмнө “Хунт нуур” балетын хар хун, цагаан хунг зэрэг тоглож байсан. Надад хар хунд тоглоход илүү ажиллагаатай ч, характерын хувьд дөхөмтэй байсан. Цагаан хун бол их хялбар санагддаг.

 

 

-Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-“Ромео, Жулиата” бүжгийн жүжигт Жулиатагын дүрд  тоглохыг багаасаа хүсдэг байсан. Харин энэ хүсэл маань ирэх есдүгээр сард Английн үндэсний балетын театртаа энэ дүрдээ тоглохоор болсон. Үнэхээр их баяртай байгаа.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Миний найз орост төгссөн одоо америкт чинь багшилж байна.Дэжидээ чи монголын балетийн урлагыг мэдэхүү малаа
2015-06-16
Зочин:
balet opera bol europ urlag bolohoos mongol bish het ih hogjloo geed hen uzeh yum be
2015-06-12
жаргалсайхан:
Английн балет шиг харагдаж байна гэдэг бол их тааруухан байна л гэсэн үг. Харин Оросын балет шиг харагдаж байгаа бол өөр хэрэг. Англичууд юмыг шууд муу байна, онцгүй байна гэж хэлдэггүй сонин заншилтай. Заавал тойруу замаар ёгт үгээр санаагаа илэрхийлдэг нь үндэснийх нь онцлог. Тиймээс үүнийг зөвөөр ойлгож өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.
2015-06-12
Зочин:
Харин театрын хувьд 75 жилийн настай учраас их хуучирсан санагдсан. Театраа сайхан янзлаад, бэлтгэлийн олон заал, тайзтай болчихвол Монголын балетын урлаг илүү хөгжих байх.
2015-06-11
Зочин:
Б.ДЭЖИД ЭЭ.Балетийн гэж бичвэл зөв.Чи балетын гэсээр дан буруу бичиж дуусгав.Сэтгүүлч нэр амар нэр биш шүү.
2015-06-10