Зургаан дүүрэгт 150 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийнхөн эрхэлж тоглож, эрдэм сурах насан дээрээ элдэв хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа хүүхдүүдийн судалгааг бодитой гаргаж, судалгаагаар илэрсэн хүүхэд, тэдний асран хамгаалагчийг Хөдөлмөрийн хэлтсийн хяналтанд авч, тохирох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үйлчилгээнд хамруулах зорилготой цуврал арга хэмжээг зохион байгуулж буй юм. Цуврал арга хэмжээний нэг “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөг өнөөдөр боллоо.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж дээр дооргүй хангалттай их ярьдаг ч нийслэлд л гэхэд зах, худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа. Тиймээс тус төвийнхөн хоёр сарын хугацаанд нийслэлийн зургаан дүүрэг дэх томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүдэд тандан судалгаа хийжээ.
Уг судалгаагаар нийтдээ 150 хүүхэд эдгээр газарт хөдөлмөр эрхэлж буйг илрүүлсэн бөгөөд тэднээс энэ өдөр 30-ийг нь урьж “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгт оролцуулсан юм. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ирээдүйд нь тус болох хэрэгтэй олон мэдээллийг өгч хамтдаа нэг өдрийг өнгөрөөсөн. Мөн Лааны тосон музей, Үндэсний түүхийн музей, Богд хааны музей үзүүлж, Хүүхэд, залуучуудын үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлуулж, зарим нэг үйлдвэр аж ахуйн газартай танилцуулахын зэрэгцээ амттай хоолоор дайлж, хувцас, хичээлийн хэрэглэл гээд хэрэгтэй зүйлийг нь бэлэг болгон өгсөнд хүүхдүүд тун ч баяртай байлаа.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, зуучлалын газар голлон зохион байгуулсан
Л.Амгалан: Хүүхдийн хөдөлмөрийг устгахад төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй
“Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгийн үеэр ХЭҮСМҮТ-ийн тэргүүд дэд захирал Л.Амгалангаас хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй холбоотой хийсэн судалгааны ажлынх нь талаар тодруулсан юм.
-Танай төвөөс санаачилан хийсэн судалгаагаар хэчнээн хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нарийн тоо гарсан уу?
-Бид энэ ажлыг нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, захууд, хогийн цэгүүдийг сонгон хийсэн бөгөөд үүгээр хөдөлмөр эрхэлж байгаа 150 хүүхдийг олж тогтоосон.
-Өдөрлөгт 30 хүүхэд л ирсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Бид ийм өдөрлөгийг ганцхан удаа хийх гэж байгаа юм биш. Үргэлжлүүлээд бүгдийг нь хамруулна. 150 хүүхдээ бүгдийг нь нэг дор цуглуулчихвал арга хэмжээний маань үр өгөөж багасаад зүгээр л нэг шоу болж хувирна шүү дээ. Тиймээс зорилтот бүлгээр нь хуваагаад ээлж ээлжээр нь авчрах юм. Энд ирсэн хүүхдүүд зүгээр нь хоол идээд, бэлэг аваад явах юм биш шүү дээ. Эмчид үзүүлж байна. Ирээдүйд нь хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг сонч байгаа. Ер нь олон талын зүйл төлөвлөсөн болохоор үр дүнгээ өгөх талыг нь бодож цөөн цөөнөөр нь цуглуулж байгаа юм.
-Хүүхдүүд голдуу ямар ажил хийж байна?
-Зах, худалдааны төвүүдэд ажиллаж байгаа хүүхдүүд тэрэг түрэх, цайны газарт туслах, ширхгийн хоол борлуулах, мах зөөх, нохойн хоол зарах зэрэг ажил голдуу хийдэг юм байна. Мөн машин угаалгын газруудад өсвөр насны хүүхдүүд олон ажилладаг. Бага насны хүүхдүүд машины үнэртүүлэгч зарах гэж маш эрсдэлтэй ажил олноор хийж байна. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд хог хаягдал ангилж ялгадаг, бас гадуур явж ундааны сав, лааз цуглуулдаг хүүхдүүд ч байна. Манай мэргэжилтнүүд дүүрэг бүрээр нарийн судалгааг нь гаргасан байгаа.
-Амьдралын боломж муугаас хүүхдүүд ажил хийж байна уу?
-Ер нь энэ хүүхдүүдийг харахад амьдралын боломж тааруу, өрх толгойлсон ээжтэйгээ, олон дүү нартай, эсвэл нас дээр гарсан хөгшин ээжтэйгээ амьдардаг нь олонх юм. Эцэг эх нь салсан, гэр орноосоо дайжсан гээд янз бүрийн шалтгаантай. Хэдийгээр ажил хийж байгааг нь сайшааж болох ч эдний насан дээр хүүхдүүд хэтийдсэн их ачааг үүрэн амьдралын төлөө зүтгэх биш ирээдүйнхээ төлөө сурч боловсрох ёстой цаг хугацаа шүү дээ. Түүнээс гадна Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн ажлын орчин нөхцөл, цагийн хуваарь нь хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролд асар их хохирол учруулж байгаа нь харагдлаа.
-Хүүхдийн хөдөлмөрийг устгах тухай томчууд ярьдаг ч дорвитой үр дүнд хүрсэн нь бага. Цаашид ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Хааяа нэг цуглуулаад хооллож хувцаслаад явуулаад байж болох уу?
-Энэ бол Монгол төрийн бодлого байх ёстой юм. Түүнээс нэг яам, агентлаг, эсвэл хүүхдийн төлөө ажилладаг байгууллагынхан тус тусдаа ажиллаад бодитой үр дүн гарахгүй нь гэдэг нь тэртээ тэргүй ойлгомжтой юм. Манай төвийн хувьд хүүхдүүдийг хөдөлмөрийн насных биш гэж ялгаагүй. Бүгдийг нь хамруулаад болж өгвөл хүүхэд бүрт тохирох арга замыг нь олж энэ байдлаас гаргахсан гэж хичээж байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн хэлтсийнхэндээ өөрийн орон нутагт байрлах төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж хүүхдүүд болон тэдний эцэг, эх асран хамгаалагчдад зориулж ямар ажлуудыг хийх, тэдэнтэй яаж хамтарч ажиллах, тэдний сурч боловсрох, эрх зүйн орчин, гэр бүлийн болон бусад гадны хүчирхийллээс хамгаалах тал дээр хэрхэн анхаарч ажиллах талаар зааварчилгаа өгч байгаа. Мөн хүүхдүүдийг бичиг баримтжуулах ажлыг ч хийсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс 10-ыг нь Барилгын политехник коллежийн МСҮТ-д сургахаар боллоо.
Цаашид хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтарч ажиллан нэгдсэн нэг хөтөлбөрөөр явж байж л үр дүнд хүрмээр санагдаж байгаа.
Үнэртүүлэгч зардаг Г.Зөнбилэг цагдаа, С.Отгонбаяр археологич болохыг мөрөөддөг
“Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгт ирсэн 30 хүүхдээс хамгийн бага нь Г.Зөнбилэг байв. Тэр энэ жил есөн настай. Том болоод цагдаа болох мөрөөдөлтэй. Хамаатныхаа С.Отгонбаяртай хамт машины үнэртүүлэгч зарж эмээдээ нэмэр болдог гэнэ. Г.Зөнбилэг хүү болон түүний хамтрагч С.Отгонбаяр нартай ярилцлаа.
-Миний дүү сургуульд сурдаг уу?
-Г.Зөнбилэг:Сурдаг. Дөрөвдүгээр анги.
-Ямар сурдаг вэ?
-Нэгдүгээр ангидаа бараг л 100 авч байсан. Одоо ч харин жаахан муудсан.
-Чи тэгээд ямар ажил хийдэг юм бэ?
-Машины үнэртүүлэгч зардаг.
-Тэр хэцүү ажил биш үү. Машинд дайруулчихвий гэж айдаггүй юу?
-Эхлээд айдаг байсан. Одоо бол сурчихсан.
-Чи хэнтэйгээ амьдардаг юм бэ?
-Эмээтэйгээ. Ээж аав хоёр салчихсан болохоор хамт байдаггүй юм.
-Энэ төвийн ах эгч нарын өгсөн бэлэг нь таалагдсан уу?
-Таалагдсан. Даанч надад өгсөн хувцаснууд томдчихсон. Гэхдээ яг таарсныг олоод солиод өгнө гэсэн. Одоо аваад ирэх байх.
Г.Зөнбилэг хүүгээс “Зарах үнэртүүлэгчээ хаанаас авдаг юм бэ” гэхэд хажууханд байсан нэгэн хүүг зааж “Тэр авчирдаг юм” гэснээр бид С.Отгонбаяр хүүтэй танилцлаа.
-Та хоёр хамтдаа үнэртүүлэгч зардаг юм уу?
-Тийм ээ, бид хоёр хамаатны хүүхдүүд. Энэ эмээтэйгээ би ч бас эмээ, ээжтэйгээ амьдардаг адилхан.
-Өдөртөө хэр олныг зарж чадах уу?
-Одоо дулаараад гайгүй болж байгаа. Өдөртөө 20 мянгыг олчихоод байдаг юм. Түүгээрээ хоёр гэртээ хоол унд аваад болгоод л байгаа.
-Хэр удаан зарж байна?
-Гурван жил хийлээ.
-Ингэхэд чи хэдэн настай вэ?
-13 хүрч байна.
-Ээж нь ажил хийдэггүй юм уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авдаг болохоор хүрдэггүй юм аа.
-Сургуульд явдаг биз дээ?
-Явалгүй яах вэ. Долдугаар анги төгссөн. Хичээлээ тараад л наймаагаа хийнэ шүү дээ.
-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Археологич болно.
-Юу хийдэг гэдгийг нь мэдэх үү?
-Мэднэ. Чулуу энэ тэр судлаад, аварга том үлэг гүрвэл хайж олоод л...
Гэгээн мөрөөдөл тээсэн ийм жаалууд хар нялхаасаа амьдралын хатууд нухлагдан ажил хийж ар гэрээ тэжээхээр зүтгэж явааг өдөрлөгийн үеэр хангалттай олныг сонсч болохоор байлаа.
Эх сурвалж: http://www.mol.gov.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ