100 гишүүнтэй сонгодог парламент

Ирц хүрээгүй тул чуулган цагтаа эхэлсэнгүй. Ерөнхий сайдын Оюутолгойтой холбоотой асуудлаар зарим гишүүдийн асуулгад тайлбар мэдээлэл тавих байсан ч хойшлогдлоо.
Дасал болсон мэдээлэл юм даа. Зургаан сард чуулган ер нь амарчихмаар юм. Гишүүдийн цөөнгүй нь уяач тул хэдэн буян нь харагдаад уяа руугаа давхимаар болоод байдаг бололтой. Өнөөдөр хуралдах гэсэн ч талаас илүү нь алга байна гэнэ. Энэ бол зуны назгайд ч бус өвөл тулгардаг л бэрхшээл. Ирц хүрэхгүй байхаар ирсэнд хэдэд нь хэцүү байдаг бололтой юм. Асуудал хэлэлцэхгүй ордонд хий дэмий суугаад зуны сар гурав биш шүү дээ.
Манай парламент бол зүгээр нэг хууль батлаад байдаггүй гүйцэтгэх засаглалынхаа ажлыг бас давхар хийлцэж алхам бүрт нь тогтоол гаргаж хууль баталж өгчих гээд байдаг дэндүү гэмээр идэвхитэй. Энэ нь уламжлал болсон болохоор парламент нь шийдэр гаргахгүй бол Засгийн газар нь яахаа мэдэхээ болиод хүлээчихдэг муу зан сурчихсан. Үүнийгээ засах талаар дороосоо буюу гишүүд өөрсдөө бодсон сэдсэн ажил их байгаа бололтой.
Гүйцэтгэх засаглалдаа хонин сүрэг шигээ хараа тавьчихдаг парламентын онцгой идэвхийн талаар С.Баярцогт гишүүн " Монголын онцлогтой” парламентын засаглалтай болчихоод байна” гэж хэлжээ. Үүнийг нь олон улсын шинжээчид мөн баталгаажуулж Монгол улс бол хүчтэй Ерөнхийлөгчтэй, Парламентын засаглалтай улс гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа гэнэ.
Манай улстөрчид хүсвэл гацаахдаа ч сайн бас эрх ашиг нэгдвэл гацааг гаргахдаа ч сайн. Одоогийн энэ аж ахуй ч гэсээр бүх асуудалд оролцож хэн хэнийхээ эрх ашгийг тусгасан хууль батлаж байж аливаа төсөл ажлыг явуулдаг парламентыг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд нэмэлт оруулж шийдье гэсэн хувилбарыг ярьж эхэлжээ. Парламентыг хууль тогтоогч дээд байгууллага гэсэн сонгодог утгаар нь байлгая гэсэн энэ санаа нь чихрээр шагнамаар сайхан санал юм. Гэтэл ингэхийн тулд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье гээд хадуураад явчихлаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чуулганы ирц хүрэхгүй байгаа асуудлыг нэг мөр шийдчихэж магадгүй төсөл мөн яригдаж байна. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа УИХ-ыг 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Тэр үеэс хойш хүн амын тоо нэг саяар нэмэгдсэн. Энэ өсөлтийг харгалзан нэг тойрогт ногдох хүн амын тоог тэнцвэржүүлэх үүднээс хүн амын өсөлттэй уялдуулан Парламентын гишүүдийн тоог 33 хувиар нэмэгдүүлэх санал гарсан байна. Энэ хувилбар дэмжигдвэл бид 99-100 гишүүнтэй болох юм байна даа. Шинэ төрийн ордон барьж 100 гишүүний суудалтай чуулганы танхимтай болох ажил эхлэх нь дээ.
Энэ өөрчлөлт нь "ОК" болчихбол цаашлаад нэмэгдсэн гишүүдэд тойрог хэрэгтэй. Энэ боломжийг хангахын тулд нутаг дэвсгэр засаг захиргааныхаа бүтцийг өөрчлөх ёстой болох байх. Дархан Эрдэнэт тустай хуультай болж хотын статустай болгоно гээд ажил хөврөнө дөө. Гишүүдийн тойргийн дайн эрх биш багасах, ирц нь тавин хувьдаа хүрээд байх гээд тоочиж болох давуу байдлууд харагдаж байв ч хүсээд байгаа сонгодог парламент бий болох уу даа.
Үндсэн хуульд хийхээр ярьж байгаа өөрчлөлтийг нь харах юм бол Ерөнхийлөгчийг мөн шинэ сонгодог парламентаасаа сонгодог болох тухай яриа байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсний хариуд парламентад Ерөнхийлөгчийг өгөх бололтой. Сонгодог парламентын тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчөө ард түмэн шууд сонгох биш, парламентаас сонгодог болох тухай яригдсан гэж байна.
Байрны гадаа даалуу нүдэх настайчууд “энэ дээдэх хэд маань Үндсэн хуулийн өөрчлөлтөөр юм юм үзүүлэх нь дээ” гэж байгаа нь үнэн болох нь дээ.
Б.Хэгжүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ