Байгаль “баар” биш

Зуны зугаатай улирал эхэлж хотын бидний тог цахилгаан, усны хаалт хязгаарлалт тултал хийгдэж байгаа үед хотынхон хотоосоо гарсан нь зөвдөөд байна.
Унах унаа нь байвал ухасхийгээд л ногоон тал голын эрэгт хүрчихнэ. Шургах майхан, шулж шарах мах, хийлдэг, гудас шардаг тогоо, уух архи ус ундаа бүгд байх. Зам зуурт л нэг дороос бүгдийг авч базааж болж байна. Харин хогийн уутаа л авахаа мартчихдаг гэмтэй. Азийн цагаан дагина ногоон уутыг эс тооцвол аялаж зугаалж явахдаа хогоо хийх тусгай зориулалтын тор уут гээд тусдаа зүйл байхгүй юм. Усны сав мэтийг түүгээд өгчихдөг “ тэнүүлч” иргэд маань биднийг гүйцээд хөдөө гарчих боломжгүй. Тэгэхээр байгаль дэлхийгээ гэсэн иргэн таны ухамсарт л байгаль эхийг даатган найдах болж байгаа юм.
Голын тохойд очоод бид аль болох л хоггүй эрүүл хөрстэй, элдэв үнэр таагүй сэтгэгдэл төрүүлэхээгүй газар очихоор бие биенээс цахлан буудалладаг. Дараагийн ирсэн аяллын “баг” мөн л түүнээс цаахна нь арай эрүүл хүн сууж байгаагүй газрыг сонгоно. Эхний нөхдүүдийн буудаллаад явсан газар дараагийн хүн тухалж болохооргүй болчихсон байдаг болохоор ийн бие биенээс дөлөх мэт цахалцгаадаг. Сэлбэ, Туул, Тэрэлж голын орчим энэ мэтээр тухалж суучих цэвэрхэн газар хомс болсоор байгааг зунаас зунд очих бүрдээ бид харж мэдэрч л байгаа.
Хэдэн жилийн өмнө Тэрэлж голын эрэг дээр хэсэг нөхөд ууж наргин “балай” авч байхтай таарч ойр буудаллаа. Шөнө нэлээн орой амарсан тэд гэнэт хар үүрээр хөдлөөд явчихсан байлаа. Нэлээн хөлжүүрхсэн улс хогийг ч нэг тарьж өгөөд буцсан байхдаа гэтэл үгүй. Цэмцийсэн цэвэрхэн газар үлдсэн харагдлаа.” Овоо доо” гээд босоод хартал машины маань ард дөрвөн гялгар уут түнтийтэл чихсэн хогийг орхиод хөдөлжээ. Манийг шууд буцна гэж тааварлаад хогоо хот бараадуул гэсэн байх л даа. Тэр хогийг нь машиныхаа ард ачаад хөдөлсөн бид Налайхын цэргийн анги хүртэл хаячих хогийн төвлөрсөн цэг олоогүй юм даа. Хогоо хаячихаад явахаар байгаль “баар” болчих гээд, ачаад давхихаар хот ортол өөрсдөө хог болчих гээд байдаг ийм л нэг асуудалтай аялагч нардаа бид. Хэнд үг хаяад байгааг холбогдох албаныхан ойлгож байгаа байх.
Зуны дэлгэрт амралтын өдрүүдэд нийслэл хотын 60 хувь нь хотоосоо гарч гол ус барааддаг гэж үзвэл 600 мянган орчим хүн нийслэл орчмын ногоон бүсд тархан амарч байгаа хэрэг. Явах замын шулуун, бартаа тойруу багатайг бодоод Сэлбэ, Гачуурт ,Туул, Тэрэлж голын эрэг бараадах хүмүүс дийлэнх олон. Хүн хэлэхээс наашгүй гэдэг болохоор одоо л аялаж зугаалах ид үед нь иргэдийнхээ чихрүү хэдэн санамж өгч баймаар.
Амралт зугаалгын энэ оргил үед нийслэлийн олон радио телевиз, ФМ –үүд “Ус үерээс сэргийл” гэж сэрэмжлүүлэхийн хамт “ Эх байгалиа хайрлья. Байгал баар биш шүү” гэсэн хэдэн реклам шидчихмээр л байгаа юм даа. Нийгмийн чанартай ийм сурталчилгаанаас мөнгө харж чичрэхгүй байлгүй дээ.
Ер нь бол байгаль эхдээ даанч гамгүй ханддаг шүү манай хотынхоон.
Хүнийг мөнгөтэй мөнгөгүй, баян ядуу гэж ялгалгүй илч гэрлээ хайрлах ганц нар минь бидний гар хөл хүрэхээгүй хол байгаа нь яамай даа. Ойр байсан бол “алтан нар минь аварч өршөө” гэж халамцуудаа сэржим өргөсөөр нүүрийг нь цоохортуучихаад сууж байх магад хүмүүс шүү бид. Энэ зүйрлэл хатуудсан бол хүлцэл өчье.
Хог хаягдал нь ялаа шумуул, хорхой шавьж түүнчлэн оготно хулгана зэрэг мэрэгч амьтад өсөн үржих таатай нөхцөл болж. үүнээс шалтгаалан шууд бус замаар тарваган тахал болон бусад халдварт өвчин гарах нөхцөл бүрддэг гэдэг. Орчин цагийн соёлт хүн бидний хог хаягдлын 35-40 хувийг гялгар уут, хуванцар сав эзэлж байгаа . Эдгээр хуванцар сав, хөөсөнцөр, гялгар уутны хаягдал байгаль дээр 100-1000 жил задралгүй, хорт хий ялгаруулдаг гэдгийг ч бүгд мэдэхээр болсон.
Бидний үлдээсэн ганцхан тор хог байгаль дээрээ эргээд задарвал “хор” болохдоо багадахгүй. Орчин тойронд эвгүй үнэр тархах таагүй сэтгэгдэл төрөхөөс эхлээд байгалийн унаган төрх алдагдах, элдэв төрлийн нян бактер үржих гээд нүднээ ил харагдахгүй ч биднийг цаагуураа хэмлэх хогны “хор” их шүү.
Байгал баар биш. Уламжлалт Монгол сэтгэлтэй, иргэн санаачлагатай байж байгаль эхдээ балаг тарилгүй ая тааваараа сайхан амарч аялаарай, Нийслэлчүүд ээ.
П.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ