Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм биш үү

Ардчилагчид төрийн эрхийг атгасан дөрвөн жилдээ олон шидийг үзүүлэх бололтой. Тэр дундаа нэр сольж, элийрэх нь илүү их хүрээг хамрах нь. 2013 онд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Чингис болгосон. Сүхбаатарын хөшөөтэй Чингисийн талбай. Эсвэл Чингисийн хөшөөтэй ордны урд хэсгийг л Чингис хэмээн нэрлэсэн ч юм уу, ойлгомжгүй.
Үүний дараахан Хэнтий аймгийн Иргэдийн хурлынхан шийдвэр гаргаж, Өндөрхаан хотоо “Чингис” болгосон. Чингис хотод Тэмүжин нэртэй хороолол барьж, элийрэл цааш үргэлжилсэн.
Харин сүүлийн үед Сүхбаатарын одонг Өгөдэй хааны одон болгоно гэсэн яриа газар авав. Сүхбаатарыг ад үзэх компанит ажил явагдаж байгаа юм уу, хаашаа юм. Эсвэл Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм уу. Тэгвэл АН-ынх түүх 1990 оноос бус тэртээ XIII зуунаас эхлэх ёстой бус уу. Өдгөөгийн АН-ын үндэс суурийг Чингис хаан XIII зуунд тавьсан гэдэг ч юм уу. Ямар нь ч байсан Сүхбаатарыг ад үзэж, Чингисийг тахин шүтэх их аяныг АН-ынхан эхлүүлсэн бололтой. Тиймдээ ч шийдвэр гаргах эрхтэй байгаа дөрвөн жилдээ амжуулж, Сүхбаатар гэсэн нэртэй болгоныг өөрчилж, Чингистэй хамаатуулах нь. Нэг л өдөр Сүхбаатар аймгийн нэрийг өөрчилж, Зүчи, эсвэл Цагаадай гэж нэрлэнэ гэвэл гайхах зүйлгүй.
Нэрээ өөрчлөх одон “Сүхбаатар”-аар дуусахгүй бололтой. Алдарт эхийн одонг “Өэлүн эхийн одон” гэж нэрлэх гэнэ. “Чингис хотын Өэлүн эхийн одонт ээжүүд”..., “Өэлүн эхийн одон гардуулах ёслол Чингисийн талбайд”...гэх мэтээр л цааш үргэлжлэх юм уу даа.
Төв талбайгаа Чингис хэмээн нэрлэсэн. Одоо эхчүүдэд олгодог одонгоо Өэлүн хэмээн нэрлэвэл эцэг Есүхэйн сүнс гомдоно. Тиймээс Улаанбаатар гэсэн нэрийг хаяж, нийслэлээ Есүхэйбаатар хэмээн нэрлэвэл зохилтой. Цаашлаад есөн дүүргээ Чингисийн есөн өрлөгийн нэрээр нэршинэ гэж элийрвэл ундууцах хүн мундахгүй. Учир нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүст хийх ажил мундахгүй их бий. Яаралтайгаар оновчтой гаргах шийдвэр ч хүлээгдэж буй.
Чингис гэдэг нэр мартагдахгүй. Монголчууд бүү хэл дэлхий энэ нэрийг андахгүй. Ямар нэг зүйлд аваачиж, нааж мөнхлөх гэдэг утгагүй туйлшрал нь бахархал бус гутамшиг болгохыг ч үгүйсгэхгүй. АН-ынхан эрх мэдэлтэй байхдаа Сүхбаатар болгоныг Чингис болгож болно, мэдэл нь тэдэнд бий. Тэгвэл төр эргэж, МАН “хаан” суудалд суувал Чингисүүдийн хувь заяа яаж ч магадгүй. МАН-ынхан бүхнийг Сүхбаатар болгоно гээд дайрвал яах уу, үгүйсгэмгүй л төсөөлөл.
Сүхбаатарын талбай, Чингис болсноос хойш цэцэг өргөх ёслол ч ялгавартай болсон. АН-ынхнаас бүрдсэн төрийн өндөрлөгүүд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Харин МАН-ынхан ямар нэг тэмдэглэлт ой, баяраар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, толгой бөхийлгөдөг. Тэгэхээр яах аргагүй, Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм биш үү.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ