Надад зөвхөн миний охин л байсан

Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэй болов. Өглөөний өчигдөр /VI.17/ 10:40 цагийн үед эхэлсэн шүүх хурал оройн 17:40 цаг хүртэл үргэлжилж, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.
Улсын яллагчийн зүгээс шинжээч эмч н.Энхбаярыг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасныг, хохирогч Б.Өнөржаргалын өмгөөлөгчид дэмжиж, шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Хувцагаан “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой. Шинжээч эмчийг оролцуулах шаардлагагүй” гэсэн санал дэвшүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Шүүх хурлыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Төгсгэрэл нарын бүрэлдэхүүнтэй явуулав. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр н.Бумцэнд оролцсон. Мөн “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын төлөөлөл ирсэн.
Шүүх хуралдаан эхлээд удаагүй байхад шүүгдэгч Г.Маралмаагийн бие муудаж, эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон тул шүүх хурал 20 минут орчим завсарлав.
Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн шүүгдэгч Г.Маралмаад дусал залгаж, хажууд нь сувилагч байлцуулан шүүх хурлыг явуулсан.
Шүүх хуралдааны үеэр шүүгч, улсын яллагч, өмгөөлөгчдийн асуултад шүүгдэгчид, хохирогч хэрхэн хариулсныг хүргэж байна.
Би охиныг үхэлд хүргээгүй
Шүүгдэгч Г.Маралмаа 1990 онд төрсөн. Гоо сайханч мэргэжилтэй. Хэрэг хариуцах чадвартай. Өмнө нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, нэг жилээр тэнсэж байжээ. Тэрбээр 5 настай охиноо өмнөх нөхөртөө үлдээсэн. 2014 оны 6 дугаар сард Цогттой танилцаж, хамтран амьдарсан.
-Охин юунаас болж гэмтэл авсан гэж бодож байна?
-Шатнаас унаад гэмтэл авсан байх.
-Охин дээр бөөгийн зан үйл хийж байсан уу?
-Би тэр зан үйлийг хийгээгүй.
-Талийгаач охиныг яагаад зоддог байсан юм бэ?
-Би юмаар шарх сорви болтол зоддоггүй байсан. Гараараа бөгсөн дээр нь алгаддаг байсан.
-Байнга зоддог байснаа хүлээн зөвшөөрч байна уу?
-Гар хүрдэг байсан.
-2015 оны 2 дугаар сарын 14-15-нд гар хүрсэн үү?
-Үгүй.
-Талийгаачийн гэмтэл юунаас үүссэн юм бол?
-Цогт түүнийг суран бүсээр цохиход үүссэн байх.
-Та өөрийгөө буруугүй гэж бодож байна уу?
-Тодорхой хэмжээний буруу байгаа. Асарч, хамгаалж, сайн харж чадаагүй.
-Хоёр гуяны дотор талд хөхөрсөн нь юунаас болсон бэ?
-16-нд эмнэлэгт үзүүлэхэд тийм гэмтэл байгаагүй. Маргааш өглөө хоёр гуя, эрүүн дээр нь хөхөрсөн байсан.
-Яагаад охиныг сахиж хэвтэхгүй гэсэн юм бэ. Тэр хүүхэд чиний хүүхдээс юугаараа ялгаатай юм бэ?
-Би сахиж хэвтэхгүй гэж хэлээгүй. Миний хүүхдээс ялгаа байхгүй.
-Талийгаачийн ар гэрт тусламж үзүүлсэн үү?
-Гэрийнхэнтэйгээ уулзаагүй. Юу болж байгааг мэдэхгүй байна.
-Одоо танд юу бодогдож байна?
-Тэр охиныг эмнэлэгт аваад хэвтдэг байж гэж бодож байна.
-Охиныг нас барсанд харамсахгүй байна уу?
-Харамсаж байна.
-Охиныг асарч чадахгүй бол ээж рүү нь явуулчихгүй яасан юм бэ. Эсвэл өөрийн гэртээ буцаад очиж болоогүй юм уу?
-Ээж нь охиноо авахгүй гээд байсан. Би салъя гэж Цогтод хэлж байсан. Гэтэл “Чамайг явчихвал амьдарч чадахгүй. Амиа хорлоно” гэдэг байсан.
-Талийгаач охиныг бөөгийн аль хэрэглэлээр /эд мөрийн баримт үзүүлэв/ зоддог байсан бэ?
-Эдгээрээр зодож байгаагүй. Өөр юмаар ч зодоогүй.
-Охиныг “Ээжийнх нь хормойн бузар болчихож”, “Жалга довны бузар шингэсэн байна” гэсэн гэж гэрчүүд мэдүүлсэн байсан. Сая Цогт ч хэлж байна. Дөрвөн настай хүүхдэд ямар бузар байх уу?
-Би тэгээгүй.
-Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөх үү?
-Зөвшөөрч чадахгүй. Би охиныг шууд үхэлд хүргээгүй.
Охиндоо гар хүрсэндээ үнэхээр харамсаж байна
Шүүгдэгч Т.Цогт 1985 онд төрсөн. ШШҮХ-ийн кримналисткийн шинжээч. Хэрэг хариуцах чадвартай. Охиноо хуучин эхнэр Б.Өнөржаргалдаа үлдээгээд салсан. Г.Маралмаатай 2014 оны 6 дугаар сард танилцаж, хамтран амьдарсан.
-Г.Маралмаа охиныг чинь зодож байхыг харсан уу?
-Би зодож байхыг хараагүй. Тэр хоёр хэзээ ч нэг хөнжилд унтдаггүй. Намайг жижүүртэй байхад дандаа томж, жижиг асуудал гардаг байсан.
-2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гарахад охин чинь ямар байсан бэ?
-Охин хэвийн байсан. Намайг ломбард ороод ирхэхэд өмдөндөө бааж, шээчихсэн үүдэндээ зогсож байсан. Маралмаа надаар цэвэрлүүлэхгүй байна гээд бас энд бөөлжсөн би арччихсан гэж зуухны тийш заасан. Би дахиж тэгж болохгүй гээд бүсээрээ хоёр удаа бөгс дээр нь зөөлөн цохьсон. Би угаасаа охиндоо чанга гар хүрч чаддаггүй /хоолой нь зангирав/. Маралмаа ахиад ингэвэл баас, шээстэй чинь гаргаад хаячихна шүү гээд бид хоёр жаахан муудалцсан.
-Та бөө юу?
-Тийм. Маралмаа сахиусаа буулгаад үүнийг авахгүй бол охин чинь үхнэ гэсэн.
-Охин дээрээ бөөгийн зан үйл хийсэн үү?
-Үгүй.
-Г.Маралмаа охин дээр зан үйл хийж байсан уу?
-Хийж байсан.
-Та хүүхэдтэйгээ хамт унтдаг уу. 2015 оны 2 сарын 14-нд Талийгаач охины биед гэмтэл шарх байсан уу?
-Байсан.
-Яагаад гэж асуусан уу?
-Шатнаас унасан гэсэн.
-Та талийгаач охиноо зодсон уу?
-Гар хүрсэн. Гэхдээ гэмтэл учраагүй.
-Охин Маралмаагаас өөр хүнтэй байдаг байсан уу?
-Үгүй. Н /насанд хүрээгүй гэрч/-ийг 2-3 удаа дуудаж гэртээ байлгасан.
-Охин чинь 2015 оны 2 дугаар сарын 16-нд ямар байсан бэ?
-Өглөө гэрээсээ гарахад охин сэргэлэн үлдсэн. Гэтэл Маралмаа фэйсбүүкээр охин татаад байна гэсэн. Би хэргийн газар дуудлагатай явж байсан болохоор түргэн дуудаад үзүүл гэсэн. Манай урд айлын эгч бас залгасан. Би дуудлага дуусангуут ажлын газрын хүний машинаар гэртээ очсон. Баянзүрх дүүргийн эмнэлэгт очоо тэндээс Маралмаа, сувилагчтай хамт түргэний тэргээр охиныг аваад явсан. Би араас нь очсон. Тархины рентген зураг авахууллаа, гайгүй байна гэлээ гэж Маралмаа хэлсэн. Охин маань гэртээ харимаар байна гээд байсан. Би ажлаасаа 3 цагийн чөлөө авсан байсан болохоор Маралмааг чи сахиад хоночих гэхэд яаж ийм муухай газар хонох вэ гээд байсан. Тэгээд эмчийг ажиглаж хонож болно гэхээр бичиг хийж өгөөд гэр рүүгээ аваад явсан. Очоод охиноо унтуулчихаад ажилдаа явсан. Маргааш өглөө нь охин чинь татчихлаа гэсэн. Ээлжээ хүлээлцчихээд яараад харихад охин минь матрас дээр хагас ухаангүй хэвтэж байсан. Түргэн дуудаад эмнэлэг рүү авч явсан.
-Жаахан охин өвдөөд байна гэхэд яагаад эмчлүүлэхээс эрс татгалзсан юм бэ?
-Эрс татгалзаагүй. Эмчид итгэсэн.
-Охин урьд нь өмдөндөө бааж, шээдэг байсан уу?
-Үгүй. Бүх юмыг өөрөө хийдэг багаасаа биеэ даачихсан хүүхэд байсан.
-Б.Өнөржаргал хүүхдээ өгөхдөө юу гэж хэлсэн бэ?
-Ганцаараа хүүхэд хараад хэцүү байна. Ажил хийх гээд гэсэн. Тэр Маралмаатай уулзсан байсан. Тэгэхдээ хүүхдээ авахгүй, нэг ч ярихгүй гэсэн гэж Маралмаа надад ярьсан. Эх нь хүүхдээ авахгүй гэдэг байсан.
-Хүүхдийн тэтгэвэр төлж байсан уу?
-Үгүй
-2015 оны 2 дугаар сарын 14-нд гэртээ байсан уу?
-Түр гараад ирсэн.
-2015 оны 2 дугаар сарын 15-нд охины биед ил харагдах шарх байсан уу?
-Шатнаас унасан гээд дух, уруулын арьс нь зулгарч, эрүү нь хөхөрсөн байсан. Өвдөөд байна гээд гуяа заагаад байсан.
-2 дугаар сарын 15-ны өдөр охиныхоо биеийг шархтай байхад бүсээр 2 ороолгож, тэр ямар буруутай байсан юм бэ?
-Буруугүй. Би эцэг хүний үүднээс цочроо өгөх гэж л тэгсэн. Гэхдээ би гэмтээгээгүй. Охиндоо гар хүрсэндээ үнэхээр харамсаж байна. Охиноо алдсандаа харамсаж байна. Намайг цохиход охин минь уйлаагүй. Уучлаарай ааваа гэсэн. Би Маралмаагийн шатнаа унасан гэсэн үгэнд итгэж байсан.
-Охины оршуулгын зардалд ямар тусламж үзүүлсэн бэ?
-500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Ар гэрийнхэнтэйгээ уулзаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна.
-Маралмаа охиныг зоддог байсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн.
-Өмнө нь зодсон гэж бодож байсан уу?
-Шатнаас унахдаа гэмтэл авчихсан гэж ойлгож байсан. Маралмаад итгэсэн.
-Охин шатнаас хэдэн удаа унасан юм бэ?
-Маралмаагийн хэлснээр хоёр удаа. Ээжийгээ санаад гээд гарч гүйж байгаад уначихлаа гэсэн. Бас салхинд гаргасан чинь өөрөө уначихлаа гэж байсан.
-Талийгаач охины биед хүнд гэмтэл учруулах зүйлийг хэн хийсэн бэ?
-Маралмааг хийсэн гэж бодож байна.
-Улсын яллагчийн төлөвлөсөн ялыг хүлээн зөвшөөрөх үү?
-Би эцэг хүний хувьд мэдрэмжтэй байж чадсангүй. Эцгийн үүргээ биелүүлж чадаагүй. Зөвшөөрч байна.
Охиноо бодоод үрчлүүлэхээр зөвшөөрсөн
Хохирогч охин О-ийн ээж Б.Өнөржаргал 1991 онд төрсөн. Эрхэлсэн тодорхой ажилгүй.
-Хүүхдийг өвдснийг хэзээ мэдсэн бэ?
-2015 оны 2 дугаар сарын 17-нд мэдсэн. Цогт залгаж хэлсэн. Эмнэлэгт яваад очиход охин ухаангүй байсан. Цогт, Маралмаа хоёр Баянзүрхийн эмнэлэгт байсан. ГССҮТ-д яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн. Цогтоос яасан юм бэ гэж асуухад шатнаас унасан гэж хариулсан. Хөл, гар нь хөх няц болчихсон нүд хальтрам байсан. Очоод хагалгаа хийлгэсэн. Охин минь 4 хоног ухаангүй байж байгаад нас барсан. Надад зөвхөн миний охин л байсан /уйлав/.
-Оршуулгын зардал 4.646.839 төгрөгийг Г.Маралмаагаас нэхэмжилж байна.
-Охин чинь гэртээ 2 удаа бие нь хөхөрчихсөн ирсэн. Үүнийг асуусан уу?
-Маралмаа хүний хүүхдийг харна гэж авчихаад юу гэж тэгэх юм бэ гэсэн. Охин минь Маралмаа эгч өвөө болоод намайг нэг юмаар ороолгодог. Би өмнө нь алгаа хавсарч суугаад "баярлалаа өвөө, баярлалаа өвөө" гэдэг гэж ярьж байсан.
-Охиноо авах боломж байгаагүй юм уу?
-Хүүхдээ хараад удаа суухаар хоол, унд түлээ түлш гээд хэцүүдэх гээд байсан. Үнэхээр ямар ч арга байгаагүй учир хүүхдээ Цогтод өгсөн.
-Охин өмнө нь өмдөндөө бааж, шээдэг байсан уу?
-Багаасаа биеэ даасан хүүхэд байсан. Нэг удаа аавыгаа санаад байна гээд орондоо шээж байсан. Аав ирнэ гээд хаалгаар хараад л суудаг байсан /уйлав/.
-Гэрч Болормаад охиноо өргүүлэх асуудал яригдаж байсан уу?
-Яригдаж байсан. Цогттой маргалдаад охиноо үлдээгээд явсан. Гэтэл надад хэлэлгүйгээр Архангай явуулчихсан байсан. Би охиноо авахаар ах нартайгаа очиход “Та хоёр салж байгаа юм бол охиноо манайд өргүүлчих” гэсэн. Гурван хүүтэй айл байсан. Би ганцаараа охиноо авч явж чадахгүй болохоор охиныхоо ирээдүйг бодоод, үрчлүүлэхээр зөвшөөрсөн бичиг хийгээд үлдээгээд явж байсан. Сүүлд охиныг хотод ирснээс хойш тэр айлын хүмүүс ирээд охиныг авах гэтэл Цогт өгөөгүй юм билээ.
-Цогтынхоос ирсний дараа охиноо усанд оруулахад нуруун дээр нь хөхөрсөн байсныг харсан гэсэн. Яагаад цагдаад хэлээгүй юм бэ?
-Нуруун дээр нь хөхөрсөн байсан. Цогт руу утасдаад үзүүлж, харуулсан уу гэж асуухад үзүүлсэн зүгээр гэсэн. Цогтын үгэнд итгэсэн. Би төрсөн эцгийг нь тийм болгоно гэж бодоогүй.
-Охиноосоо яагаад нуруу нь хөхөрснийг асуусан уу?
-Охиноосоо асуухад Маралмаа аниа өвөө болоод намайг нэг юмаар ороолгодог. Би гялайлаа өвөө гэдэг гэсэн.
-Цогтын ар гэрээс 500 мянга, ажлаас нь 577 мянган төгрөгийн тусламж үзүүлснийг авсан уу?
-Авсан.
-Одоо ажил хийж байгаа юу?
-Үгүй. Эмнэлэгт биеэ үзүүлж, гэрээ нүүлгэчихээд нэг мөсөн ажилд орно.
Шүүх хуралдааны үеэр улсын яллагч “Гэрч О: Маралмаа охины нүүр рүү пудр шингээгч цацаад нүдээ аньж болохгүй гээд талийгаач охиныг загнаад байсан. Би охиныг өрөвдөөд гэртээ авч орж ирээд, манайд хоол унд идээд, манай хүүхэд түүнд үлгэр уншиж өгсөн. Гэтэл охин манай хүүхдийн тоглоом үлгэрийн баатрын дүрстэй ногоон өнгийн амьтныг барьж байгаад хоёр нүдийг нь аваад хаячихсан. Хүүхэд бид хоёр яаж байгаа юм гэхэд “Маралмаа аниа нүдгүй болчихвол намайг зодохгүй” гэж байсан” хэмээн мэдүүлснийг хавтаст хэргээс танилцуулсан.
Шүүх хурлын үеэр эд мөрийн баримттай танилцахад хураан авсан эд зүйлийн дотор бөөгийн модон могой хоёр ширхэг, модон ташуур нэг байсан.
Талийгаач охин О-г тархи, уушигны гэмтэл, олон тооны зөөлөн эдийн гэмтэл авснаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлтээо тогтоосон. Мөн энэ гэмтэл нь шатнаас унаад үүсэх боломжгүй гэдгийг ч тогтоож өгсөн гэж хохирогчийн өмгөөлөгч онцолж байсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Цогтод Монгол Улсын Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 118 дугаар зүйлийн 118.1, 107 дугаар зүйлийн 107.3 зүйл ангиар 5 жил хорих ял, Г.Маралмаад 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 зүйл ангиар 23 жилийн ял төлөвлөснөө шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ