Хэцүү нэрт хаачив

Хар үгээр бол төрийн өндөр албан тушаалтанд хариуцлагын “шанаа өгчихөж” болох хуулийн төсөл өргөн баригдаад сураг тасарчээ. Намрын чуулганы үед энэ оны эхээр /2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр/ Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр Их хурлын даргын гарт өөрийн биеэр атгуулсан юм билээ. Манай парламент маш завгүй ажиллаж хаалтын нэг өдөрт баахан хууль бөөндөж байсан тул “хэцүү нэрт” хуулийн төсөл шууд хойшоо тавигдсан байж таарна.
Их хурал хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа тогтоод бие даасан болон нэмэлт өөрчлөлт оруулж засварлах 33 хуулийн төсөл хэлэлцэхээр баталлаа. Хэцүү нэрт байдаггүй. “Бусад” гэсэн 34 дэх бүлэгт мөн багтсангүй.
Хаврын чуулганд эдийн засаг талаа харж өр ширээ дарж, бэл бэнчингээ нэмэх хууль тогтоолын төсөл, нэмэлт өөрчлөлтүүд нэлээн дээгүүр эрэмблэгдсэн байж таарна. Энэ зөвтгөлөөр Казиногийн хууль баараггүй гараад л явчихлаа. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг “экс” бүлгийн дарга оруулж ирээд бараг магтуулаад л дэмжигдлээ. Ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл мөн торох юмгүй гараад ирлээ. Хууль хэлэлцэж байгаа хойно санал зөрөхдөө зөрж байсан ч “дугаар” авч чадсан хуулиудаа байнгын хороод чуулганы босго давуулсаар байгаа. Дунд нь Таван толгойн төсөл таг гацлаа. Харин зөрөөд Гацууртын ордыг эргэлтэнд оруулах тогтоол хаалга барихаас амжиж дахин босго давлаа. Өнөөх “Хэцүү нэрт” байдаггүй.
Хамгийн сүүлд жирийн иргэдийн амьдралд арай ойрхон тусах “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төсөл МАН-ын завсарлага авалтаар хувь заяа нь бүрхэг болсон бололтой. Эмэгтэй гишүүд энэ боломжийг ашиглан эсэргүүцлээ илэрхийлж хурлаа орхин гарлаа. Эв нэгдлээ илэрхийлж нэг эгнээд “патиараа” татуулсан тэдний дунд Р.Бурмаа, Д.Оюунхорол нарын “сайд” эмэгтэйчүүд харагдсангүй. Маргааш нь эв нэгдлээ илэрхийлж мэдэгдэл хийж, нөхөж зургаа авахуулах юм болов уу гэсэн чимээгүй. Д.Оюунхорол гишүүний хувьд бол намаа дагах уу, “жендер”-ээ дэмжих үү. Хэцүү л байгаа байх. Р.Бурмаа нь харин яагаад таг байгаа юм бол доо.
Гол гомдолдоо орьё доо. Хэцүү нэрт хууль яагаад хэлэлцэгдэхгүй байна аа. П.Цагаан даргын захидалд онцлон гуйснаар бол хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш олон сар өнгөрсөн хэдий ч “хэцүү нэрт” хуулийн төсөл өнөөдрийг хүртэл хэлцэгдэхгүй байна. Энэ хуулийн төслийн агуулга зорилт, зүйл заалт нь бүхлээрээ улс төрийн намаас улбаатай төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын “таалалд” харш гэж хэлж болно.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай” П.Цагаан даргын нэхээд байгаа хуулийн төсөл бол үнэндээ л хэрэгтэй. Даруй хэлэлцээд баталчихвал төрд бага ч гэлээ сахилга бат тогтоочихож болохоор. Цаг үеэ олсон хийгээд олон нийтийн хүлээлт болсон гэдгээрээ Шилэн дансны хуулийн өмнө жагсаж чадна. Урт нэртэй хууль гэдэг шиг “хэцүү нэрт” гэх учир энд бий. Энэ хууль үйлчлэх хүрээний хувьд том. Ерөнхийлөгчөөс өөрөөс нь эхлээд Их хурлын гишүүд, ИТХ, Засаг дарга нарт шууд тусаж үйлчлэх юм. Хэлэлцэгдэхгүй хойшлоод байгаа шалтгаан ч энд л байгаа гэж хардах үндэслэл бий.
Хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн эрх мэдэлтэнгүүдэд энэ хуулиар тодорхой хариуцлага тооцно. Албан тушаалаас огцруулж эсхүл эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хязгаарлана. Албан тушаалтан Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж ёс суртахууны хариуцлага хүлээж болно. Тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан бол Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавина. Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, хууль болон Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол Их хурлын гишүүнийг эгүүлэн татах... гээд шат шатандаа хүлээх хариуцлагаар нь яривал энэ хуульд чанга юм их байгаа. Шилэн дансны хууль шиг няцахгүй зүтгүүлсээр байгаад батлуулчихмаар. Гэхдээ ийм хуулийг хэн батлах билээ гэхээр итгэл сулраад явчихаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн тамгын газраас ч бас хариуцлага нэхмээр. Чуулган хаах цаг тулчихсан “чухал” хуулиуд нь мултарчих гээд завгүй байхад нь гэнэт энэ хуулиа нэхэх юм даа. Энэ нь өөрөө бас хариуцлага яримаар хэрэг болсон байна. Намрын чуулганы хаалтаараа хаврын хэлэлцэх асуудлаа ярьж байхад нь захидлаа шидэж хариуцлагын тухай хуулиас бултаад байгааг нь олонд хэлж буланд шахах байсан юм биш үү. Одоо хаалтан дээр нь тулгаж хуулиа нэхэж байгаа нь оройтсон бороо болсон байх. Харин ч эсрэгээрээ “хариуцлага”-д хэн нь “дуртайгаа” харуулах шоу тавьж, бие биенээсээ өрсөн мэдэгдэл гаргах сайхан боломжийг намын бүлгүүдэд тавиад өгчихлөө.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ