
УИХ-ын АБГББХ-ны шинэ оны анхны хуралдаанаар 2 асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус (ЦЗС)-ын тухай ГХЯ-ны мэдээлэл, хоёр дахь нь, Монгол Улсаас Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудал байв.
Монгол Улсын ЦЗС-ын тухайд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Байнгын хороонд мэдээлэл хийхдээ Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай улс анх 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р чуулганы үеэр өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаас хойш ЦЗС-аа олон улсын хэмжээнд баталгаажуулахын тулд хийж гүйцэтгэсэн ажлаа тоймлон танилцуулсан юм.
Түүнд мэдээлснээр манай улс 1998 онд “Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай 53/77/D тоот тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53-р чуулганаар батлуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг авснаас гадна 2000 оны 2-р сарын 3-нд УИХ ЦЗС-аа тодорхойлж, “Цөмийн зэвсгээс ангид байх” тухай хууль болон түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 тоот тогтоол баталсан байна.
ЦЗС-аа баталгаажуулахын тулд юуны өмнө цөмийн зэвсэг бүхий гүрнүүдийн дэмжлэг авах нь онцгой ач холбогдолтой тул 2000 оны 10-р сарын 27-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн цөмийн зэвсэг бүхий байнгын 5 гишүүнээр мэдэгдэл гаргуулсан бөгөөд байнгын гишүүд цөмийн зэвсэггүй бүсүүдэд олгож байсан баталгаагаа нэг улсын хувьд нотолсонд уг мэдэгдлийн гол ач холбогдол орших аж. Энэхүү мэдэгдэл болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн удаа дараагийн тогтоолууд нь заавал биелүүлэх эрхзүйн баримт бичиг болдоггүй тул ЦЗС-ыг цаашид олон улсын эрхзүйн үндэстэй болгон баталгаажуулах арга зам эрэлхийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаагаа Г.Занданшатар сайд дэлгэрэнгүй мэдээлсэн юм.
Монгол Улс нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа тул ой тэмдэглэх ажлын хүрээнд ЦЗС-ын асуудлыг сурталчлан таниулах, олон улсын хэмжээнд урагшлуулах, улмаар эрхзүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сайдын мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Я.Батсуурь “Цөмийн зэвсгийн асуудал хурцаар тавигдаж байсан хүйтэн дайны үе өнгөрч, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн өнөө үед улс орнууд цэрэг арми, пуужин зэвсгээс илүү эдийн засгийн хөгжлөөрөө гайхуулах болсон, түүний дотор эдийн засгийн өндөр чадавхитай улс орнуудаас эрчим хүчний эх үүсвэр сайтай орнууд нь давамгайлах хандлага олон улсын харилцаанд ажиглагдаж байгаа”-г тэмдэглээд Монгол Улс цөмийн эрчим хүчний эх үүсвэр болох уранаар баялаг орны хувьд цаашдаа түлшний үйлдвэр, атомын цахилгаан станц барих юм уу өөр ямар нэгэн хэлбэрээр эрчим хүч нийлүүлэгч томоохон орон болж дэлхийд нэр нөлөөгөө дээшлүүлэх боломжтой тул ийм нөхцөлд ЦЗС-тайгаа ямар нэгэн байдлаар зөрчилдөх нөхцөл байдал үүсэх эсэхийг асуусан юм. Харин энэ асуултанд сайд хариулахдаа “Монгол Улс улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд 2 гол зарчим баримтлан ажиллаж байгаагийн нэг нь улс төр, дипломатын арга, нөгөөдөх нь гадаад харилцааг эдийн засагжуулах явдал, өөрөөр хэлбэл, улс төр - эдийн засгийн гадаад харилцаагаа тэнцвэржүүлэх нь чухал. Өнөө үед олон улсын аюулгүй байдлын чиглэлээр эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд улс орнууд энэ чиглэлээр хоёр талын болон олон талт янз бүрийн санаачилга гарган идэвхтэй хамтран ажиллаж байгаа” гээд ЦЗС улс орны маань боломжийг хязгаарлах эсэх дээр одоогоор ямар нэгэн асуудал байхгүй, тэгээд ч Монгол Улс УИХ-аараа баталсан Цөмийн эрчим хүч ашиглах тухай хуулийнхаа хүрээнд л ажиллаж байгаа. Цөмийн зэвсэг бүхий 5 гүрнээс аюулгүйн баталгаа гаргуулж авах “P5 + Монгол Улс” гэрээ байгуулах нь төдий л амаргүй зорилт бөгөөд энэ үйл явц удаан үргэлжлэх нь тодорхой тул үндэсний аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой энэ асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар тогтмол хэлэлцүүлж, P5-ын хүрээнд төдийгүй олон улсын хэмжээнд байнга ярьж байх хэм хэмжээ болгон, бага багаар урагшлуулж байх нь өөрөө үндэсний аюулгүй байдал бөгөөд манай улсын статуст чухал юм. Атомын цахилгаан станц барих, цөмийн технологи ашиглах бололцоо муу байгаа манай өнөөгийн нөхцөлд энэ асуудал дээр ямар нэгэн зөрчил гарахгүй” гэж хариулсан юм.
Энэ үеэр ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ононгийн мэдээлснээр бол Монгол Улсаас өөр дангаараа ЦЗС-аа зарласан улс байхгүй, харин ийм бүсүүд, тухайлбал, Латин Америк, Кариб, Зүүн өмнөд Ази, Африк, Төв Азийн бүсүүд л байдаг аж.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсаас Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцээд уг асуудлыг дэмжсэн саналаа Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Гадаад харилцаааны сайдын мэдээлснээр манай улс дипломат харилцаа тогтоогоогүй 45 улстай уг харилцааг тогтоохоор ажиллаж байгаагийн нэг нь 1971 онд НҮБ-д элссэн, 26 улстай дипломат харилцаа бүхий Бутаны Вант Улс аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ