Улаанбаатарт юу үйлдвэрлэдэг вэ

Улаанбаатарт юу үйлдвэрлэдэг вэ. Бид тэнд юу бий болгоод байна вэ? Энэ асуултад “Made in Улаанбаатар” кино хариуллаа. Бурхан болсон аавынхаа газар, гал голомт, хашаа байшинг авахаар Бодь, Болдоо найзынхаа хамт Улаанбаатарт ирнэ.
Арьсан дээл, лоовууз малгайтай хотод буусан хоёрыг Нарантуул зах дээр угтсан ах нь “Та нар чинь юу өмсчихсөн юм бэ” гэж дуу алдаж, тэднийг европ хувцсаар гангалснаар нөгөө айхтар хот хөдөөгийн ялгаа эхэлнэ. Энэ ялгаа Бодийн газарт шунасан томоохон бизнесмэн, түүний дүү хулчгар залуу хоёр тэднийг “мал” гэж дуудснаар үргэлжилнэ.
Гол дүрийн баатруудын газраа авч үлдэхээр урт гартай, танил олонтой, авлигач бизнесмэн, түүний хамгаалагчидтай тэмцэж буй нь инээд хүргэм. Кино театрын үзвэрийн танхимд дүүрэн үзэгчдийг үнэхээр инээлгэж, хөгжөөж чадсан. Гэхдээ тэр инээдийн цаана эмгэнэл нуугдаж байв. Бодь, Болдоо хоёр морь унаад хамгаалагчдаас зугтах, хулчгар залуу ээзгийг “зээзгий” гэдэг гэж мэдэмхийрэх, “Би ч гэсэн хөдөөний хүн. Хөдөөд хайртай” гэж үглэх нь инээдтэй.
Өлссөн Бодь, Болдоо хоёр хоол авч идэхээр цайны газар хайсан боловч “Hotel”, “Bakery”, “Bar Club”, “Restaurant” гэж гэрэлтсэн үгс. Тэд хоорондоо Улаанбаатарт монгол хүн амьдардаг юм уу, Эндхийн хүмүүс гэртээ хонодог юм болов уу. Нэг газар яваад орохоор л зочид буудал гэх юм. Өрөө дүүрсэн ч гэх шиг...” гэж ярилцах нь хөгжилтэй.
Гэвч үүнийг эргээд бодоход энэ нь манай нийгэмд, амьдралд байгаа эмгэнэлтэй гэж хэлмээр үзэгдэл. Газрын маргаантай асуудлыг хурцаар хөндөж, хотынхон хөдөөгийнхөн гэж бие биенээ алагчлах үзлийг хошин өнгө аясаар шүүмжлэн харуулсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” кино инээдэмтэй бас сургамжтай бүтээл болжээ. Бид Улаанбаатарт авилга, шунал, чанар, мөсөө алдсан хүмүүс, соёл ярьсан соёлгүй залуус гээд болохгүй, бүтэхгүйг үйлдвэрлэсээр байгаа гэж үү.
"Милл" кино компани, "Нүдэн" филмийн дэлгэцийн уран бүтээл “Made in Улаанбаатар” уран сайхны киноноос хот хөдөө, баян ядуугийн ялгаа, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүний авир, авилга, гэр бүлийн хүчирхийлэл, шударга ёс, хүн чанар, эх орноо хайрлах сэтгэлийг олж тольдоно.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ