
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаараа буюу өчигдөр Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн дагуу Засгийн газраас "Газрын тухай", "Газрын төлбөрийн тухай", "Геодези зураг зүйн тухай", "Газрын кадастрын тухай" дөрвөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хамт боловсруулан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, УИХ-д 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Дээрх төслүүдийг дагалдан мөн 18 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд боловсруулаад байгаа юм.
Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа газрын сангийн удирдлага, тогтолцооны нэгдмэл зарчмыг баримтлан түүний ангиллыг тодорхой болгох, газар олголтын эрх, үүргийн зааг ялгааг нарийвчлан тодруулж, энэ талаарх зөрчил, дутагдлыг арилгах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зохицуулалтыг тодорхой болгох, газрыг гэр бүлийн хэрэгцээнд болон төрийн байгууллагуудад эзэмшүүлэхээс бусад зориулалтаар олгохдоо зөвхөн дуудлага худалдаагаар оруулж байх, газрын үндэсний мэдээллийн санг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн сантай уялдаатай авч үзэж зохицуулах зэрэг зарчмын асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон байна. Түүнчлэн эдгээр төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Бэлчээрийн тухай хуультай хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гарсан юм.

Хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий БОХХААБХ-ны Ажлын хэсгийнхэн 4 удаа хуралдаж, хуулийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион санал авчээ. Эдгээрээс эхний 49 саналын томьёоллоор хорооны гишүүд өнөөдөр санал хураалгасан бөгөөд дараагийн хуралдаанаар үлдсэн хэсэг саналын томьёоллоор санал хурааж, энэ хоёр удаагийн саналаа нэгтгэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм.
Санал хураах явцад “бэлчээр”, “эрчимжсэн мал аж ахуй”, “өрхийн, гэр бүлийн, иргэний хэрэгцээний газар” зэрэг нэр томьёог хэрхэн оновчтой томьёолох талаар нэлээд яриа болсон бөгөөд Н.Ганбямба гишүүн “Дэлхийд байхгүй ганцхан технологи бол бэлчээрийн мал аж ахуй тул газар ашиглах, эзэмших, өмчлөх гурван харилцааг зохицуулах асуудал дээр бэлчээрийн газарт онцгой анхаарах ёстой”-г сануулаад уул уурхайн ажилтай холбоотойгоор бэлчээрийн газрын хэмжээ багассан болохоор энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд бэлчээрийн газар ашигт малтмалын орд эзэмшүүлэхгүй, уул уурхайн компани ажиллуулахгүй байх санааг хуульд тусгахыг чухалчилж байв.
н.Раш гишүүний хувьд бэлчээр гэдэг тодорхойлолтын томьёололд орсон “мал, амьтан бэлчих ургамлын нөмрөг” гэдэг үгийг хүн ойлгохгүй тул “ургамлын бүрхэвч” болгоё, ер нь хуулиа орчуулгын хэлээр биш ердийн урхамсрын түвшинд ойлгогдохоор томьёолъё гэсэн саналтай байсан бөгөөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай заалтнаас “өвөлжөө, хаваржаа” гэдэг үгийг орхигдуулсан хэмээн шүүмжилж байлаа.
Мөн “Газрын бирж” гэдэг нэр томьёо хуулийн төсөлд ямар агуулгаар тусгагдаж байгаа, ийм бирж байгуулснаар чухам юуг зохицуулж байгааг Байнгын хорооны дарга П.Алтангэрэл лавлахад Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү “Өнөөдөр өмчлөгдсөн газар үнэ цэнэгүй болж, газрын ченж олширч байна. Иргэн хүн нэгэнт өмчилж авсан газраа банкинд барьцаалж тавина гэхэд тэр газар нь үнэ цэнтэй, тогтвортой газар гэдгийг ойлгуулах ёстой, 2-рт, хүнээс газрыг нь хямд аваад үнэтэй арилждаг зуршлыг болиулах зэргээр иргэнээ хамгаалахад чиглэж байгаа” хэмээн тайлбарлалаа. “Өмчийн газар зах зээлийнхээ журмаар зохицуулагдахгүй юм уу?” гэсэн П.Алтангэрэл даргын 2 дахь асуултанд Э.Бат-Үүл гишүүн хариулахдаа “Бирж бол өрсөлдөөнт үнийг ил тод тогтоодог газар. Янз бүрийн бирж байгуулах гээд байгаа нь далд эдийн засгаас зайлсхийх зорилготой юм. Банкууд барьцаанд тавьсан хүний байрыг шууд хурааж аваад байгаа нь буруу, уг нь биржээр үнэ тогтоолгож, сайн үнэлгээ хийлгэх ёстой юм. Тэгэхгүй бол далд бизнес цэцэглээд байна” гэсэн юм.

Багц хуулийн төсөлд өмнөх хуульд байгаагүй хэд хэдэн заалт орсны нэг нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хэрхэн зохицуулах, тухайн иргэн хэнд хандах тухай заалт бөгөөд энэ талаар Батж.Батбаяр гишүүний асуултанд ЗТБХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Д.Мөнхбаатар хариулахдаа “Захиргааны шүүхэд хандана, өнөөдөр аймаг, нийслэлийн засаг дарга нарын гаргасан хууль бус шийдвэрээр газар эзэмшигч иргэн хохирвол энэ зөрчлийг хэрхэн зохицуулах нь бүрхэг байгаа тул энэ тухай заалт нэмж оруулсан” гэлээ. Түүнчлэн улс, аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна сум өөрийн гэсэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, зарчимтай байж, тав таван жилээр ажлаа төлөвлөн УИХ-аар хэлэлцэн батлуулж байх зэрэг шинэлэг заалт орж байгааг газрын албаныхан тэмдэглэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ