С.Магнайсүрэн: Биелүүлэх боломжгүй үндэслэлээр гомдол гаргасан нь өөрөө ойлгомжгүй зүйл
С.Магнайсүрэн: Биелүүлэх боломжгүй үндэслэлээр гомдол гаргасан нь өөрөө ойлгомжгүй зүйл
-Ужгирсан зөрчлийг засч хуулийн хэрэгжилтийг хангаснаас биш зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг хоморголж халсан зүйл огт болоогүй-
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй уулзаж маргааш эхлэх гэж буй Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөний талаар болон тус яамтай холбоотойгоор дэгдээд байсан “халаа сэлгээн”-ийн тухай асуудал хэрхэн яаж шийдэгдсэн тухай тодруулсан юм.
-Удирдах ажилтны зөвлөлгөөн гээд танай яам хөдөө гадаанаас хүн олонтой, хөл ихтэй байх шиг байна. Зөвлөлгөөнөө хэзээ хийх гэж байгаа юм бэ?
-Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн маргааш эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн хөдөлмөрийн газрын удирдлагууд дээр нь МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яамны харьяа төв болон яамны бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд гээд нийтдээ 80 гаруй хүн оролцох юм.
-Ямар асуудал хэлэлцэх вэ?
-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Засгийн газрын түвшний оролцоотойгоор уг зөвлөлгөөнийг хийх бөгөөд хөдөлмөрийн салбарын ажлын өнөөгийн түвшин, ололт амжилт, алдаа дутагдлаа ярихаас гадна цаашдын зорилт, хүрэх түвшингээ тодорхойлж, зорилтоо хэрэгжүүлэх арга замаа ярилцаж, харилцан туршлага солилцох ажил хэргийн зөвлөлдөх уулзалт болох юм. Мөн орон нутгийн харьяа байгууллагуудынхаа удирдлагуудтай үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэж, зөвлөлгөөн дээр яригдсан ажил хэрэгч саналуудыг хэрэгжүүлэхийн тулд яамны удирдлага болоод бүтцийн нэгж, харьяа байгууллагын түвшинд юуг хийх, яаж ажиллахаа ч тодорхой ярилцана.
-Хөдөлмөрийн сайдыг Хөдөлмөрийн газар, хэлтэсүүд, МСҮТ-ийн захирал гээд 50 гаруй хүнийг нэг дор хоморголон халсан дуулиан дэгдэж, энэ асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хүртэл яригдсан. Салбарын хэмжээний удирдах ажилтны зөвлөлгөөн хийнэ гэхээр халсан сольсон асуудал цэгцэрч шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, Хөдөлмөрийн сайд шинээр томилогдож ирснээс хойш хоёр түвшний зохион байгуулалтын ажил хийгдсэн. Эхнийх нь яамны түвшнийх. Засгийн газар яам агентлагийн түвшинд орон тоог цомхотгох чиглэл өгч улмаар манай яамыг зургаан газар, дөрвөн хэлтэстэй, 100 хүнтэй ажиллах бүтэц баталж өгсний дагуу манайх орон тоогоо 15 хувиар багасгаж, шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн.
Миний хувьд Засгийн газраас Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдож ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноор яамны бүтцийн нэгжийн дарга нарыг хуулийн дагуу томилж, улмаар тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл ажиллах эрх зүйн чадамжтай болсон юм. Өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн дарга нь жинхэлж томилогдоогүй, Төрийн албаны салбар зөвлөл нь эрх зүйн чадамжгүй байсны улмаас яамны газар, хэлтсийн дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгч байсныг хуулийн дагуу жинхэлж, улмаар харьяа байгууллагуудынхаа бүтэц зохион байгуулалтыг хуулийн дагуу цэгцлэх боломжтой болсон юм. Хуучин Хөдөлмөрийн яамны харьяанд байсан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв зэргийг ч мөн шинэ зохион байгуулалтад оруулах шийдлийг Засгийн газраас гаргасан. Тэр дагуу хуучин байсан гурван газрыг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг байгуулсан.
Бидний хийсэн зохион байгуулалтын хоёр дахь ажил бол орон нутаг дахь харьяа байгууллагын удирдлагыг эрх зүйн чадамжтай болгохын тулд хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан явдал юм. Өнөөх л Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй байсантай холбоотойгоор орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, газрын дарга нар, зарим МСҮТ, Политехник коллежийн захирлууд гээд нийт 60 орчим удирдлага түр орлон гүйцэтгэгч гэж хууль бус статустай хоёр жил гаруй болчихсоныг цэгцлэх шаардлага байсан. Тэр дагуу түр орлон гүйцэтгэгчдийг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийх болоход л таны хэлээд байгаа тэр халсан сольсон гэх дуулиан шуугиан гарсан юм шүү дээ.
Бид хуулийн дагуу ажиллаж, хууль бус байсан зүйлийг хуульд нийцүүлэхийг л зорьсон. Сонгон шалгаруулалт явуулж эдгээр байгууллагын удирдлагыг эрх зүйн чадамжтай, хууль ёсны томилгоотой болгох ажил маань үндсэндээ дуусч байгаа учраас бид салбарынхаа удирдах ажилтны зөвлөлгөөнийг ийнхүү хийх гэж байна.
-Сонгон шалгаруулалтад хэчнээн хүн оролцов. Асуудал нь шийдэгдээгүй газар хэр олон байна?
-Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн хөдөлмөрийн газрын гээд 30 албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс Завхан, Төв, Булган, Дундговиос бусдынх нь асуудал шийдэгдээд байгаа. Эдгээр аймгийн тухайд хуучин түр орлон гүйцэтгэгч байсан хүмүүс нь шүүхэд гомдол гаргаж, шүүхээс сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн учраас асуудал шийдэгдэхгүй удааширч байгаа юм. МСҮТ, Политехник коллежуудын тухайд Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн МСҮТ, Увс, Улаанбаатар дахь Монгол-Солонгосын политехник коллеж зэрэг цөөн газраас бусдынх нь удирдлага сонгон шалгаруулалтаар тодроод ажилдаа орчихсон яваа.
-Сонгон шалгаруулалт нэрээр бүх дарга, захирлуудыг өөрчилж оронд нь өөрсдийн хүнээ тавих нь гэсэн хардлага байсан. Тэгвэл сая болсон сонгон шалгаруулалтаар хуучин ажиллаж байсан түр орлон гүйцэтгэгчдээс чухам хэд нь буцаад ажилдаа орсон бол?
-Сонгон шалгаруулалтын хувьд тухайн ажлын байрны шаардлага шалгуурыг хангаж байгаа хэн боловч оролцох эрх нь нээлттэй байсан бөгөөд аймаг дүүргийн түвшинд ажилласан жил нь 3-5 жил гэж ялгамжтай тогтоогдсон бол мэргэжлийн хувьд хамгийн түгээмэл таван мэргэжил тавьж зарлагдсан. Өөрөөр хэлбэ,л харьцангүй олон хүн оролцох боломжтой байхаар тооцож явуулсан. Сонгон шалгаруулалтад нийтдээ 300 гаруй хүн оролцсон. Тэднээс хуучин түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад орж шалгараад томилогдсон хүмүүс 10 орчим байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянчандманийн МСҮТ гээд нэрлэж болно л доо.
Хуулийн хэрэгжилтийг хангаж, сонгон шалгаруулалт явуулахын тулд “түр орлон гүйцэтгэгч” нарыг чөлөөлөх зайлшгүй шаардлага байсан. Гэтэл үүнийг хоморголон халлаа хэмээн асуудлыг нэлээд өөр өнцгөөс дэвэргэсэн тал бий. Хөдөлмөрийн сайд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд харьяа хөдөлмөрийн байгууллага, МСҮТ, Политехник коллежийн удирдлагыг томилдог. Тэр хуулийнхаа дагуу л асуудлыг авч үзсэн. Түр орлон гүйцэтгэгч нар байсан учраас хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс чөлөөлж, чөлөөлөгдсөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Түүнээс биш нэг ч хүнийг хууль зөрчиж халаагүй. Тэр дундаа хоморголж халлаа гэдэг нь бүр утгагүй зүйл байсан.
Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх явдал. Тийм учраас салбрын удирдлага уг салбарт ужгирсан хуулийн зөрчлийг арилгах нь үндсэн үүрэг гэж би харж байгаа. Зөрчил ужгирсан шалтгаан нь мэдээж өмнөх удирдлага Төрийн албаны салбар зөвлөлөө байгуулж, эрх зүйн чадамжтай болгоогүйтэй л шууд холбоотой. Хийж амжаагүй тэр ажлыг нь л хийсэн болохоос хууль зөрчиж төрийн албан хаагчдыг халсан зүйл огт байхгүй.
-Шүүхэд хандсан хүмүүсийн гомдол нь хэр үндэслэлтэй юм бэ?
-Шүүхэд хандах эрхээ эдэлж байгаа арав гаруй хүн бий. Тэд өөрсдийг нь түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн сайдын шийдвэрийг хүчингүй болгож буцааж ажилд нь авах, ажилгүй байсан хугацааныхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. Гэхдээ тэдний шаардлагыг биелүүлнэ гэхээр буцаагаад түр орлон гүйцэтгэгчээр нь томилох шийдвэр гаргах хуулийн ямар ч үндэслэл, зохицуулалт байхгүй. Нэг үгээр биелүүлэх боломжгүй үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан нь өөрөө ойлгомжгүй зүйл л дээ. Шүүх хууль тогтоомжийн дагуу шийдэх үүрэгтэй учраас бид өнөөдрийг хүртэл уг маргаантай холбоотой тайлбар нотолгоогоо өгөөд л явж байгаа. Удахгүй шийдэгдэнэ биз ээ.
-Түр орлон гүйцэтгэгч байсан хүмүүс шүүхэд гомдол гаргасны улмаас сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлээд гацаагаад байх нь хэнд илүү хохиролтой вэ?
-Хөдөлмөрийн яамны тухайд байр суурь тодорхой. Хоёр жил гаруй хууль зөрчөөд явж байсан асуудлыг таслан зогсоогоод хуулийн дагуу болгож цэгцэлчих байтал шүүх дээр маргаад зогсох нь зөрчил улам ужгирч байгаа нь нэг талаасаа төрийн албанд хохиролтой.
Нөгөө талаасаа сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд зарлаад, албан тушаалд нь жинхлэх боломж олгох ёстой атал төр тэр чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь хоёр жил гаруй ажиллачихсан хүмүүст гомдол гаргах, шүүхэд хандах сэдэл болсон.
Төр хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн энэ зөрчлийг таслан зогсоож, шийдэх боломжийг нь Хөдөлмөрийн яамны шинэ удирдлага нээж өгсөн. Тэр хүрээнд түр орлон гүйцэтгэгчид асуудлаа шийдүүлээд явах боломж нь бүрэн нээгдсэн. Гэтэл хаанаас ямар зөвлөгөө авч, ямар гарц олж хараад байгааг нь мэдэхгүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан зарим хүмүүс зохион байгуулалттайгаар ч гэдэг юм уу, хоморголон халлаа гэсэн дуулиан дэгдээж улмаар УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцүүлэх хэмжээнд хүртэл улстөржүүлэхийг оролдсон. Нэг үгээр тэд бүх түвшинд хүргэж асуудлыг дэвэргэсэн. Бид ч бүх түвшинд зохих тайлбараа хуулийн дагуу хийж ирлээ. Үүний үр дүнд төрийн байгууллагуудын хувьд үүнээс өөр гарц байхгүй юм байна, хуулийг хэрэгжүүлэх нь зөв гэдэг дээр ойлголцолд хүрсэн. Ойлгохоос ч аргагүй асуудал, хууль тогтоомж зөрчигдөөд хоёр жил гаруй явж ирсэн асуудал учраас.
Шүүхэд гомдол гаргачихаад байгаа тэр хүмүүсийн дийлэнхийн нь буцааж томилуулах гээд байгаа тэр албан тушаал дээр сонгон шалгаруулалт явагдаад дараагийн дарга нь томилогдоод хуулийн хүрээнд асуудал нь цэгцэрчихсэн. Ийм нөхцөлд маргааныг сунжруулах нь төрийн тухайд нэг их том асуудал гэж харахгүй байна, бидний хувьд. Ажлын хажуугаар шүүхэд бичиг цаас гаргаж өгөх гэхчилэн цаг зав барж байгаа тал бий. Харин гомдол гаргасан хүмүүсийн хувьд хуульд заагдаагүй асуудлаар шүүхэд хандаад явах нь цаг зав, хөрөнгө хүчээ барсан дэмий ажил л гэж харагдаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ