Газар хөдлөлтөд эрсдэлтэй барилгыг танилцуулна
2015-06-23

“Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургуулийн” хоёр дахь өдөр үргэлжилж байна. 

 

Эрэн хайх, авран туслах олон улсын багуудын 80 оролцогч өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги дээр ажиллаж, онцгой байдлын албаны автомашин, техник, тоног төхөөрөмж, сургалтын баазтай танилцаж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилтыг үзэж сонирхох аж. Мөн зочид, төлөөлөгчид Улаанбаатар хотын газар хөдлөлтөд эрсдэлтэй байшин, барилгуудыг танилцуулах юм байна.

 

Түүнчлэн олон улсын эмнэлгийн тусламжийн  багуудын 20 оролцогч П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч, ажилчидтай уулзаж, эмнэлгийн үйлажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.

Харин одоо Австрали Улсын Куинсланд мужийн оролцогч Бред Комменс “Хот дахь эрэн хайх, аврах олон улсын багийн үүрэг, хариуцлага”, Шинэ Зеландын оролцогч Жон Титмус “Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн үүрэг, хариуцлага” сэдвээр хичээл зааж байна.

 

Хичээл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оролцогч Флавио Салио “Олон улсын эмнэлгийн тусламжийн багуудын үүрэг, хариуцлага”, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын бүсийн төвийн оролцогч Саманта Орр “Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын бүсийн төвийн үүрэг, хариуцлага”, “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бүсийн төлөвлөлт, Гамшгийн менежерт өгөх зааварчилгаа” зэрэг сэдвээр үргэлжилнэ.

 

        

Shuud.mn
Сонин хачин