Дэлхийг ”нээсэн” Монгол залуу

Барууны алдартнуудын ирээдvй дөрвөн хананы дундах “тайзан” дээрээс эхэлдэг. Тэгвэл Монгол алдартнуудын хувьд тал нутгийн хязгааргvй цэлгэр тайз гарааных нь зурвас болдог. Дуу аялах дуртай ч олны өмнө гарахаасаа ичдэг бvрэг хөвгvvн энэ л жишгээр Сvхбаатар аймгийн Халзан сумын нутагт малын бэлчээрийг тайз хэмээн төсөөлж явсан цаг саяхан.
Хvн бvр өөрийн гэсэн зорилго, хvсэл тэмvvлэлтэй. Энэ бол өмнөө зорилго тавьж амьдардаг нэг ёсны “санаархалууд” юм. Тэрхvv санаархалууддаа хөтлөгдөн, урагш тэмvvлж, өмнөө хөндөлссөн бэрхшээл саадыг даван туулж чадсан хvн л хvсэл мөрөөдлөө биелvvлж чаддаг. Дуурь бvжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартvвшин бол тэдний л нэг. Өөрөөр хэлбэл, хонины бэлчээрт л хоолойны чадлаа гайхуулж явсан хөвгvvний хvсэл мөрөөдөл бvрэг ичимхий занд нь бууж өгөөгvй. Харин ч тэр бvхнийг даван, ертөнцийн тайз руу хөтөлсөн юм. Өөрөөр хэлбэл, ВВС телевизийн зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” опера дуучдын тэмцээнд амжилттай оролцсоноор тvvнийг Дэлхийн хvн хэмээн олон улсын мэргэжилтнvvд хvлээн зөвшөөрч эхэллээ. Гэхдээ Э.Амартvвшин олон улсад vнэлэгдсэн нь саяхны явдал биш ээ.
Тэрбээр өмнө нь БНХАУ-ын Бээжин хотноо болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны гран при шагналыг хvртэж байлаа. Тэр vед Испанийн алдарт тенор, маэстро Пласидо Доминго “Э.Амартvвшин, чиний өмнө дэлхий нээлттэй байна” хэмээсэн. Тухайн vед аливаа зvйлийг хөөрөгдөхдөө гаргууд манайхан тvvнийг дэлхийг нээчихлээ хэмээн шуугиж байсан. Гэтэл тэмцээнээс ирснийх нь дараахан Э.Амартvвшингээс “Одоо таныг дэлхийн хэмжээний дуурийн алдартай дуучдын нэг гэж хэлж болох уу” гэж нэгэн сэтгvvлч асуужээ. Тэрбээр “Vгvй, vгvй. Тийм болтол нэлээд хугацаа байна даа” гэж хариулсан юм. Энэ бол тvvний хувь хvний мөн чанар. Өөрөөр хэлбэл, тэрбээр олсон амжилт, хvрсэн өндөрлөгөөрөө бардамнаж, ихэмсэг загнадаггvй нэгэн.
Магадгvй, өнгө, мөнгө, алдар нэрээр бvхнийг төсөөлдөг болсон өнөө цагт урлагийн хvн болохоор шийдэж буй хvмvvсийн дийлэнх нь од болохсон гэсэн чин хvсэлтэй байдаг. Харин Э.Амартvвшингийн эцсийн зорилго од болох биш.
Уран бvтээлчдийг сэтгэлийн хөдлөл ихтэй л гэлцдэг. Гэтэл Э.Амартvвшин сэтгэл хөдөлсөн vедээ өөрийгөө ихэд цэнэдэг гэнэ билээ. Тиймдээ онгирч элдэв зvйл яриад байдаггvй, зөвхөн гэр бvлийнхнээ л хvрээнд инээд зугаа болгоод л орхидог аж. Энгийн vедээ ч тэрбээр илэн далангvй хэрнээ хэлэх vг бvрээ тунгаан бодох мэт яаралгvй, тайван, илvv дутуу vггvй, дууныхаа ая данг тааруулах мэт эвтэйхэн ярьчихна. Баярлаж хөөрсөн vедээ хvртэл юу ч бодолгvй, тэрvvхэндээ инээмсэглэл тодруулаад л, өрөөн дотуураа ганцаархнаа алхаж, амар амгаланг мэдрэх дуртай гэсэн.
Сонгодог урлагийн ертөнц дэх замыг нь засч, гараас нь хөтлөн чиглvvлж өгсөн Ц.Ерөө багш нь нэгэнтээ “Э.Амартvвшин бол сонгодог урлагт орчихсон хvvхэд” хэмээн vнэлж байсан. Ц.Ерөө багш шавийнхаа хоолойг төдийгvй хvсэл мөрөөдлийг ч зөв таньсан. Учир нь, Э.Амартvвшин хэмээх энэ залууд бvтээн туурвихын хязгааргvй хvсэл бий. Тиймдээ ч “Гурав, дөрвөн жилийн өмнө бол “Тоска” дуурийн Скарпья, “Риголетто” хоёр дvрд л тоглохыг хvсдэг байлаа. Энэ бол баритонийн хамгийн өндөр тvвшний парти. Энэ хоёр дуурьт дуулахыг их хvсдэг байлаа. Тэр хоёрыгоо би дуулчихсан. Гэхдээ цаашаа олон сайхан дvр бий шvv дээ. Бvгдийг нь л дуулж vзэхсэн гэж хvсдэг. Бvх дvрийг дуулдаг дуучин баймаар байна. Ийм л хvсэл эрмэлзэл тээж явдаг даа. Чадах эсэхийг мэдэхгvй ч би хvсч байна” хэмээн ярьж байсан юм.
Гэхдээ тvvний урлагийн зам уран зургийн харандаагаар өнгө, будгийг нь тохируулаад уран нарийн зурчихсан мэт өө сэвгvй байгаагvй ээ. Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн уралдааны тайзнаа анх удаа гарахдаа тоглолтын гутлаа мартсанаас болоод орос менежерээсээ гутал гуйж өмссөн гэдэг. Ийнхvv их наадмын тайзнаа гудамжинд өмсдөг жирийн нэгэн хар гуталтай гарсан ч тус уралдааны ерөнхий зохион байгуулагч, алдарт В.Гиргиев Монголын дуучин Э.Амартvвшинг “Сайн байна” гэж vнэлсэн юм. Агуу хvнээс урмын сайхан vг сонсохдоо ч мөн дуучин залуу багагvй будилсан. Учир нь, тэрбээр энэ vед бас л зочид буудлын өрөөнд нэрийн хуудсаа мартчихсан байсан тухайгаа дурссан байдаг. Ийнхvv будилж явсан монгол залуу дээрх уралдаанаас мөнгөн медаль хvртэж, vзэгчдийн таашаалд нийцсэн хоёр дуучны нэгээр шалгарснаар олон улсын “SMOLART” байгууллагын гишvvн болж чадсан билээ.
Энэ бол тvvний хэлснээр “Нэг л зорьсоноо тууштай л байх хэрэгтэй. Гэхдээ бvтэхгvй юмны хойноос насаараа дагаад хэрэг байхгvй. Хvн бvрт ямарваа нэгэн чаддаг юм, нэг авьяас байж л байгаа. Тийм учраас тэрийгээ маш мэдрэмжтэй олж авах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ vзvvрээс нэг атгаад авсан бол хойноос нь хөдөлмөрлөж, зvрх сэтгэл, цаг хором алдахгvй зарцуулж зvтгэвэл ямар ч л байсан тодорхой амжилтад хvрнэ” гэдгийн илэрхийлэл. Энэ л ёсоор тэрбээр Дэлхийг нээж чадлаа. Браво.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ