Дараалан зөрчил үйлдвэл шийтгэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч эхний хоёр асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.
Дотоодын цэргийн тухай болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнд холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед салбарын сайд ирээгүй байлаа. Тиймээс хойшлуулав. Үүний дараагаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгээс хуулинд орж буй голлох өөрчлөлтийн талаар тодруулахад:
-Одоо үйлчилж буй Галын тухай хууль нь 1999 онд батлагдсан. Үндсэндээ 16 жил үүргээ сайн гүйцэтгэсэн хууль. Өмнөх хууль нь байгууллагын үйл ажиллагааны хууль байсан. Үүнийг гал унтраах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэл рүү нь оруулж өөрчилж байгаа юм. Хоёр дахь шинэлэг санаа нь Монгол Улс өнөөдөр 360 гаруй сумтай. Үүний 90 хувьд нь нэгж байдаггүй. Тэгэхээр нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь гал унтраах үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг. Шинэчилсэн хуулиар сайн дурын хэсэг байгуулна. Мэргэжлийн сургалтыг онцгой байдлын байгууллагаас хийх юм. Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлснээрээ энэ хуулийн онцлог болж байна гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ галын техникийг хилээр оруулж ирэхдээ хяналтын байгууллагын шалгалтад хамруулахгүйгээр хуулинд тусгасан нь ямар учиртайг асууж байлаа.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал:
-Сүүлийн үед чанартай чанаргүй галын тоног төхөөрөмж орж ирж байна. Хэн дуртай нь галын багаж зэвсэг оруулж ирдгээс гал унтраах болохоор ажилладаггүй гэсэн юм.
Үүний дараагаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зөрчлийн тухай хуулийн төсөл 18 бүлэгтэй. Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй дараахь зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ.
Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заасан байна. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгасан аж. Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгажээ.
Түүнчлэн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга,эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар аж.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ