Газраа барьцаалж, зээл авахыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Гэвч Ерөнхий сайд гадаадад айлчилж эзгүй байгаа, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт байхгүй байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулав. Дараагаар нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болсон.
Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Уг хуулийн төслийг ердийн журмаар мөрдөх юм байна. Уг хуулийн төслийг үл маргах журмаар газрыг худалдаалах байлаа. Гэвч шүүхээр шийдвэрлэхгүй худалдаалах нь Үндсэн хуулийг зөрчинө гэж гишүүд үзсэн. Тиймээс Үл маргах журмаар бус Иргэний хуулиар маргааныг таслах үүднээс шүүхээр шийдвэрлэх саналыг гишүүд дэмжсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Газрын маргааныг шүүхээр шийдвэрлэгддэг учир банкууд барьцаалах дургүй. Тиймээс Иргэний хуулиар зохицуулахаар зааж өгсөн. Газраа барьцаалаад зээл авдаг эрхийг нээхийг дэмжиж байгаа. Харин банкны эзэн газрыг нь хурааж аваад дуусах вий гэсэн болгоомжлол байна. Харин хашааны газрыг барьцаагаар өгөхөд ойлгуулах сурталчилгааг нь зөв хийх хэрэгтэй шүү гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд:
-XXI зууны хашааны газраа барьцаалах гэж байгаа иргэн 200 жилийн өмнөх Марксын зарчмаар явахгүй. Иргэд ойлгож байгаа. Шүүхээр шийдвэрлэхийг дэмжих хэрэгтэй. Цэцээс гарах шийдвэрийг урьдчилж мэддэг хоёр гишүүн МАН-д байгаа. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гэлээ.
Харин гишүүд газрын маргааныг шүүхээр шийдвэрлэхийг дэмжсэн юм. Үүгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Уг хуулийн төсөлд “Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа дэд бүтцийн хувьд манай орон дэлхийн жишигт нийцсэн байх шаардлагыг бий болгож, улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах, бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна.
Үндсэн хуулийн 6.4 дэх хэсэгт “Төр улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг солих буюу эргүүлэн авч болно”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төр улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах, улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зорилгоор бусдын газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах буюу сольж болно” гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд УИХ улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, чөлөөт бүс, хилийн боомтын бүс, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, мөн хуулийн 18 дугаар зүйлд Засгийн газар шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай зэрэг зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заасан” хэмээн гишүүн Су.Батболд танилцууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ