17 улсын авран туслах, хүмүүнлэгийн баг ирлээ

Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, үндэсний чадавх, хүч, нөөц бололцоо хүрэлцэхгүй болж, Олон улсын байгууллагаас тусламж хүссэн учир тэд иржээ. Тэгвэл олон улсаас ирж буй эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн багууд хэрхэн, ямар багаж хэрэгсэлтэйгээр ирдэг, Монгол Улсад яаж нэвтрүүлэх, тэдгээрийн тусламжтайгаар цагийн байдал тогтворжсны дараа ирэгсдийг ямар байдлаар үддэг зэргийг суралцлаа.
Өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, гамшгийн хор уршгийг арилгахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Засгийн газраас Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгт гаргасны дагуу олон улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламжийн баг ирэхэд Монгол Улсын хил, гаалийн хялбарчилсан журмаар нэвтрэх, үйл явцыг дуурайлган үзүүллээ. Энэ үеэр БНХАУ-ын багийн гишүүн Гет Зоули “хамгийн гол нь зохион байгуулалт” гэдгийг онцолж байсан.
Туршлагатай багуудаас сурах зүйл олон бий
Уг үзүүлэх дадлага сургуульд БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Швед, Тайланд, Малайз зэрэг 17 улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн баг оролцсон. Хамгийн түрүүнд БНХАУ-ын баг ирж, эрэн хайх, авран туслах олон улсын багийг угтан хүлээж авах, бүртгэх, мэдээллээр хангах ажиллагааг гүйцэтгэн ажиллав. БНХАУ-ын багийн гишүүд Монгол Улсын онгоцны буудалд бууж, хилээр нэвтэрсний дараа НҮБ-тэй холбогдон ирсэн тухай мэдээллээ өгөөд, НҮБ-ын журмыг баримтлан хүлээн авах төвийг байгуулж дараагийн улс орнуудаас ирэх багийг бүртгэж, Онцгой байдлын байгууллагатай холбон өгч, мэдээлэл солилцох ажлыг дуурайлган үзүүлэв.
Уг үйл ажиллагааг “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулсан юм. Дэлхийн 30 орчим орны 120 гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү дадлага сургуулиас манайханд сурч, мэдэх зүйл их бий аж.
Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс шинэчлэн боловсруулж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөлд Хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой заалтыг бүтэн бүлэг болгон оруулж байгааг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ярьсан. Түүнчлэн энэ удаа олон улсын дадлага сургуульд оролцож буй туршлагатай багуудын өмсгөл, хувцас, дүрэм, журам, стандарт нормоос нь хүртэл судалж, туршлага хуваалцаж байгааг онцолсон.
“Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах” олон улсын сургалт, дадлага сургуулийн зохион байгуулагч, Австралийн багийн гишүүн Брэдли Комменс Монголын Онцгой байдлын газар биднийг бүх талаар дэмжин тусалж байгаа гээд, дадлага сургуулийг үр дүн сайтай болж буйг үнэлэв.
Дунд түвшний аврах багтай болно
Энэ хүрээнд сонсогдож буй бас нэгэн чимэгтэй мэдээ нь Монгол Улс олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх аврах багтай болохоор бэлтгэж байгаа тухай. INSARAG буюу олон улсын эрэн хайх, аврах туслах зөвлөлдөх бүлгийн зааврын дагуу олон улсын аврах багийг хүнд, дунд, бага гэсэн гурван түвшинд хуваадаг аж. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын INSARAG (International search and rescue advisory group) буюу Эрэн хайх, авран туслах олон улсын зөвлөлдөх бүлэг нь газар хөдөлсөн үед тухайн орны нөөц боломж хүрэлцэхгүй тохиолдолд ирж тусалдаг, дэлхийн 80 гаруй улсыг нэгтгэсэн байгууллага юм.
Манай улс дунд түвшний багийг бэлтгэхээр зорьж байна. 50-60 хүнтэй багийг ийм түвшнийх гэж үздэг аж. Манай улс энэ сарын сүүлчээр БНХАУ-ын Газар хөдлөлтийн сургалтын төвд эхний 20 аврагчаа явуулж, сургахаар төлөвлөж байгааг албаны хүн мэдээлсэн.
Олон улсад үүрэг гүйцэтгэж, бусад орны багтай хамтран ажиллах учир гадаад хэлний мэдлэгтэй байх нь аврагчдын эхний шалгуур. Мөн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна багаж хэрэгслийн хангамж сайн байх ёстой юм байна. Манайхан эдгээрийг шат дараатай хэрэгжүүлсний үндсэн дээр ирэх жил гэхэд дунд түвшний баг бүрдүүлчихээд, НҮБ-аас мэргэжилтнүүд урьж, үнэлгээ хийлгэх төлөвлөгөө ч гаргасан байна. Тус байгууллагаас олон улсад үүрэг гүйцэтгэх багт албан ёсны гэрчилгээ олгодог ба гэрчилгээтэй баг дэлхийн аль ч улсад газар хөдлөлтийн гамшгийн үеэр очиж, аврах, туслах ажиллагаа явуулах эрхтэй.
Харин хүнд түвшнийх нь онгоц, томоохон тоног төхөөрөмжтэй, 100-гаас дээш хүнтэй байдаг гэнэ. Ийм баг ОХУ, БНСУ, Японд зэрэг томоохон оронд байдаг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ