Итгэлт баян бид хоёрын араншин алд дэлэм зайтай
Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын өдрүүдэд телевизийн суваг бүрээр “Тунгалаг Тамир” монголын уран сайхны кино гардаг гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл “Тунгалаг Тамиp” киноны Итгэлт баяны дүрээрээ монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин А.Очирбат өдгөө ч урлагийн алтан тайзнаасаа холдож үл зүрхэлнэ.
Монголын урлагийн түүхэнд асар их гавъяа байгуулсан эл эрхмийн талаар уншигч танд сонирхуулья.
-Сайн байна уу. Та сайхан зуншиж байна уу. Энэ зуныг та хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Бие жаахан тааруу байна аа. Ерөнхийдөө гэртээ л байна даа. Хэд хоногийн өмнө ТВ9 телевизэд очиж ярилцлага өглөө. Өөр ч гэрээсээ гарсангүй ээ.
-Таны уран бүтээлийн гараа хаанаас эхлэснээс яриагаа эхлэе.
-1950 онд "Улсын хүүхэд залуучуудын театр" байгуулагдахад жүжигчнээр орсон. Тэндээ бүх амьдралаа зориулсан. Одоо тэр театр ч байхгүй боллоо, би ч тэтгэвэртээ гарлаа. Драмын театрын жүжгүүдэд тоглож байснаас биш энд тэнд харьяалагдаж явсангүй ээ.
-Та жүжигчний мэргэжилтэй анх хэрхэн холбогдсоноо дурсаач?
-Би 19 нас хүртлээ малчин байсан. Тэгээд залуу хүн байна хотод орж, сургуульд суръя гээд Худалдааны сургууль, техникум гээд хэд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой хүнийг их сургуульд авахгүй гэдэг юм байна. Тэгээд яая даа гэж байтал манай нутгийн хүн тааралдаж "Би чамайг сургуульд оруулж өгье" гээд жүжигчний сургуульд оруулж өгсөн.
-Та нарын залуу цагийнх шиг сэтгэлд хоногшсон дүр, болон сайн уран бүтээл бараг төрөхгүй байна гэж ярих хүн байдаг юм билээ. Тэр үед үнэхээр сод хүмүүс төрсөнд гол учир байна уу?
-Би бол унаж байна, сэхэж байна гэж алийг нь ч хэлэхгүй. 50-ийн ч гэнэ үү, 60-ын ч гэнэ үү, янз бүрийн серийн кино гарч л байна. Урлаг уран сайхны талаасаа харвал зохиолын чанар, уран сайхны сэтгэмж, хууль журам алдагдаад байгаа юм болов уу.
Социалист нийгмийн үед хэдий захиргаадалт дор байсан ч гэсэн сайн зохиол их бичигдэж байлаа. Түүнийг амилуулах сайн жүжигчин ч их байсан. Одоо бол бузгай сайн зохиол гарсан ч дээр үеийнх шиг мундаг дүрүүд гарч ирэхгүй л байна.
-Тухайн үед Монголд холливуудын ододтой зүйрлэж болохуйц олон ч уран бүтээлч байсан гэж ярьдаг. Та үүнтэй санал нэгддэг үү?
-Байсаан. Одоо ч байгаа. Жишээлбэл, "Тунгалаг тамир" киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сэтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.
-Таныг олон хүн “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны дүрээр сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрүүдээсээ аль дүрээ илүү онцолдог вэ?
-Би өөрийнхөө бүтээсэн дүр болгонд хайртай. Бусад хүмүүс миний бүтээсэн зарим дүрийг шүүмжилсэн нь ч байдаг. Тэгэх тусам би тэр дүрээ илүү их хайрладаг. Яагаад гэвэл би тэр бүх дүрийг амьдруулахын төлөө сэтгэлээ зовоож, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг. Энэ дүр минь арай л тааруухан болчихвуу даа гэдгийг мэдэж байгаа ч би дүр бүхнээ хайрладаг.
-"Тунгалаг Тамир"-ын Итгэлт та хоёрт адил төстэй зан чанарууд байсан уу?
-Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш. Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.
-Киноны төгсгөлд Цахиур Төмөр, Хонгор зэрэг дүрийг үхүүлж төгсгөдөг. Та хэрэв уг киноны найруулагч байсан бол тэднийг үхүүлэх байсан уу?
-Яахав үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчний логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас "Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ" гэж асуухад "Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ" гэж их гоёор энгийн хариулж байлаа.
Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.
-"Тунгалаг Тамир" романыг Монголын "Дөлгөөн Дон" гэдэг.
-Төстэй үйл явдал олон. Гэхдээ нэг нь монгол зохиол, нөгөө нь орос зохиол. "Тунгалаг Тамир"-т үнэхээр монгол гэсэн уур амьсгал ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй. Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн "Би эхнээс нь аваад төгсгөл хүртэл "Дөлгөөн Дон"-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ" гэж. Энэ романтай эн тэнцэхүйц мундаг зохиолууд Монголын кино урлагт төрсөн. Тухайлбал, "Сэрэлт", "Хүний мер" хоёр тэр хэмжээний сайн уран бүтээл болсон гэж хэлж болно.
-Та бас "Хатанбаатар Магсаржав" кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Ер нь найруулагчид таныг жаахан зальтай гэж хардаг байжээ?
-Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.
-Залуу жүжигчдэд хандаж хэлмээр үг байдаг уу?
-Жүжигчид минь ноогдсон дүрээ туйлд нь хүртэл бүтээж байгаарай гэж захия. Гол нь амьдрал сайн үз, янз бүрийн амьдралын гүнд орж сайн танин мэд. Манай одоогийн залуусын хүмүүжил, соёл хэт хотжоод, хөдөөгийн амьдрал бараг мэдэхээ байжээ. Манай язгуурын малчдын амьдрал ахуй, зан чанарыг сайн судлах хэрэгтэй байна даа. Тэгж л байж жинхэнэ амьд дүр бүтээнэ шүү дээ.
-Таныг хүүхдийн жүжгийн зохиол бичиж байсан гэж сонссон. Ямар ямар жүжиг бичсэн бэ?
-"Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүүхэд" гэх мэт хүүхдийн жүжиг бичээд театрт тоглуулж байсан. Мөн "Буруугүй буруутан" гэсэн жүжиг бичиж байсан одоо театрын урын санд байдаг юм. Энэ жүжиг архины хор уршгийн тухай санааг л хүмүүст хүргэхийг зорьсон. Нэг хэсэг зөвхөн урлагт төдийгүй бусад бүх салбарт авьяас билэг, эрдэм мэдлэгтэй маш олон залуу насан өөд болсон юм. Архинаас болж шүү дээ. Тэгээд л нэг ийм зохиол бичсэн юм. Хэн тоох вэ дээ гэж бодож байлаа. Найруулагчдад уншуулсан чинь харин тавина гэж байна шүү. Магадгүй энэ миний хамгийн сүүлчийн жүжиг байх.
-Та одоо нас сүүдэр хэд хүрч байна?
-87 нас хүрч байна /бодолхийлэв/. Хүн ер нь өөрийгөө мөнхийн залуу юм шиг боддог юм байна. Насаа бодохоор өөрийн эрхгүй /мөрөө сул тавьж, бөгтийв/ ингэдэг юм байна. Одоо ч тэгээд энд тэнд ярилцлага өгмөөргүй санагддаг болжээ. Буруу зөрүү яриад, ингээд ярилцлагаа дуусгах уу?
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ