
Ираныг тойрсон олон улсын шуугиан өнгөрсөн оноос дамжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Дэлхийн нефтийн тээврийн стратегийн чухал газар болох Иран, Оман улсын хооронд байрладаг Ормузын хоолойн асуудал өнөөдөр олон улсын геополитикийн тоглолтод өөрчлөлт оруулах магадлал өндөр болж эхэллээ.
Иран улсын цөмийн зэвсэгтэй болох оролдлогыг зогсоохын тулд АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ аваад байгаа. Үүнийг эсэргүүцсэн Иран улс эдийн засгийн хоригийн хариу “бэлэг” болгож Ормузын хоолойг бооно хэмээн он шилжих мөчид АНУ болон Персийн булангийн орнуудад сэрэмжлүүлсэн юм.
Персийн булангийн орнуудын төдийгүй олон улсын эдийн засгийн эмзэг судал бол Ормузын хоолой. Энэ хоолойгоор өдөрт хэдэн зуун тээврийн хөлөг онгоц нааш цааш холхин тивээс тивд дамнан хүрдэг.
Энэ хоолойг Ираны тэнгисийн цэргийн хүчин хэрэв хаахад хүрвэл зайлшгүй зэвсэгт мөргөлдөөн, цаашлаад олон жил дипломат мэдэгдлээр олон улсын тавцанд дайтаж буй Иран АНУ-ын хооронд зарлаагүй дайнд хүрч ч магадгүй юм.
Энэ эелдэг заналхийллийг АНУ ч хүлцэж чадсангүй, Хормузын хоолойг “таглаж” Персийн булангийн амин судлыг цэргийн хүчээр хяналтдаа авах Ираны санааг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хатуу мэдэгдэл хийж сэрэмжлүүлэг өгсөн юм. “Олон улсын эдийн засагт чухал стратегийн газрыг хаах нь байж боломгүй бүдүүлэг үйлдэл бөгөөд үүнийхээ хариуд хүсээгүй нөхцөл байдалд олон улсыг татан оруулах болно, Ираны энэ үйлдлийг АНУ зүгээр харж суухгүй” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жорж Литтл анхааруулсан мэдэгдэл хийсэн.
Харин Ираны тал АНУ-ын сэрэмжлүүлгийг сүрдүүлэг хэмээн хүлээж авч тус улсын батлан хамгаалах хүчин ямар ч гадны хүчний сүрдүүлэгт автахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Ормузын хоолойтой зэрэгцэн олон улсыг ялангуяа Израйль болон Ойрхи Дорнодын АНУ-ын түнш орнуудыг хүнд байдалд оруулаад байгаа асуудал бол Ираны баллистик пуужингийн туршилт.
Иран улс дунд тусгалын пуужин тэнгисийн усанд харваж амжилттай туршсанаа дэлхий дахинаа зарлаад авсан. Энэхүү пуужин нь Израйлийн нутагт хүрэх хэмжээний газрыг туулах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн техник технологиор хийгдсэн хэмээн иранчууд сурталчилсаар байна.
Олон улсын ажиглагчдын зүгээс энэхүү пуужингийн туршилт нь Хормузын хоолойн асуудлыг дэвэргэх ба сөргөлдөгч орнуудаа сэтгэлзүйн дарамтад оруулах Ираны оролдлого хэмээн үзэж байна. Харин Ираны энэ оролдлого тэдэнд тус болох уу ус болох уу гэдгийг харах нь цаг хугацааны асуудал болжээ. Нефтийн үнэ ханш ч олон улсын зах зээлд Ираны дарамтаас шалтгаалан суга өсөж эхэлжээ.
Өчигдөр Францын Гадаад хэргийн сайд Ален Жуппе мэдэгдэл хийсэн. Тэрбээр Иран улсыг цөмийн зэвсэг эзэмшихээр оролдож буй нь дэлхий нийтэд ил болсныг цохон тэмдэглээд тус улсын эсрэг бүр ч хатуу хориг арга хэмжээ авахыг олон улсад уриалсан юм.
Ормузын хоолой хэрэвзээ хаагдахад хүрвэл хүндхэн байдалд ороод буй Европын эдийн засагт дажгүй том цохилт болох юм. Энэ нь евробүсийн тэргүүлэгч гүрнүд болох Франц, Герман, Итали улсыг эмзэглүүлж Ираныг “үзэн ядагчдын эгнээ”-нд Их Британитай хамт Европоос нэгдэхэд хүргэж байна.
[caption id="attachment_45505" align="alignleft" width="250" caption="Хормузын хоолой"]

[/caption]
Стратегийн чухал газар учраас Хормузын хоолой удаа дараа мөргөлдөөний хөлд өртөж байлаа. Мөн Саддам Хусейн Ормузын хоолойг авахаар Ираны эсрэг цэрэглэн найман жилийн турш дайтаж байсан.
Мөн уг хоолойд Ираны иргэний тээврийн 290 зорчигчтой нисэх онгоцыг Америкийн тэнгисийн байлдааны онгоц буудан унагаж байлаа. Гэхмэтчилэн Ормузын хоолой геополитикийн сөргөлдөөний томоохон талбар байсаар ирсэн. Харин энэ жилийн олон улсын шуугианы томоохон эхлэл нь Хормузын хоолой байлаа. Энэ газарт цаашид ямар асуудал өрнөх нь одоогоор таамаг төдий л байна.
Ираны амжилттай туршигдсан пуужингийн хараан дор Ормузын хоолой хэдийнэ орчихсон. Персийн булангийн усанд байгаа Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц тээвэрлэгч онгоцууд ч байлдааны бэлэн байдалд он шилжихийн өмнө орсон гэнэ.
Ираны хувьсгалт армийн командлагч Персийн булангийн уснаас Америкийн тээвэрлэгч онгоцуудыг гаргахыг Цагаан ордноос албан ёсоор шаардаад байгаа. Хариуд нь АНУ татгалзсан хариу өгч үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдалд Хятад, ОХУ улсууд Ираныг өмгөөлөн мэдэгдэл гаргацгаалаа. Одоогоор Ираныг тойрсон асуудлууд шинэ онд иймэрхүү янзаар өрнөж байна.
Өдөрт дэлхийн эдийн засгийг тэжээх 17 сая баррель нефть тээвэрлэн өнгөрдөг хоолойд Иран АНУ-ууд зэр зэвсгээ агсан сөргөлдөөний үгс чулуудаж эхэлсэн нь дэлхий дахинд ийнхүү түгшүүр дэгдээж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ