Холливуудад гарах гарц “Монголын нууц товчоо”

img

Зураач Р.Батцэнгэл тэргүүтэй санаа нийлсэн хэсэг нөхөд “Чингис хаан” бүрэн хэмжээний анимайшн кино бүтээхээр ажиллаж байна. Тэгвэл өчигдөр тэд сэтгүүлч, дэмжигч үзэгчидтэйгээ нээлттэй ярилцлага өрнүүлж, Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийн хүрээнд хийгдэж буй ЧИНГИС ХААН анимайшн бүтээх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Аким, Улаанбаатарын их сургуулийн Археологийн танхимийн эрхлэгч, доктор профессор, Д.Эрдэнэбаатар, сэтгүүлч, нийтлэлч Д.Болдхуяг болон урлаг соёлын төлөөлөгчид, төслийг дэмжигчид, сэтгүүлчид оролцлоо.

 

 

Уулзалтын эхэнд “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Р.Батцэнгэл “Миний бие Монголын нууц товчоог зураглалаар илэрхийлсэн “Монголын Нууц Товчоо түгээмэл эх”-ийн “Тэргүүн дэвтэр”-ийг 2014 оны наадмаар “Чингис хааны талбайд” олон нийтэд танилцуулж байсан билээ. Тэгвэл уг номын хоёрдугаар дэвтрээ өнгөрсөн тавдугаар сард уншигчдын хүртээл болгосон. Харин гуравдугаар дэвтрээ ирэх 12-р сард уншигч түмний хүртээл болгохоор зэхэж байна. Бид энэ удаад та бүгдийг цуглуулсан учир нь уг номоо монголын анхны бүрэн хэмжээний анимайшн кино хийхээр болж буйгаа зарлаж буй юм. Яагаад заавар анимайшн кино хийх гэж байгаа юм бэ гэж та бүгд надаас асууж байж магад. Уг бүтээлээрээ уран сайхны кино хийхэд наад зах нь хүн хүч, санхүү, техник технологи, дүрийн сонголт гээд асар олон асуудалтай тулгарна. Ингэхгүйн тулд уг комейкс номоороо анимайшн кино хийх нь хамгийн оновчтой, зөв шийдвэр гэж үзсэн. Бид дэлхийн кино зах зээлд анимайшн кино хийж гарах, олон сая жуулчдыг татаж болох юм байна гэсэн гарцыг олж харсан. Та бидний мөрөөдөл болсон “Холливууд”, “Диснейлэнд”-ийн кино компаниуд уран сайхны кино хийхээсээ өмнө зохиолоо комейкс болгож, дараа нь анимайшн кино хийдэг. Харин үүний дараа уран сайхны кино болгох эсэхээ шийддэг. Тухайлбал, “Хүн аалз”, “Бөгжний эзэн”, “Мулан” гэх мэт. Бидний санаачласан уг төслийг та бид хамтран хийж чадвал дэлхийн олон сая жуулчдыг эх орондоо татаж чадна” гэсэн юм.

 

“Монголын Нууц Товчоо түгээмэл эх” хэмээх номын бүх зургийг зураач Р.Батцэнгэл өөрөө зурж, “Монголын нууц товчоо”-ны зарим ойлгомжгүй үг, өгүүлбэрийг орчин цагийн уншичдад хялбар ойлгогдохоор буулгасан байна. Ингэхдээ монголын урдаа барьдаг түүх, архелоги, хэл шинжлэлийн ухааны доктор, профессоруудаас зөвлөгөө, судалгааг үндэслэн эртний эд эдлэлийг зургаар дүрслэсэн гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Аким гуай онцолж байлаа.

 

 

Зураач Р.Батцэнгэл “Чингис хаан” бүрэн анимайшн киног хийхдээ үзэгч, уншигч түмнээсээ тусламж гуйхгүйгээр, өөрийн зардлаар хийхийг хүссэн аж. Гэвч анимайшн кино нийтдээ 1.8 сая ам.доллар шаардлагатай гэдгийг урьд хөршөд явж байхдаа мэджээ. Өвөрмонголын тал зураачийн санааг сонсоод 50 хувийг нь манайх гаргая гэсэн хүсэлт тавьсан байна. Гэвч зураач залуугийн хувьд нэг ч гэсэн түүхийн сэдэвтэй бүтээлээ урьд хөршид алдмааргүй байна гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байсан юм. Түүнчлэн, “Чингис хаан” бүрэн хэмжээний анимайшн киноны зургийг зураад эхэлсэн байна. Мөн киноны саундтракийг “Хөсөгтөн”, “Увертюра”, дуучин А.Түмэн-Өлзий гэх мэт хэд хэдэн уран бүтээлчээр дуулуулсан байна.

 

 

Дэлхий дахинд үзүүлэх монгол кинотой болчих юмсан

 

Уулзалтын үеэр “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Р.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн гол зорилго юу вэ?

 

-Монголын нууц товчоог хүн бүрт уншуулах юмсан, хүргэх юмсан гэх сэдлээр уг төслийг эхлүүлсэн. Монголын үр хойч үе маань монголын түүхээ мэддэг байх хэрэгтэй байна. Гадаад ертөнцөд бид соёлын сурталчилгаа, монголоо дэлхий нийтэд таниулах хийх шаардлагатай байна. Үүнийг нугалж чадах гол зэвсэг нь нууц товчоо гэж ойлгоод байгаа.

 

-Зургийг аль ч хэлээр уншиж болно. Харин бичгийг зөвхөн монголчууд уншина. “Монголын нууц товчоо түгээмэл эх” ном хэдэн хэл дээр орчуулагдсан байгаа вэ?

 

-Эхний хоёр дэвтрийг Англи хэл дээр орчуулаад бэлэн болгосон байгаа. Гэвч хэвлэж амжаагүй явна. Би саяхан Өвөрмонгол руу явахдаа монгол бичиг, хятад ханзаар орчуулж, хэвлэх гэрээг хийчихээд ирсэн. Англи хэлээр Ази, Европ, Австрали тивд түгээх боломжтой.

 

-Орчуулж, хэвлэхэд тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Зардал мөнгөө хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Эхнийхээ номыг банкны зээлээр хэвлэсэн. Гэвч “шархаа нөхөж” чадаагүй. Хоёр дахийг нь хэвлэхэд “Хас” банк тусалсан. Өнөөдрийн хувьд анимайшн киноны асуудал яригдаж байна. “Чингис хаан” бүрэн хэмжээний анимайшн киног хийх шаардлага байна. Үзэгчдэд маань ч асар их хүлээлт үүсээд байгаа. Монголчууд бид дэлхийн хэмжээнд хүнд үзүүлэх сайхан кинотой болчих юмсан гэсэн бодол монгол хүн бүрт бий байх гэж итгэж байгаа. Бид түүхээрээ бахархаад байдаг боловч, гаргаад үзүүлчих юмгүй  шүү дээ.

 

-“Чингис хаан” бүрэн хэмжээний анимайшн кино бусад анимайшн кинонуудаас юугаараа онцлог байх вэ?

 

-Анимайшн кино маань жирийн уран сайхны киноноос асар их онцлогтой. Анимайшн кино нь хүн төрлөхтний оюун санаанаас 100 хувь дүрслэгдэж гардаг хамгийн бүтээлч ажил гэж хэлж болно. Тийм учраас дуу, дүрслэл бол үнэхээр гайхамшигтай. Зураачдын өөрийн дүрслэл, өнгө төрхийг анимайшн киноноос харж болно. Бидний хувьд “Чингис хаан” анимайшн кино монгол дүрслэлтэй, монгол өнгө төрхтэй, “жинхэнэ монгол” бүтээл хийх зорилготой.

 

-Уг анимайшн киног кино театруудаар гаргах уу, телевизээр олон ангит болгож гаргах уу?

 

-Цуврал буюу богино хэмжээний кино хийвэл, дэлхий дахинд хүрэх явц нь удаашралтай гэж үзэж байгаа. Тиймээс бид кино театруудаар гарах бүрэн хэмжээний анимайшн хүүхэлдэйн кино хийнэ гэж төлөвлөж байна.

 

- Анимайшн кинонд хэдэн зураач ажиллах вэ?

 

-Ном дээрээ би ганцаараа ажилласан. Харин анимайшн кинонд дөрвөн зураач ажиллана.

 

-Түүхэн хүмүүсийн дүр дээр хэрхэн ажилласан бэ. Судлаачдын санаа оноог ашиласан л байх.

 

-Тиймээ. Судлаачдаас асуусан юм бий. Нууц товчоон дээр зарим хүний зан авир, дүрслэл зэрэг зарим мэдээллүүд байдаг. Тухайлбал, Чингис хаан баатруудаа магтаж хэлэхдээ “..Айл хооронд явахдаа, алаг бяруу шиг номхон. Аргалдах дайсантай таарахдаа, арслан барс шиг догшин...” гэх мэт үгнүүд байна. Энэ чинь өөрөө сайхан монгол эр хүнийг дүрслээд байгаа биз.

 

-“Чингис хаан” бүрэн хэмжээний анимайшн киноны дууг “Хөсөгтөн” хамтлаг дуулж байгаа гэсэн. Яагаад энэ хамтлагийг сонгох болсон бэ?

 

-Энэ хамтлаг бидний найз нөхөд, мөн манай талийгаач ах хөгжмийн зохиолч Р.Ганбаттай хамтарч ажиллаж байсан. Ах маань олон сайхан монгол хөгжимд зориулсан бүтээл бичиж үлдээсэн. Тэдгээр бүтээл ая эгшгүүд энэ анимайшн кинонд орж байгаа. “Хөсөгтөн”-гөөс гадна хэд хэдэн уран бүтээлч оролцож байгаа.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hench toohgui orchin uyiin humuus zavgui ted nar hoiswhoo bish uragsh harj amidrach baina. onoodro shine it yu garav gej news harahaas bish naadhiig chin sonirhohgui tetgevriin hogshchuul l uzeh baih . teneg yum hiihe boli humuus ireeduidee zovj ireeduigee l bodoj baina
2015-07-08
Зочин:
Хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ шүү
2015-07-08