
Хүүхэд найтаахаар томчууд "Бурхан өршөөг" хэмээдэг. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн эл үгийг өдгөө хэлэхээс бус яагаад ийнхүү хэлэх болсон учир шалтгааныг мэдэх нь ховор. Тэгвэл "Бурхан өршөөх"-ийн учир ийм гэнэ.
Эрт үед нэг лам томуу туссан хүүхэд эмчлэхээр явж байээ. Тэрбээр зорьсон айлдаа дөхөж явтал цагаан хувцастай, хувхай цайсан царайтай нэгэн хүн замд нь тааралдаж "Чи хаачиж явна" гэж ламаас асуужээ. Лам хариуд нь "Өвчтэй хүүхэд үзэхээр явж байна" гэхэд мөнөөхөн хүн "Би түүнийг авч явах юм. Найтаах үед нь дагуулаад явна" хэмээгээд аранхуйд уусан алга болжээ.
Хувхай царайтай хүний учир битүү ярианаас лам сэжиглэн дотроо эвгүйцсэн боловч амандаа тарни уншин цааш явж зорьсон айлдаа очтол хүү тайван унтаж байв. Лам судсыг нь барьж үзээд, эм боожээ. Хүүг сэрэхэд дэргэд нь ламын замдтаарсан хүн сууж буй нь ламд харагджээ. Бусад хүмүүст тэр харагдахгүй байгаа бололтой, хэн ч анзаарахгүй юм гэнэ.
Төд удалгүй хүү найтааж түүнтэй зэрэгцэн мөнөөхөн хувхай царайтай хүн хүүд гараа хүрэхийг завдахад лам "бурхан өршөөг" гэчихэв. Гэтэл "Хувхай царайт" хүүд гар хүрч чадсангүй гэнэ. Ийнхүү хүүг найтаах бүрт лам "Бурхан өршөөг" гэсээр байгаад эрлэгийн элчийг явуулсан аж.Тиймээс хүүхэд найтаахад "Бурхан өршөөг" хэмээн хэдгийн учир ийм ажгуу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ