П.Энхмаа: Уран бүтээлч хүн улс төр, шашин хоёр руу орж болохгүй

Монголоо дэлхийд сурталчилж яваа авьяаслаг бүсгүй, Олон улсын уран бүтээлчдийн “Salon du dessin” үзэсгэлэнгийн Гран при шагналт зураач П.Энхмаа эх орондоо иржээ. Японд ажилладаг, амьдардаг тэрээр Японы уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр “Сант Асар” галарейд дэлгэж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.
-Таныг олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс Гран при шагнал хүртэж байсныг санаж байна. Хэзээнээс зурагтай амьдралаа холбосон бэ гэдэг асуултаар яриагаа эхлье.
-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Монголдоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Дараа нь Японы Яманаши их сургуульд суралцаж урлагийн боловсрол судлаач мэргэжил эзэмшиж, Нагояагийн их сургуульд урлаг судлалаар магистр хамгаалсан. Үргэлжлүүлээд сурах хүсэлтэй байсан учир Францын Парис хотноо “Academic de port-royal” –д суралцсан. Нийтдээ 18 жилийг сурахад зарцуулсан. Францын урлагийн академид суралцахад шалгуур өндөр, би Японоос бүтээлээ явуулсан нь шалгарч урилгаар суралцсан юм. Тэнд сурч байхдаа Парис хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын уран бүтээлчдийн “Salon du dessin” үзэсгэлэнгээс Гран при шагнал хүртсэндээ баяртай байдаг.
Монгол хүний нүдээр Франц орныг хэрхэн харсан тухай сэтгэгдлээ илэрхийлсэн бүтээл маань үзэсгэлэнгийн үеэр олон хүний сонирхлыг татсан. Одоо би Японд ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байна. Энэ удаа Японы уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнгээ наадмын өдрүүдээр сонирхуулахаар эх орондоо ирлээ. Ийм үзэсгэлэнг бид үүнээс өмнө ч хэд хэдэн удаа зохион байгуулсан. Их төлөв Японд үзэсгэлэнгээ гаргадаг байсан, энэ удаа Монголд гаргаж байгаадаа баяртай байна.
-Таны бүтээлүүдээс монгол зураачийн арга барил, уламжлалт хэв маяг харагдаж байгаа хэрнээ абсракт, тун өвөрмөц илэрхийлэл нүдэнд тусч байна?
-Би ямар нэгэн урсгал, чиглэлд баригдаад байдаггүй. Өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Их төлөв орчин үеийн чиг хандлага бүхий холимог, инстоляцийн аргаар бүтээлээ хийдэг. Гол суурь нь ямар ч чиглэл рүү хазайж орж чаддаг мэргэжлийн арга барил түлхүү байгаа байх. Хөгжимчнөөр бол классикийг ч, рок попыг ч тоглочих хэмжээний. Яг таг баригдсан юм байдаггүй.
-Энэ удаа эх орондоо дэлгэж байгаа Японы уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэн хэддэх үзэсгэлэн бэ?
-Олон орны уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Япон улсад бие даасан үзэсгэлэнгээ есөн удаа гаргасан. Монголдоо гаргаж байгаагүй. Цаашид гаргах бодол бий. Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнд Японы 12, Монголын зургаан зураач, уран бүтээлчид бүтээлээ дэлгэнэ.
- Нийтдээ 18 жилийг сурахад зарцуулсан гэлээ. Өнөөг хүртэл хэчнээн бүтээл туурвив?
-Оюутан байхаас өнөө хүртэл 1000 гаруй бүтээл хийсэн байна. Дандаа том хэмжээтэй бүтээлүүд бий. Хамгийн их бүтээл хийсэн үе бол Францад сурч байсан он жилүүд. Долоо хоногт бараг 3-4 бүтээл гараас гаргадаг байлаа. Харин Японд сурч байхдаа дүрслэх урлагийн техник, аргуудыг эзэмшихэд түлхүү анхаарсан.
-Зураач болоход хэн нөлөөлөв?
- Миний өвөө бүх зүйлээ өөрийн гараар хийж бүтээдэг, сийлбэр сайхан хийдэг гарын уртай хүн байлаа. Тэрийг харж өссөн болохоор ч тэр үү, би зураач болсон. Би айлын таван хүүхдийн дундах. Өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн.
-Япон, Монголын дүрслэх урлагийг хөгжүүлж байгааг харьцуулахад ямар бодол төрж байна?
-Манайд бол ямар нэгэн шалгуур хардаггүй. Их төлөв зураг зурах дөртэй хүүхдүүдийг авчихдаг. Ганц дүрслэх урлагт ч биш бүх чиглэлд. Тэгээд жаахан юм сурч эхэлж байтал нь сургууль төсгөчихдөг.Юмаа сайн сураагүй, яахаа мэдэхгүй залуус төгсөөд шууд ганддаг. Гэхдээ сайн сурсан,сайхан уран бүтээлч болж төлөвшдөг нь ч цөөнгүй. Гэтэл Японд хүүхдүүдийг багаас нь маш нарийн үе шатаар, бодлоготойгоор дүрслэх урлагт сургадаг, хөгжүүлдэг. Энд бодох юм их бий.
Өөрөөрөө жишээ аваад ярихад би анх Японд сурахаар очихдоо тулгамдсан зүйлүүд их байлаа. Ядаж зургаа зурсан цаас, хэрэглэгдэхүүн, техник арга барилаасаа өгсүүлээд бусад хүүхдүүдийг хараад санаа зовох зүйл бишгүй байсан. Надад дутуу зүйл их байгааг мэдэрсэн. Гэхдээ тэр маань надад эргээд сурч мэдэхийн төлөөх хүчтэй тэмүүллийг бий болгосноороо эерэг тал болсон.
Тиймээс манайхан боловсон хүчин бэлтгэхдээ хүүхэд, залуусаа юм их үзүүлж харуулж ёстой юм билээ. Японд юу заагаад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тэгсэн атлаа ямар нэгэн зүйл хийлгээд байдаг нь цаанаа асар гүнзгий утгатай зүйл байдаг юм билээ. Удаан жилийн түүхтэй шигээ нэг зүйлийг багаас нь өгсүүлээд шат шатаар ахиулан хийгээд л байдаг, манайхан тэрийг ойлгодоггүй. Гэтэл тэр дотор соёл уламжлал нь явж байдаг.
Жишээ нь, манайх нүүдлийн соёл иргэншилтэй улс , түүн дээрээ дөрөөлж урлаг нь хөгжөөд ирсэн бол өөр. Байнга нүүсээр байгаад орхигдсон зүйлүүд их бий. Авчирсан зүйлийг үгүйсгэхгүй л дээ, гэхдээ л ийм байгаа.
-Сонин дүгнэлт байна. Яагаад ингэж дүгнэв?
-Би нэг удаа багшаасаа асуусан юм. Японд том том бурхад, цогцолборууд, том хэмжээний бүтээлүүд байдаг. Манай Монголд том том бүтээлүүд яагаад төрөөгүй юм бол. Та юу гэж боддог вэ гэж. Хүн цөөн болохоор тэр үү, эсвэл хөгжил нь буурай болохоор уу гээд багштайгаа асуудал тавьж их ярина. Багш маань Монгол нүүдлийн соёлтой байсан учраас аваад явахад авсаархан жижиг хэрэглэлүүд, эдийн соёл, чимэглэх урлаг их хөгжсөн. Гэтэл суурин байсан бол том бүтээлүүд төрөх байсан гэж хариулж байсан юм. Эцэст нь хоёулаа монголчууд нүүхэд бэрхшээлтэй байсан учраас том бүтээлүүд хийгээгүй гэж оношилж билээ. Тэр магадгүй. Гэхдээ манайд олон сайхан бүтээлүүд байгааг үгүйсгэхгүй. Ер нь бол урлаг соёлоо дээдэлж, барилга архиектур, бусад чиглэлд ялгаагүй үндэсний зүйлүүдээдээжлэн шингээж авч яваа улс орнууд түлхүү хөгжиж байгаа, надад ингэж санагддаг. Манайд хэрэглээний соёл нь дэндүү эрт хөгжчихөөд хөгжил нь буруу яваад байна.
-Жишээ нь?
-Машины дугаар, 9911-тэй утасны дугаар хэдэн саяд хүрч байна гэх юм. Сонсоод итгэмгүй, гэтэл тэр нь үнэн байдаг. Тэр чинь баруунд хэрэглээ шүү дээ, хүн сойзоор шүдээ угаадагтай л адил зүйл. Гэтэл тэрэн дээр бүгд шавааралдаад, бөөн асуудал болж байгаа нь эмзэглэмээр.
-Японд олон жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо хөл тавихад юу мэдрэгдэж байна?
-Залуучууд нь боловсролтой, биеэ сайхан авч явдаг болжээ. Харилцааны соёл маш их хөгжсөн байна. 20-оод жилийн өмнө хүмүүс гудамж талбайд хогоо ил задгай хамаагүй хаяж, энд тэнд тамхи татаад явж байдаг байсан бол эмх цэгцтэй, цэвэрхэн болж.
-Та одоо Японд уран бүтээл хийхийн зэрэгцээ ямар ажил эрхэлж байна?
-Уран бүтээлийн ажлын хажуугаар Киотогийн олон улсын харилцааны төвд зөвлөх хийдэг. Тэнд гурван жилд нэг удаа хүмүүсийг шалгаруулж авдаг юм. Би өөрийн бүтээл, бусад мэдээллийг өгч тэнцсэн. Зөвлөх гэдэг маань хүнд нүсэр ажил бас биш. Ерөнхийдөө нийгмийн ажилтан маягийн үүрэгтэй. Анх удаа Японд ирж байгаа хүмүүст зөвлөх, яаж амьдрах вэ, яаж даатгалд хамрагдах вэ гэхчлэн зөвлөгөө өгнө. Түүний зэрэгцээ ахлах сургууль, коллежид Монголынхоо түүх, соёл, урлагийг сурталчилсан хичээлүүдийг заадаг. Тийм болохоор цаг зав бага гардаг.
-Та олон чиглэлд ажиллаж, бас эрэл хайгуул хийж байдаг юм байна. Таны мөрөөдлийг асууж болох уу?
-Би олон жил зураг зурлаа. Францын, Японы урлагийн арга техникийг монгол сэтгэлгээтэй хослуулж бүтээл туурвил хийлээ. Энэ дэг сургуулийг цогцлоосон дүрслэх урлагийн сургууль байгуулах сан гэж мөрөөддөг. Олон ч хүмүүст үүнийгээ тайлбарладаг. Японд бол Монголд урлагийн дээд сургууль байгуулах холбоо гэж байгуулагдсан. Тэд намайг Монголдоо оффистой бол, уран бүтээлчидтэй хамтарч ажилла гэхчлэн шинэлэг санаанууд их хэлж ярьдаг. Миний зүгээс бүтээлүүдээ зарж борлуулалгүй авч үлдэж, алсдаа сургууль байгуулж сургалтын суурь болгохыг хүсдэг.
-Японд хамгийн анх үзэсгэлэнгээ хэзээ дэлгэв. Гадаадад үзэсгэлэн гаргахад бэрхшээл их тохиолдоно биз.
-2002 онд “Талын Монгол” үзэсгэлэнгээ гаргасан. Хүний газар үзэсгэлэн гаргахад хэцүү л дээ. Түүнээс хойш 2003, 2004 онд үзэсгэлэнгээ дэлгэжээ. Зарим жил Монголын болон бусад орны зураачидтай хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан.
-Монгол зураачдын бүтээлийг япончууд хэр хүлээж авдаг вэ?
-Их наран улсынхан монголчуудад их элэгтэй. Урлагийн чиглэлээр бие дааж уран бүтээл туурвиж байгаа хүн Монголоос байгаагүй. Тиймээс миний уран бүтээлийг маш сайхнаар хүлээж авдаг. Би нэг талыг барьж туйлшралгүй дундаж үзэгчийн хэмжээнд тохируулж зурах ёстой. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс рүү баярласнаа илэрхийлж, дараагийн гаргах үзэсгэлэнд дахин ирэхийг урьдаг. Ийм найрсаг харилцаа тогтоож, захиа бичих нь япончуудад таалагддаг. Иймэр хүү жишиг дадал болчихсон шүү. Би тэр улсын усыг ууж байгаа учраас ёсыг нь дагах ёстой гэж боддог. Ялангуяа компьютероор биш гараараа бичсэн ил захидалд тэдний сэтгэл маш их хөдөлдөг.
-Ихэвчлэн та юу зурдаг вэ. Монголын зураачдыг гадныхантай харьцуулбал түвшин нь хаана хүрэх бол?
-Абстракт хийсвэр тал руугаа давамгайлсан зураг их зурна. Яагаад ийм байдаг юм бол гэсэн асуулт таамаглал дэвшүүлж үлдээсэн зураг давамгайлдаг. Уран зурагт шинээр нэвтэрч байгаа янз бүрийн техник ашиглахгүй бол зураг маань хоцрогдчих гээд байдаг. Өөрийнхөө бүхий л чадлыг дайчилж зургаа амилуулахыг хичээдэг дээ. Монголд сайн зураач олон бий. Технолог, зурж буй будаг зэргээсээ шалтгаалаад дэлхийн түвшинд гарч ирэхдээ муу байдаг. Японд зурагны хүрээ, жаазнаас эхлээд бүх зүйлийг нарийн нягт хардаг. Зурагнууд нь ч тийм байна. Гэтэл монголчууд зургаа зурчихаад таамгаар 40*70 гэх зэргээр хэмжээг нь хийчихдэг. Энэ нь олон улсын стандартын хэм хэмжээнд нийцдэггүй. Монголд уран зураг худалдах талаас нь түлхүү хөгжсөн нь олон улсад гологдох шалтгаан болж байна. Олон улсад үнэ хаялцуулж, дуудлага худал даанд орлоо ч үнэлгээ өгдөггүй. Чадвар сайтай хэр нь жижиг сажиг энэ мэтийн алдаанаас болоод монгол зураг дэлхийд үнэлэгдэхгүй байна.
-Энэ нь магадгүй Монголд менежмент хөгжөөгүйтэй холбоотой байх л даа. Японд уран зураг хэр хөгжсөн байна вэ. Зургийн үнэлэмж ямар байдаг вэ?
-Зургийн чадвар, шинэ гарч ирж буй дэвшилт технолог хэр ашигласан эсэх, ямар хэмжээтэй зурсан зэргийг харгалзан үзээд үнэлгээ тогтоодог. Тэд зургийн хүрээ, шил, жааз гээд бүх гүйцэтгэл нь хийгдсний дараа худалдаж авна. Харин Францад тийм биш. Зургийг жааз энэ тэр гэхгүй хуйлсан чигт нь авчихдаг. Зурсан эзэн нь сайн байгаад бүтээл нь таалагдвал үнэ хайрлахгүй. Би бүтээлээ бүгдийг нь зарах албагүй л дээ. Хүн нь таалагдвал мөнгө төгрөг гэхгүй зургаа зүгээр л бэлэглэчихдэг юм.
-Нэг зургийг хэдий хугацаанд зурдаг вэ. Урын сандаа хэчнээн зурагтай болоод байна вэ?
-Онгодоо хүлээдэг хүнийг зураач гэж би боддоггүй. Учир нь хүн байнга хөдөлмөрлөж байх ёстой. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үгтэй санал нийлдэг. Хүн нэг хоёр хоног зурахгүй байж болно. Гэхдээ оюуны бүтээл тасралтгүй явагдах ёстой. Би 2*3 метрийн хэмжээтэй зургийг сар гаруйн хугацаанд, жижиг зургийг хурдан зурна шүү. Мөнгө олохын төлөө зургаа ямар ч хамаагүй хүнд зарахгүй гэж боддог. Хүний уран бүтээл хүүхэдтэй адилхан. Хүүхдээ бороонд норуулж, салхи шуурганд хийсгэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Хүүхдийг минь хайрлаж өсгөөд явчих тийм хүнд л зургаа өгөхийг боддог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юмс байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Өмнө нь хүмүүст зурж өгсөн зураг маань хуучирсан, зарим зүйл нь дутуу санагдаж байвал дахиад өгч засуулж, сэргээлгэж болно шүү гэж би хэлдэг юм. Зургаа зурж дууссаны дараа гарын үсэг зурах үнэхээр дургүй. Хүмүүс гарын үсгээ зурчих гэдэг. Гарын үсэг зурсан бол бүх зүйл 100 хувь болсон гэсэн үг. Тиймээс амархан зурж чаддаггүй л юм.
-Хамгийн алдартай бүтээл тань ямар нэртэй вэ?
-“1000 жилийн мөргөл” гээд дарь эх бурхны сэдэвтэй зураг бий. Энэ зургаа үргэлжлүүлж зурах бодолтой байгаа. 2005 онд NHK телевизийн “Дэлхийн урлагийн хөгжил” нэвтрүүлэгт Монголоос анх удаа оролцож өөрийн орны соёл, уран зургийн талаар ярьсан. Уран бүтээлч хүн улс төр, шашин хоёр руу орж болохгүй. Тэгвэл үзэгчгүй болно гэсэн үг.
-Амжилттай ажиллаж байгаа хүний ард сайн хань байдаг. Гэр бүл, хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Тийм шүү. Өдийн зэрэгтэй явахад ханийн маань тус дэм их. Намайг “Зургаа зур, үзэсгэлэнгээ гарга” гэдэг. Ханийнхаа буянаар өдий зэрэгтэй яваадаа баярладаг шүү. Манайх таван хүүхэдтэй.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ