Эрэлхэг баатруудаа дурссан өдрүүд

img

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны  хэвлэл мэдээллийн салбарынханы хооронд туршлага солилцуулахаа амалсан билээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргаж байсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ жил тохиож байгаа Монгол, Орос, Хятадын ард түмний хамтын их баяр болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг харилцан сурталчлах ажлууд хийгдэж буй.

 

Энэ хүрээнд Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжин, Жан Бэй зэрэг хотод айлчиллаа. Энэ өдрүүдэд хятадын ард түмэнд энхтайван, шударга ёсыг авчрах үйлсийн төлөө орос, монгол, хятад улсын цэргүүд хэрхэн тэмцсэн тухай харуулсан дурсгалт газруудтай танилцсан юм. Мөн Японы эзлэн түрэмгийлэгчдийн Наньжин хотод үйлдсэн их хядлагатай холбоотой дурсгалын музейг ч үзсэн.

 

Түүнчлэн Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлагатай уулзаж, Гадаад хэргийн яам, Сэтгүүлчдийн нийгэмлэг болон Олон улсын радио телевиз зэрэг байгууллагуудаар нь зочилсон юм.  Энэхүү ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ. Сэтгүүлчдийн уг ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй болов уу. Ингээд аян замын тэмдэглэлээ хүргэж байна.

 

Монголын сэтгүүлчид Бээжинд газардав

 

 

Зургадугаар сарын 29. Даваа гаригийн 13:30 цагт БНХАУ-ыг зорьсон бид хоёр цаг орчим нисээд Бээжин хотод газардав. Хилийн чанадад сурвалжлага хийхээр анх удаа 50 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг эх орноосоо гарсан нь энэ. Хөл хөдөлгөөн ихтэй Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд тээшээ авангаа бие биенээ бүртгээд угтах танхим руу гарав. Биднийг “Mongolian press journalist” гэсэн дарцаг барьсан дөрвөн хүн угтан авсан нь  аялалын туршид хөтөч хийж, орчуулга хийхээр томилогдсон хүмүүс байв. Монголоос гарахдаа бидэнд улбар шар, цэнхэр өнгө бүхий энгэрийн зүүлт өгсөн тул тэр өнгөөрөө баг болон ялгарч хоёр автобусанд аялалын туршид хуваагдан явцгаасан юм.

 

Миний хувьд хоёрдугаар автобусанд суудал таарч аялалын хөтөчөөр Ван, орчуулагчаар Хятадын CRI Олон улсын радиогийн сэтгүүлч н.Сарантуяа нар ажилласан. Бид онгоцны буудлаас хөдөлсөн даруйд хөтөч, орчуулагч хоёр маань өөрсдийгөө танилцуулж ажлаа эхлэв. 27 сая гаруй оршин суугчтай Бээжин хотын авто замын хөдөлгөөн, дэд бүтцийн хөгжил нь өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа.

 

 

Тус хотод өдөртөө автомашин унасан 5 сая хүн, дугуй мотоцикл унасан 9 сая хүн авто замын хөдөлгөөнд тогтмол оролцдог гэнэ. Явган зорчигчдын хөдөлгөөн бүр ч их аж. Хөтөчөөсөө өдөртөө зам тээврийн осол хэр гардаг вэ гэдэг асуултыг асуувал Бээжин хотод зам тээврийн осол бараг гардаггүй. Хөдөлгөөнд оролцогчдийн аюулгүй зорчих бүх арга хэмжээг авдаг болсон” гэхэд манай энэ асуудал ямархуу байгаа билээ гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа.

 

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны даргатай уулзав

 

Хурдны замаар цаг орчим давхисаар хотын төвд байх “Нэй Мэн Гү Да Ша” Өвөр Монгол буудалд ирэхэд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Чэнь Яао тэргүүтэй албаныхан угтсан юм. Хятадын талаас маш их ач холбогдол өгч буйг илтгэн Хятадын төрийн зөвлөлийн суртал ухуулгын газрын дарга Дин Шао Мин биднийг хүлээн авч, хоёр орны харилцааг тодотгон, айлчлалын хөтөлбөрийг танилцуулж оройн зоог барьсан. Хүлээн авалтын үеэр  Дин Шао Мин дарга болон монголын сэтгүүлчдийн багийг ахалж явсан МСНЭ-ийн дарга Галаарид нар хоёр улсын хамтын ажиллагаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хөрш орнуудын сэтгүүлчдийг харилцан айлчлал хийлгэх нь маш чухал алхам юм.

 

Энэ жил Фашизмын болон Японы түрэмгийллийн эсрэг ялалтын 70 жилийн ой тохиож байна. Бид хамтдаа энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулж тэмдэглэх ёстой. Уг дайнд Хятад, Монгол, Орос улсын цэргүүд хамтарч дайнд оролцож ялалт байгуулж байсан. Тиймээс тус ойг хамтран тэмдэглэхийг гурван улсын төрийн тэргүүн олон нийтэд зарлаад байгаа. Энэ оны есдүгээр сард Хятад улсад цэргийн парад болон нам төрийн зарим арга хэмжээг зохион байгуулна. Бид тус арга хэмжээг зохион байгуулах болсон гол зорилго нь дайнд үрэгдсэн баатруудыг дурсаж, түүхээ эргэн санан, энхтайваныг эрхэмлэхийн төлөө энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж байна. Энэ түүхэн ойн баярт сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл чухал үүрэгтэй хэмээн онцолсон юм.

 

Хятад улс нэг сая гаруй сэтгүүлчтэй

 

 

Зургаадугаар сарын 30. Мягмар гаригийн өглөө бид хуваарийн дагуу БНХАУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцаж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар зарчмаар ажлаа явуулдаг, сэтгүүлчдийнхээ эрхийг хэрхэн хамгаалдаг цаашид хөгжлийн ямар шат руу явж байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон юм 

 

 

Эхний очсон газар нь Бүх Хятадын сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хороо байлаа. Тус хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Жу Шү Чэнь биднийг хүлээн авч уулзсан. Тэрбээр Синхуа агентлагт 25 жил ажилласан, Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгт 14 дэхь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Хятад улсад өнөөдөр 1900 гаруй сонин хэвлэл, 2000 гаруй радио телевиз, 3 сая гаруй сайт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн нэг сая гаруй сэтгүүлчтэй.

 

Сайтуудын хувьд хэвлэл мэдээллийн болон бусад хувь хүний ажиллуулж буй сайтуудыг багтаажээ. Сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хороо 60 албан ёсны орон тоотой. Сүүлийн үед олон нийтийн харилцааны хэрэгсэл илүү их хөгжиж байгаа ба V чатыг 700 гаруй сая хүн хэрэглэдэг гэнэ. Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг 1937 онд байгуулагдсан аж. Хятадын сэтгүүлчид сард дунджаар 6000 юань буюу монгол мөнгөөр хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг аж.

 

4000 гаруй жилийн түүхтэй цайны урлагтай танилцав

 

 

Биднийг дараа нь Хятадын цайны ёслолтой танилцуулсан юм. Хятадын ард түмэн түлш, будаа, тос, давс, жян, цуу, цайг өдөр тутмын хэрэглээнд байх ёстой долоон зүйл хэмээн үздэг байна. Үүн дотроос цайг бэлтгэх болон хэрэглэх нь Хятадын ёслол хүндэтгэлийн соёлын нэг болон хөгжсөн аж. Хятадууд цайг хэрэглэж эхэлснээс хойш 4000 гаруй жил болсон ба Манай эриний 780 онд, Тан улсын Цайны мэргэжилтэн Лу Юй цай тарих, цай хийх, цай уух туршлагуудыг нэгтгэж судалж Хятадын цайны тухай анхны ном болох "Цайны судар" –ыг гаргаж байжээ.

 

 

Хятадын цайны урлагийг Чин гүрний Цянь Лун /1736- 1795/ хааны үед нарийн ёс заншилтай болгосон хэмээн үздэг байна. Цянь Лун хаан өөрийн тусгай цайны талбайтай байсан бөгөөд түүндээ 14 настай, үзэсгэлэнт онгон охидуудыг ажиллуулдаг байсан бөгөөд эдгээр охид үүрийн туяа цайны навчин дээр тусахтай зэрэгцэн ургаж буй цайны навч бүрийг өлөн шүлсээрээ норгон усалдаг байжээ. Цянь Лун хаан олон төрлийн цайны нарийн хэрэгслийг бүтээлгэж, цайны магтаал, шүлэг, дууг зохиолгож нарийн ёс, хүндэтгэл үйлдэн хүртдэг гэнэ. Цянь Лун хаан 88 насандаа өөд болсон бөгөөд ингэж урт насалсны ач бол цайны нууц байсан байсан хэмээн үздэг байна.

 

Хятадын газар нутаг бүрийн уур амьсгал, амьдрах орчинтой холбоотойгоор төрөл бүрийн цайнд дуртай байдаг гэнэ. Тунгалаг цай, ногоон цай, улаан цай, сүүтэй цайны амттай, жимсний амттай зэрэг олон төрлийн цайг бидэнд аяглаж өгсөн.  Мөн цайны ёслолын танхимын дэргэдэх өрөөнөөс хүссэн цайгаа худалдан авах боломжтой хэмээн танилцуулж байлаа.  

 

Хятадын гадаад харилцааны яаманд зочлов

 

 

Дараа нь бид Гадаад харилцааны яаманд очсон. Биднийг БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн газрын зөвлөх Янь Зя Рун, БНХАУ-ын гадаад хэргийн яамны Ази, Африкийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Чян Жин тэргүүтэй эрхмүүд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн газрын зөвлөх Янь Зя Рун мэдээллийн эхэнд манай улсад айлчилж байсан тухайгаа дурссан юм. БНХАУ-ын гадаад бодлого нь тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого, орчин үежих бүтээн байгуулалт хэрэгжүүлэхэд таатай гадаад орчин бүрдүүлэх, дэлхий нийтийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулах явдал гэж үздэг.

 

БНХАУ нь дотооддоо “Эв нийцтэй нийгэм”-ийг цогцлоон байгуулах зорилт тавьж, уг үзэл баримтлалын хүрээнд хөрш орнуудтайгаа харилцахдаа “эвсэг, чинээлэг, амар түвшин хөрштэй” байх бодлогыг сүүлийн жилүүдэд тууштай хэрэгжүүлж байгааг тэрбээр онцолсон. Тус улсын хувьд дэлхийн 178 оронтой дипломат харилцаатай бөгөөд 165 оронд Элчин сайдын яам, 83 хотод Ерөнхий консулын газар, 12 олон улсын байгууллагын дэргэд Байнгын төлөөлөгчийн газартай ажээ.

 

Хятадын олон улсын радио Монгол хэлээр нэвтрүүлэг цацаад 51 жил болжээ 

 

 

Уг уулзалтын дараа Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид Хятадын Олон Улсын Радиогийн ажил хэрэгтэй танилцсан юм. Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн томоохон төлөөллүүдийн нэг болох Олон улсын радио /CRI/ нь нийт 2400 гаруй ажилтантай, дэлхийн 65 хэлээр мэдээллээ цацдаг ажээ. Тус радио нь 1941 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн бөгөөд нийт 65 редакцтай.

 

Түүн дунд Монгол хэлний редакц ч байдаг гэнэ. Радиогийн дэргэд телевиз, сонин, сайт, фм ажилладаг. Тус радио нь  “Хятадыг дэлхий дахинд. Дэлхий дахиныг Хятадад. Дэлхий дахинд дэлхийг танилцуулна” гэсэн зорилгын дагуу ажилладаг байна. Тус радио нь 2005 оноос вэб сайттай болж, 65 хэлээр дэлхий дахинд мэдээллээ цацдаг гэнэ.

 

Ойрын хугацаанд олон хэлээр мэдээлэл хүргэдэг гар утасны апплейкшн хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тус радио нь 105 оронд фм-ийн салбарыг нээсэн бөгөөд Кунзийн сургалтын танхимыг  гадны 13 улсад ажиллуулж байгаагийн нэг нь Монголын Ү Цай сургууль аж.

 

Монгол хэлний редакцид манай гурван сэтгүүлч ажиллаж байна

 

 

Гадаадад 32 сэтгүүлчийн өртөөтэй. 4112 сонирхогчдын клубтэй. Вэб сайтын нэг өдрийн хандалт нь 24  сая гаруй. Тус радио нь Монгол хэлээр 1964 оноос нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Монгол хэлний редакц нь мөн дэргэдээ телевиз, сонин, вэб сайттай аж. 2002 онд Монголд фм-ээр нэвтрүүлэг цацаж байсан байна. Харин энэ жилээс 91.7 фм-ээр нэвтрүүлгээ цацаж  байгаа талаар Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дарга Э.Гэрэлт танилцуулсан юм.
 

 

Тус радиогийн гол салбар нь Үндэсний олон нийтийн радиогийн дэргэд ажилладаг. Мөн МҮОНР, Монцамэ агентлагтай ойр дотно харилцаатай байж иржээ. Хятадын олон улсын радио, МҮОНР нь 1992 оноос мэргэжилтэн солилцож эхэлсэн байна. Анхны мэргэжилтэн нь нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай байжээ. Одоо ч жил бүр Монголын сэтгүүлчид ирж ажилладаг бөгөөд гурван монгол ажилтан тус радиод ажиллаж байгаа гэнэ.

 

Танилцах уулзалтын үеэр Монголын радиогоос томилогдон тус улсад Монгол хэлний редакцийн сэтгүүлчээр ажиллаж байгаа Э.Эрдэнэсувд Хятадын хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын онцлогийг танилцуулсан. Хятадын олон улсын радио нь эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал гэсэн сэдвээр мэдээллээ дамжуулдаг ажээ.

 

Хятад улс замыг алттай зүйрлэдэг
 

 

Долдугаар сарын 1. Лхагва гаригийн өглөө бид БНХАУ-ын нийслэл Бээжингээс 250 км-ийн зайд орших Хэбэй мужийн Жан Бэй хотыг зорьсон юм. Автобусаар  дөрвөн цаг орчим явж байж зорьсон газартаа хүрэв. Тус хотыг хөтөч маань засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумтай зүйрлэсэн ч 3 сая гаруй хүнтэй, өндөр барилга, өргөн замтай, эмх цэгцтэй.

 

10 жилийн өмнө тавьсан гэх зам нь ганц ч нөхөөсгүй. Хөтөч маань энэ талаар “Хятад улс замыг алттай зүйрэлдэг. Зам тавих нь алтаа дэвсэж байгаа гэсэн үг. Алтаа сайн дэвссэн цагт эрдэнэ өөрөө урсаж орж ирнэ. Сайн замыг дагаад сайхан хот сүндэрлэнэ шүү дээ” хэмээн тайлбарласан. Түүний хэлсэн замын тухай тайлбарыг сонсоод манайхан “Зам дагаж хөгжил” гэж ярьдаг шигээ хийдэг болоосой хэмээн бодож суусан юм.

 

Эрэлхэг дайчдынхаа дурсгалд хүндэтгэл үзүүлэв

 

 

Хотоос урагш 15 километрт Үнэгэн буюу Жанчхүүгийн даваанд Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн амь үрэгдсэн баатруудын дурсгалын цогцолбор байрладаг аж. Манайхаар бол Зайсан толгойтой зүйрлэмээр 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг уг цогцолборын ойр орчмыг ой модоор хүрээлүүлж, төв дунд нь 28.8 метр өндөр цамхаг сүндэрлэнэ. 1945 онд Монгол ардын хувьсгалт цэргээс (МАХЦ) нас барсан, шархадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан анх хөшөө босгосон гэнэ.

 

 

1957 онд Төрийн зөвлөлийн шийдвэрээр дахин шинэчилж, өмнө хойд талд нь гурван улсын төрийн далбааг сийлсэн цамхаг болгон өөрчилсөн аж. Энэ нь гурван улсын найрамдлыг харуулсан бөгөөд нүүрэн талд нь Монгол Улсын далбааг байрлуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөж байв. Орой дээр нь “Монгол-Зөвлөлтийн холбоот цэргийн үрэгдсэн баатруудын дурсгалын цамхаг, бунхант цэцэрлэг” хэмээн ханзаар бичиж, эргэн тойронд “Монгол-Зөвлөлтийн дайчид өнө мөнх оршино”, “Эрхэм дээд найрамдал, ариун улаан халуун цус” хэмээн бичсэн байсан юм.

 

Баатарлаг монгол цэргүүдийн нэрийг мөнхжүүлжээ

 

 

Монгол улсын хилээс ердөө 560 км-т орших уг цогцолбор хөшөөнд МУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюуш, Магсар Жанчив, Б.Сахьяа, Манлайн Жүгдэр, Пэлжээгийн Нямаа, Гомбосүрэнгийн Дашдондог, Тувааны Самданжамц, Цэрэннадмидийн Маамуу, Доогийн Дагва, Гүнээгийн Лхамрагчаа, Галсангийн Чулуунбат,Сандагийн Шагдар, Батын Пүрэв нарын нэрсийг бунхны голд алтадсан үсгээр сийлжээ.

 

 

Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч, тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзэлсэн тул Орос, Монгол, Хятад гурван улс нэгдсэн гэдэг. Хэрвээ япончууд Хятадыг эзэлвэл Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай  байсан тул Монголын ардын армийн 21 мянга гаруй хувьсгалт цэрэг Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ гэсэн хоёр чиглэлээр оролцсон байна. Энэ үеэр нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-г нь монголчууд олзолж байсан гэнэ.

 

Чингисийн хөшөө буюу “Нэгэн үеийн тэнгэрлэг баатар”

 

Их дайнд амь насаа үл хайрлан тулалдаж явсан Монголынхоо эрэлхэг баатруудыг үеийн үед дуурсах учиртай гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн юм. Учир нь энэхүү дурсгалын цогцолборт хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын, тод өнгийн хувцас өмсөхгүй байхыг бидэнд өмнө нь сануулсан байсан тул хувцаслалтандаа анхаарал тавьж чадсан. Харин бунхант цогцолборт цэцэг өргөх ёслолын ажиллагаа, эрх чөлөөний төлөөх тэмцлийг хэрхэн хүндэтгэж үзэж байгааг хараад Хятадыг чөлөөлөх дайнд Монголын дайчдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй хэмээн тайлбарлагчийн хэлэхийг сонсоод нулимс өөрийн эрхгүй гарч орхисон.

 

 

БНХАУ-ын ард түмэн Монгол-Зөвлөлтийн дайчдын гавъяаг мартаагүй, олон нийтэд таниулан сурталчилж, хүндэтгэсээр иржээ. Бид ч бас монголынхоо дайчин эрсийнхээ түүхэн гавъяаг үеийн үед дурсах учиртай гэсэн бодол тээсээр Жан Бэй хотоос хөдөлсөн юм. Хотоос гарах замын баруун талд морь унасан баатарын хөшөө нүдэнд тусч хөтөчөөсөө асуувал энэ нутагт Чингис хаан ирж байсан гэдэг. Энэ бол Чингисийн хөшөө. Хөшөөн дээр “Нэгэн үеийн тэнгэрлэг баатар” гэсэн үг сийлжээ хэмээн тайлбарлаж өгсөн юм.

 

Хятадын эртний нийслэл Нанжин хотыг зорив

 

 

Долдугаар сарын 2. Пүрэв гаригийн өглөө Бээжингээс 1500 км зайд орших Хятадын эртний нийслэл, соёл, эдийн засгийн хөгжлөөр улсдаа тэргүүлдэг үйлдвэрлэлийн хот гэгддэг Жансу мужийн Наньжин хотыг зорьсон юм. 08:47 цагт Наньжин хотыг зорьсон хурдны галт тэрэг 305-310 км цагийн хурдтай давхиж, дөрвөн цагийн дараа бид зорьсон газраа ирсэн байв. Цаг хугацааг хэмнэсэн хурдны галт тэрэгний зам, өртөө, ая тухтай байдал зэргийг маш сайн зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн аж.

 

 

Наньжин хотыг Хятадын зуух гэж нэрлэдэг тул их халуун байгаа шүү гэдгийг хөтөч маань сануулсан тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байлаа. Хөх мөрний адагт, Жансу мужийн баруун өмнөд хэсэгт орших энэ хотод очиход гадаа +37 халуун бүгчим, зуух нэрэндээ тохирсон гэмээр. Халуун дулаан уур амьсгалд тохируулан ургуулсан гэх мод нь 15-30 метр өндөр ургаж, мөчирнүүд нь замыг, гудамжийг бүхэлдээ сүүдэрлэх аж.  

 

1500 километрийг туулан энд ирэхдээ 20 дугаар зууны хүн төрөлхтөний түүхэнд Наньжины их хядлага нэрээр хараар тэмдэглэгдсэн үлдсэн 1937 онд болсон дайны ул мөрийг харуулсан музейтэй танилцах байв.

 

70 жилийн өмнөх эмгэнэлт түүхийг сануулга болгон үлдээжээ 

 

 

Үдээс хойш бид “Наньжинд болсон их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор” буюу Японы түрэмгийлэгчид 1937 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Няньжин хотыг эзлэн, зургаан долоо хоногт 300 мянган эгэл жирийн хятад иргэдийг амь насыг хохироосон тухайн үеийг бодит үнэнийг илтгэсэн 10 мянга гаруй түүхийн баримт бүхий музейд очсон.

 

Энх цагт төрсөн та бидний зүүдэнд ч оромгүй дайн тулааны аймшигт цаг үе дахин хэзээ ч битгий давтагдаасай хэмээн 1985 оны наймдугаар сард уг музейг байгуулсан гэнэ. Өдгөө тус улсын иргэд гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин очиж, тухайн цаг үеийн үнэн түүхийг үзэж, хэзээ ч мартахааргүй дайны сүүдрийг мэдэрдэг болжээ.

 

Хятадын засаг захиргааны төв байсан энэ хотод 1 сая 10 мянган хүн оршин суудаг байсан бөгөөд дайны үеэр 500 мянган хүн дүрвэж, 100 мянган цэрэг хотоо хамгаалан үлдэж, 300 мянган хүн амиа алдсан аж. Тухайн үед Японы эзлэн түрэмгийлэгчид хүний санаанд оромгүй, аймшигтай хэрцгий, ёс бус аргаар хүний амийг егүүтгэж байжээ. Музейн гадна дайн байлдаан хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, зовж шаналж байгааг харуулсан баримлуудыг байрлуулсан байх аж.

 

 12 секунд тутамд нэг халуун амь

 

 

Амиа алдсан эгэл иргэдийн дурсгалын цогцолбор учраас музей бүхэлдээ хар саарал өнгөтэй, Их хядлагын үеэр 12 секунд тутамд нэг хүн амиа алдаж, нийт 20 мянга гаруй эмэгтэй хүчиндүүлсэн гэсэн аймшигт баримт байна. Энэ бүхнийг илчлэх гэрэл зургууд ч хангалттай арвин агаад тухайн үед Наньжинд амьдарч байсан гадаадын иргэдийн бичиж тэмдэглэсэн баримт бичиг зэргийг хадгалжээ.

 

 

Тухайлбал, Японы цэргийн хоёр офицер бахархалтай зогсох зурагны дор хэн нь олон хүний толгойг сэлмээр тасдаж хөнөөх вэ гэх тэмцээн зохиож, нэг нь 105, нөгөө нь 106 хүнийг хөнөөжээ. Ялагчаа тодруулж чадахгүй нь хэмээн ярилцаад дараагийн өдөр хэн нь түрүүлж 150 хүн хөнөөх вэ гэдэг тэмцээн эхлүүлсэн тухай баримтууд байх аж.

 

 

 

Харин өөр нэг танхимд долоон давхар, 208 хүний араг яс байх бөгөөд хядлага болсон тэр л газар музейг барьсан гэнэ. Дэлбэрэлтээс үлдсэн барилгын хана, айлын гэрийн дүр зураг тэр үеийг санагдуулам дүр зураг хүүхдийн уйлаан, эмэгтэйчүүдийн гаслан, хүмүүсийн зовлон шаналал дуулдах шиг зүрх базлуулсан мөчүүд үргэлжилсээр. Их хядлагыг зохион байгуулагч, удирдагч, тэмцээнд оролцсон хоёр офицер зэрэг хүмүүсийг хожим дэлхийн олон улсын төрийн тэргүүнүүд шүүн хэлэлцэж хожим Дайны гэмт хэрэгтнүүд хэмээн цаазаар авах ял оноосон аж.

 

“Мартаж болохгүй, уучилж болно"

 

 

Их хядлагын музейгээс гарсан хүмүүсийг цэлгэр том хиймэл нуур, Peace хэмээх бичигтэй, хүүхэд тэвэрсэн эмэгтэйн хөшөө угтана. Энэ бол хүн төрөлхтөн үргэлж энх тайван, амар амгалан байхыг бэлгэдсэн цогцолбор гэнэ. Хятадын ард түмэн өөрсдийн гашуун түүх, дайны хар мөрийг тод томруунаар үзүүлэх энэ цогцолборыг байгуулахын тулд 700 сая юань зарцуулсан аж.

 

 

Музейны ханан дээр "Мартаж болохгүй, уучилж болно" гэсэн бичиг байдаг бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг үндэсний хэмжээнд “Харууслын өдөр” болгон зарласан юм байна.

 

Түүхийн музей дотор гар урлалын бүтээлээ хийдэг

 

 

Долдугаар сарын 3. Баасан гаригт бид Нянжин хотын түүхийн музейтэй танилцсан юм. Тус музей хүн төрөлхтөний эртний түүхийг харуулсан танхимууд, үлэг гүрвэл, арслан заан зэргийг дэлхийн эртний түүхийг яс зэргийг  байршуулсан аж. Эртний энэ үзмэрүүдийг гадаадын улс орнуудаас худалдан авсан гэдгийг музейн тайлбарлагч онцолж байсан.

 

 

Тус музейн хувьд орчин үеийн дижитал технологийг түлхүү ашигласан үзмэрүүд цөөнгүй байсан юм. Мөн дэлгэцэн дээр эртний түүхийг хүүхэлдэйн киногоор харуулж, танхимд  хүүхдүүд уг түүхийн анхааралтай үзэж байгаа нь маш ихээр таалагдсан. Бид ч бас хүүхэд багачууддаа энэ аргаар эх түүхээ мэдэхэд нь тусалж болно доо гэж санагдсанаа нуух юун.

 

Хотын түүхийг харуулсан хэсэгт хятад улсын төдийгүй дэлхийн хотуудын он цагийн  хэлхээсээр аялуулсан бодит гудамж, талбай, байшин доторх байшингуудтай,  гэрэлтүүлэгтэй үзэгчдийн анхаарлыг татсан  гэрэл зураг авах гайхалтай орчинг бүрдүүлсэн аж. Хамгийн сонирхолтой нь жижигхэн байшингууд дотор гар урлалын бүтээлээ хийгээд шууд худалдаалж байгаа нь эрэлт хэрэгцээ өндөртэй байв. Сонирхол татсан уг музейтэй танилцаж дуусаад үдээс хойш бид Бээжин хотын зүг хөдөлсөн юм.

 

Нанжин хотын эмч нарын чадварыг бишрэв

 

 

Алсын замд гарсан хэн бүхэн эрүүл мэндийн байдлаа юуны өмнө анхаарч өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ бэлдэж, авч явдаг. Гэвч урьдчилан тааварлах аргагүй асуудал үүсэх нь ч бий. Нанжин хотод дөнгөж ирсэн даруйд багийн маань нэг гишүүний бие гэнэт муудаж яаралтай эмнэлэгт хүргэгдсэн юм. Тухайн үед олуулаа бужигнаад юуны учир нэг хүн маань эмнэлэгт хүргэгдсэн болох, яагаад бие нь муудсан гэдгийг мэдэж амжилгүй хөтөлбөрийн дагуу “Наньжинд болсон их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор”  руу хөдөлсөн билээ.

 

Орой буудалдаа ирцгээсэн хойноо эмнэлэгт гэнэт хүргэгдсэн нэг хүн маань шулуун гэдэсний хагалгаанд ороод удаагүй, сорви нь эдгэсэн байсан ч халуун уур амьсгал, ажлын ачааллаас үүдэн өвчин нь сэдэрсэн болохыг мэдсэн юм.

 

Өвчтнийг аюулгүй болсон цагт л буцаана гэв

Өвчтнийг тус хотын эмнэлэгт очингуут яаралтай хагалгаа хийж, амь насанд нь аюулгүй болгосон бөгөөд хэрвээ нэг л өдөр гүрийгээд явчихсан  бол цусанд нь бохир орох аюултай байсан гэнэ. Түүнийг эмнэлгээс гаргах боломжгүй цусанд бага гэлтгүй бохир орсон байна, бүрэн шинжилгээ хийж, цусыг халдваргүй болгож байж эмнэлгээс гаргана гэлээ. Нэг хүн маань гэнэт өвдөж сандаргасан ч түүний хувьд энэхүү аялал нь хувь  заяа түшсэн ажлын айлчлал байжээ гэж бид дүгнэж байлаа. Учир нь сэтгүүлч бидний хувьд хэзээ ч, хаашаа ч томилолтоор явах нь тодорхойгүй байдаг.

 

Хэрвээ өөр газар луу томилолтоор явж байгаад түүний эрүүл мэндэд асуудал үүссэн эмчилгээ хүндрэх байсан гэнэ. Учир нь Нанжин хотын эмч нарын хэлснээр шулуун гэдэсний хагалгаа халуун агаар, ажлын ачааллаас үүдэн сэдрэх аюултай гэдгийг хэлсэн юм. Харин Нанжин хотын эмнэлгийн хувьд шулуун гэдэсний хагалгаагаар Хятаддаа төдийгүй дэлхийд дээгүүрт ордог сайн эмнэлгүүдийн нэг байжээ. Хоёр улсын төрийн тэргүүний хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын айлчлал тул эмчилгээний бүх зардалыг тэд бүрэн даасан юм.

 

Бид түүнийг орхиод Бээжин хот руу хөдлөх болж, өвчтөний хамт ажилладаг нэг хүн нь, мөн аялалын туршид бидэнтэй хамт явсан Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Чэнь Яао орчуулагчийн хамт Наньжин хотод үлдсэн юм.

 

Цагаан хэрмийн нийт урт 8,851.8 км

 

 

Долдугаар сарын 4. Бямба гаригийн өглөө бид тус улсад очсон хэн бүхний  заавал очиж үзэх ёстой гэгддэг Хятадын цагаан хэрмэн  дээр гарсан. Биднийг очиход гадаад дотоодын жуулчид цагаан хэрэм рүү гарч, дурсгалын зураг татуулж, бэлэг сэлт авах зэргээр хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.

 

 

Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид хэрмүүд анх барьсан гэдэг. Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин ши хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ.

 

 

Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн бөгөөд Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил бүтээн байгуулалтын ажил зогссон байна. Харин Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь өдгөө хадгалагдаж үлджээ. Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байсан ба барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцоо бий.

 

Цагаан хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрдэг байна. Хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгосон бөгөөд олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан ажээ.

 

Ийнхүү үдээс хойш Бээжин хотоор чөлөөт аялал хийж, орой нь Наньжин хотод үлдсэн хоёр хүн маань ирж эмчилгээ амжилттай болсныг дуулгасаар бидэнтэй нэгдсэн. Ням гаригийн өглөө Монголын сэтгүүлчдийн ажлын айлчлал өндөрлөж нутгийн зүг хүлгийн жолоо залсан. Дайн гэдэг зөвхөн өөрийн үзэл бодол, үндэс угсаа, хэт туйлширсан занд хөтлөгдсөн хайрлах сэтгэлгүй,  араатнаас дор авиртай хүнийг бий болгодог гэлтэй. Төсөөлөхөд ч бэрх түүхийн үнэн баримтын нүдээр харсан болохоор дайны сүүдэр дахин хэн нэгнийг дайрч, аль нэг улс оронд дахин бүү тохиолдоосой гэж залбирсаар эх орондоо газардсан юм.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ