Б.Хонгор: Өнөөдөр аавыгаа л их үгүйлж байна

Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Баяраа агсны хүү Б.Хонгор аавынхаа сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьснаар олон жил болжээ.
Тэрбээр өнөөдөр болсон “Алдарын од” гардуулах хүндэтгэлийн ёслолд хүүтэйгээ хамт ирсэн байсан юм. Дуучин Б.Хонгортой ярилцлаа.
-“Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан өнөөдөр монголын анхны “Алдарын од”-ны эзэн боллоо. Сэтгэгдэлээ хуваалцаач?
-Маш их баяртай байна. “Соёл-Эрдэнэ” хамтлаг бол миний амьдрал, гэр бүлтэй салшгүй холбоотой. Энэ шагнал нүдээ оллоо гэж хэлмээр байна. “Соёл-Эрдэнэ” хамтлаг энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ ойтой давхцаад ийм шагнал гардаж авсанд чин сэтгэлээсээ баяртай байна /инээв/.
-Соёл-Эрдэнийн цаашдын ирээдүйг юу гэж боддог вэ?
-Хамтлагийн тухай Жагаа ахын маань бичсэн “Үл тасрах аялгуу” гэдэг ном бий. Тэр номонд энэ хамтлагийн маань тухай гэрэл гэгээтэйгээр сайхан бичсэн байдаг. Яг тэр ном шиг хамтлагийнхаа ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх дуртай.
-Таны хувьд багаасаа тус хамтлагийн бүрэлдэхүүнд орж, тайзнаа гарч ирснийг санаж байна.
-Тиймээ. Би ухаан орсон цагаасаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөө, тайз, тайзны ард өссөн. Тийм учраас “Соёл-Эрдэнэ” хамтлаг миний амьдралын үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг. Анх зургаан настай байхдаа “Соёл-Эрдэнэ” хамтлагтайгаа Соёлын төв өргөөний тайзнаа гарч дуулж байсан. Тухайн үед “Хэрвээ би шидтэн бол”, “Зүүдний Чингис” зэрэг дууг дуулж байсан. Энэ бол мартагдашгүй сайхан дурсамжуудын нэг. Өнөөдрийг хүртэл “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа бүрэлдэхүүнд явдагтаа би маш их баяртай байдаг. Энэ хамтлагт байгаа хүмүүс бол миний гэр бүл гэсэн үг. Энэ сайхан гэр бүлийн үр хүүхэд, үргэлжлэл нь болоод явдагтаа маш их талархалтай байдаг.
-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин байсан таны аав Баярыг өнөөдөр олон хүн дурсч байна. Хэрэв аав тань орчлонгийн мөнх бусыг үзүүлээгүй байсан бол өдгөө хэдэн настай хүн байх байв?
-Аав минь 60 нас хүрч байх байсан. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна гэдэг надад сайхан байдаг. Хэдийгээр аав минь өнөөдөр амьд сэрүүн биш ч гэлээ, түүний нэр хүнд, алдар гавьяа үргэлж миний дэргэд надтай хамт байдаг.
-Аавтайгаа дуулж байсан тэр сайхан цагийг эргэн дурсвал?
-Аав маань надад энэ хувь тавиланг өгсөн юм. Ухаан орсон цагаасаа эхлэн аавыгаа дагаж бэлтгэл, сургуулилтад нь явдаг байлаа. Анх зургаан настай байхдаа тайзан дээр нэг том тоглолтод оролцож байсан гэж ярьсан даа. Олны өмнө анх дуулсан нь тэр л дээ. Тухайн үед аав маань яагаад ч юм намайг өөрийнхөө хүү гэж хэлэхээс нуугаад “За одоо тэддүгээр цэцэрлэгийн бяцхан дуучин Баярын Хонгор дуулна” гээд л зарлачихсан. Өөртэй нь хамаагүй хүн зарлаж байгаа юм шиг л. Тэгсэн ч намайг тайзнаа гарахад л өөрийнх нь хүү гэдгийг мэдчихсэн юм даа.
Аав маань намайг тайзнаа гарахын өмнө их зоригжуулдаг байсан. За миний хүү “будаа болгоорой, бүжиглээрэй” гээд л онгирооно. Би гэж тэр үедээ мундаг том, бүжигчин хүн болчихно. Эстрад урлаг дөнгөж л хөгжиж, хүмүүс сонирхож, бас брек бүжиг моодонд орж байсан үе шүү дээ. Миний хүзүүгээр нэлээд хэд хэдэн гинж зүүж өгөөд, нүдний шил зүүлгэчихнэ. Уншигчид маань санаж байгаа байх Майкл Жексон шиг араараа гулгаад бүжиглэдэг байсныг. Тэр бүхнийг аав маань л заадаг байлаа. Одоо миний санаж байгаагаар тэр үед намайг гурав, дөрвөн удаа дахиулдаг байсан.
-Хэдэн нас хүртлээ “будаа болгодог” байв аа?
-Тэр үеэс хойш сургуульд ороод, аав маань ч биднийг орхин одсон. Сургуульд орсныхоо дараа Л.Галмандах багшид шавь орж, “Зүүдний Чингис” дууг дуулсан. Тухайн үедээ хүүхдүүдийн дунд нэлээд хит болсон шүү. Есөн өрлөгтэй чинь үг хаялцаад гээд эхэлдэг. Энэ дуугаараа би олон амжилтад хүрсэн.
-Аавтайгаа хамт дуулахдаа нэг гитар тоглоод байдаг тэр гитарыг хэн өгсөн бэ?
-"Соёл-Эрдэнэ” хамтлаг Алма–Аты хотод болсон урлагийн наадамд оролцоод том шагнал авсан юм. Тэр наадмаас ирэхдээ аав маань надад тэр гитарыг авчирч өгсөн. Аав харангуутаа л миний хүүд яг таарах юм байна гэж их шохоорхож авсан гэсэн. Гитарын бүхий л өнгө нь дуугардаг, амьд гитар байсан. Даанч тэр үед дарж чадахгүй, зүгээр л гараа хөдөлгөөд л зогсдог байлаа.
-Яг тэр их эрч хүчээрээ урлагийн сургуульд суралцах боломж байгаагүй юм уу?
-Байсан л даа. Яг тэр үед нийгмийн байдал хүнд байсан. 1991 он шүү дээ. Тухайн үед урлагийг сонирхох хүн төдий л байгаагүй. Амьдралаа, өнөө маргаашдаа идэх хоолоо бодож байснаас урлаг гэх хүн их цөөхөн байсан байх. Намайг өөр сургуульд оруулсан нь миний ээжийн холч ухаан байсан болов уу. Гэхдээ урлагийн сургуульд сураагүй ч гэсэн би дуулаад л явж байна шүү дээ.
-Хүн тэнгэр хальсан эцэг, эхээ баярлах, гуниглах үедээ хамгийн их санаж, үгүйлдэг гэдэг. Та хэр их үгүйлж байна.
-Тиймээ. Тэр үнэн үг шүү. Өнөөдөр аавыгаа маш их үгүйлж байна /хэсэг дуугүй болов/. Өнөө өглөө сэтгэл догодлоод үүрийн 05 цагт сэрсэн. “Соёл-Эрдэнэ” хамтлаг маань шагнал авна, бас тэдэнд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно, түүнд би дуулна гэж бодсон чинь нойр хүрдэггүй, унтаж чаддаггүй. Их зүйл бодогдож, их догодлолтой өглөөг унтлаа.
Өнөөдөр зөвхөн би ч биш, манай гэр бүлийн түүхийн хувьд сайхан өдөр болж байна. Миний амьдралд мартагдахааргүй сайхан өдөр байна. /инээв/.
-Нууц биш бол орой ямар дуу дуулах вэ?
-“18 нас”, “Хотын гэрэлт гудамж”, “Тэмээн жингийн цуваа” гэж дуунуудаа дуулна.
-Та анх аавынхаа дуунуудыг дуулж олны танил болсон. Одоо өөрийн урын сандаа хичнээн дуутай вэ?
-Хөгжим сонирхогчид тэр тусмаа залуус маань мэдэж байгаа байх, би хэд хэдэн цомог гаргасан байгаа. Би анхны цомгоо аавынхаа гэгээн дурсгалд зориулан гаргасан. Аавын маань дуулдаг байсан дуунууд он цагийн урсгалд хэзээ ч хуучрахгүй мундаг сайн дуунууд байсан болохоор, тэр дуунуудыг би ааваасаа хойш дуулсан. Тиймээс сонсогчид маань одоо хүртэл намайг тэр дуунуудаар хүлээн авдаг. Тэдгээр дуунууд 1960-1970-аад оны үед зохиогдсон шүү дээ. Гэтэл өнөө цаг үед хүмүүсийн хайртай дуу хэвээр л байгаа. Энэ цомгоо би 2005 онд гаргаж байсан.
Хэдийгээр 10 жил өнгөрч байгаа ч өдгөө би тэр дуугаар л овоглосоор байна шүү дээ. Хүн аав, ээждээ хайртай байдаг. Тэгвэл бас дуунд хайртай болдог юм байна, энэ хайр дурлалдаа олон жил үнэнч байж болдог юм байна гэж би боддог. Гадаадын дуунуудаас дээр үеийн “Hotel California” ч юм уу, жааз дуунуудыг одоо болтол хүмүүс сонссоор л байдаг. Түүн шиг “Аяны шувууд”, “Сэтгэлийн жигүүр”, “18 нас” зэрэг домог болсон нэлээд олон дуу байдаг даа. Тэдгээрийн заримыг нь би дуулдаг болохоор өөрийгөө азтай хүн гэж боддог.
-Та дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог болсон гэсэн. Ер нь сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна.
-Нэг цомог дээр ажиллаж байгаа. Гэхдээ гарах хараахан болоогүй байгаа. Дууны цаад утга санаа нь миний зүрх сэтгэлд буусан тохиолдолд би тэр дууг дуулдаг. Тийм болохоор сүүлд гаргаж буй дуунуудаа өөрөө зохиох гээд л хичээж байна.
Б.Дэжид
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ