Зуун зуунд дуурсагдах “Соёл-Эрдэнэ”

Бидний үеийнхэн Соёл-Эрдэнэ, Харш, Хөх тэнгэр, Өргөө, Хонх, Айзам зэрэг дээхнэ үеийн хамтлагийг youtube-д байдаг дуунуудаар нь л төсөөлдөг. Зорьж бус хааяа тохиолдлоор дуунуудыг нь сонсдог гэж болно. Тиймдээ ч одоогоос сар гаруйн өмнө болсон Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойн тоглолтыг үзэхдээ дуусах цагийг тэсэн ядан хүлээж, уйдсан “амьтан” гарч ирсэн биз. МУГЖ Б.Сарантуяагийн “Хархорин”-оос өөр дагаад аялчих дуу надад лав олдоогүй. Дагах дахилт ч байгаагүй гэхэд хилсдэхгүй.
Харин өчигдөр төв талбайд дуулагдсан Соёл-Эрдэнэ хамтлагийн 25 дуу бол өөр байсан шүү. Донжий (Тонжий ч байж магад) гэдэг дуунаас бусдыг нь дагаж аялах бус бүр дуулсан. “Тэмээн жингийн цуваа”, “18 нас”, “Хунгийн дуу”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дууг нь цугласан бүхэн нь дагаж дуулж харагдана лээ. Ёстой л “хоор”-оороо дуулсан. Товчхондоо Соёл-Эрдэнэ хамтлаг зуун дамжсан аялгууг бидэнд үлдээжээ. Харин Соёл-Эрдэнийн дууг дуулсан дуучдыг үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэж буй биз ээ.
Нартай борооны дусал шиг
Нүд гялбам хурцхан өнгөтэй
Наагиж байгаа ой шиг
Намуун зөөлөн аястай... гээд л сэтгэлийг жигүүрлүүлж,
Буцах хунгийн дуунаар сэрсэн
Урин намрын цагаан шөнөөр
Анхны цасны ширхэгт шингэж
Сормуус дээр чинь хайлах дөхлөө
Хунгийн дуу... хэмээн зүрхийг догдлуулан эгшиглэх дуунууд үнэхээр уянгалаг.
Алдарт “Цэнхэр залаа” бидний мэддэгээр цаг агаар энэ үдшийн чимэг байлаа. 45 жилийн дараа бөмбөрийн ард суусан бөмбөрчин Б.Цолмон, 40 жилийн дараа ятга тоглосон Б.Наранбаатар, Эрдэнэхуяг нарын авьяас, мэдрэмжээр хөлөгдсөн тэр аялгуу цугласан бүхний сэтгэл рүү урсаж байсан гэхэд болно.
1971 онд байгуулагдаж, тухайн үеийн Монголын урлагт шинэ эхлэл болсон Соёл-Эрдэнэ хамтлагийг уран бүтээл өндөр шүүлтүүрээр ордог байсныг хөтлөгч Г.Ганхүү тоглолтын дундуур ярьж, хурлын протоколыг ч уншиж сонирхуулав. Хурлын тэмдэглэлээс харвал тэдний урт үс том асуудал болж байжээ. Найрамдлын сэдэвтэй дуун дундуур хашгирсан, нийтийн өмчийн хөгжим зэмсгийг хэт балбаж нүдсэн зэргээр тэд чамгүй зэм хүртэж байсан аж. Өнөөгийн бидний ойлгохгүй албадлагын замаар явсан ч “Соёл-Эрдэнэ”-ийнхний авьяас чадварыг хэн ч хорьж дийлээгүйг 44 жилийн дараа дуурсах аялгуунаас харж болно. “Гаргасан жаахан амжилтандаа сагсуураад байна уу” гэсэн албаны хүний зэмд “Сагсуураагүй” гэсэн ганцхан үгээр хариулж, даруухан загнасан тухай тэмдэглэл ч өдгөө түүх болон үлджээ.
2016 онд Соёл-Эрдэнэ хамтлагийн 45 жилийн ой болно. Бараг л хагас зуунд дуулагдаж, дуурсагдаж буй энэ л уянгалаг аялгуунууд зуун зууныг дамжин цааш өртөөлөх нь дамжиггүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ