
АН-ын хувьд сонгууль эхэлсэн гэдгийг албан ёсоор зарлаж байна. Төрийн ордонд болсон 4:11 уулзалтаар тус намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас АН гарах цаг болсон. Бид үүргээ хангалттай биелүүлсэн, хариуцлагаа үүрнэ гэдгээ ч мэдэгдлээ. Түүний хэлсэн үгийг ямар нэг тайлбаргүйгээр хүргэе.
-Хоёр нам хамтраад гүйцэтгэх засаглалыг байгуулаад 3,5 жил болж байна. Цаг хугацааны аясаар бид олон зүйлийг мартсан байна. 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн болж таван хүний амь нас эрсдсэн хар өдрүүд болсон. Тиймээс сөргөлдөөнтэй байдлаар цааш явах уу, яах вэ гэдэг асуултын өмнө тулж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулж улстөрийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор ажиллах хэрэгтэй гэдэгт улстөрийн намууд санал нэгдсэн. Ингэснээр улстөр тогтворжиж, дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван тууллаа. Мөн олон жил дуншсан Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадлаа. Үйлдвэржилтийн томоохон ажлуудыг эхлүүллээ. Ер нь АН түүхэн үүргээ гүйцэтгэсэн. 2012 онд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хамт болох ёстой Хоёр нам тусдаа мөрийн хөтөлбөртэйгөөр өрсөлдөнө. Бид түүхэн үүргээ хангалттай биелүүлсэн учир одоо хамтарсан Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна. Удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Өнөөдөр би өөрийн байр сууриа илэрхийлж байна.
-Хамтарсан Засгийн газраас гарах болсноо АН-ын зүгээс Ерөнхий сайдад дуулгасан уу?
-Хамтарч ажиллаж байгаа болохоор дуулгасан, Хэвлэлийнхэн ч энэ тухай сүүлийн гурван жил дуулгасан. Хийвэл хийсэн шиг, хоншоортой, зангарагтай эрийн цээнд хүрсэн нам байх цаг АН-д бий. Хамтарснаар бялуу хуваахаас илүү хариуцлага хүлээсэн, бид.
-Хамтарсан Засгийн газарт сайд нарын харьцаа 60/40 хувьтай байсан. Дараагийн танхим бүрдтэл үүрэг гүйцэтгэгч байх уу?
-Хамтарч ажиллаж байсан юм чинь дараагийн засгийг байгуултал ажил үүргээ гүйцэтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ