
Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн
анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог чуулганы хуралдаанд танилцуулсан юм.
Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хүмүүсийн амьжиргааны түвшин улам доройтоод буй энэ үед бэлэн мөнгө зэргийг амлаад байх нь хэр явцтай вэ. Хөдөлмөрийн чадвартай хүмүүст аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгө тарааж өгч байхаар энэ хотын утаа зэрэг амин чухал асуудал, хойч ирээдүйд хэрэгтэй юманд мөнгө зарах нь зөв гэсэн юм.
Ингээд асуудлыг хэлэлцэх үеэр байнгын хорооны оруулж ирсэн саналын зарим томъёоллуудаар санал хураалт явуулж байхад гишүүдийн ирц хангалтгүй байснаас үүдэн зарим санал хураалт хүчингүй болж, хуралдаан хэсэг зуур саатах зэргээр нэлээд хойргодуу хуралдаан үргэлжилсэн. Үүнд УИХ-ын дарга анхаарал хандуулж, нийт гишүүдийн ирцийн асуудлыг чангатгахыг сануулж байлаа. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон идэвхтэй зарим гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт өгч дууссан бөгөөд дээрх нийгмийн халамжийн чиглэл бүхий хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр харьяа байнгын хороо руу нь явуулсан.
Дараагийн асуудал нь
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан.
Энэ үеэр хууль санаачлагч гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ, өмнөх байнгын хорооны хурлууд дээр зарим гишүүн “агентлагуудыг байршуулах тухай” хэмээн зөрүү ойлголт төрүүлэхээр яригдсан юм. Зүгээр л “эрх нээх” тухай асуудал яриад байгаа болохоос яг байршуулах тухай биш гэдгийг залруулан хэлж байлаа. Ингээд асуулт хариулт, санал цааш байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс өмнө хуралдаан замбараагүй, гишүүийн ирц хангалтгүй болсон байлаа. УИХ-ын дарга хуралдаа суухгүй байгаа гишүүдийн ирцийг бүртгээд сонгогчдод нь танилцуулна гэж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ