
АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдсэний дараа МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдсан юм. Үүний дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд өрөөндөө мэдэгдэл хийлээ.
-Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд тодорхой зүйл хэлэх нь зүйтэй гэж бодож байна. АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр надтай уулзаж хамтарсан Засгийн газраас гарах бодолтой байгаагаа хэлсэн.
Бидний өмнө дэвшүүлж тавьсан зорилтууд хийж дуусгах ёстой олон зүйл байгаа. Улс орныхоо хөгжлийн үүднээс хамтарч ажиллах ёстой гэсэн саналыг тавьсан. АН-ын удирдлага мэдэгдэл гаргаж 2012 оны УИХ-ын сонгуулийг угтаж АН хамтарсан Засгийн газраас гарах бодолтой байгаа талаар хэлжээ. Монголчууд бид ярьдаг "ханилж яваад нөхрөө унаж яваад морио" гэдэг шиг зүйл болж байна. 2008 оны сонгуулийн үр дүнд МАН 46 суудал авсан. Улс орныхоо хөгжлийн томоохон асуудлыг хамтад нь шийдье, хамтарч байж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх юм байна, эв нэгдэлтэйгээр улс орныхоо эрх ашгийн үүднээс шийднэ гэдгийг урьтал болгож АН-ыг Засгийн газар байгуулахдаа урьсан. Энэ бол хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газраа байгуулсан хэрэг. АН-ын удирдлага ардчилсан Засгийн газрыг байгуулах ёстой гэж хэлсэнд би харамсаж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан эцсийн зорилго хамтарч хөтөлбөрөө боловсруулаад үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Энэ нь улс орныг минь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа АН ийм мэдэгдэл хийнэ гэдгийг мэдээгүй байсан. Бид хамтарсан санхүү эдийн засгийн том хямралыг туулсан, өвлийн зуд турхныг туулж чадсан, эдийн засгийн их өсөлтийг суурийг тавьж чадсан. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг болохоор ажлаа дуусгах хэрэгтэй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувийн биелэлттэй байгаа. АН-ын нөхдүүд үндэсний зөвлөлдөх хороогоороо ярьж шийднэ гэсэн байсан. Тэгэхээр хариуцлагатай ярих байх. Улс орны хөгжил, ард түнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадна гэж найдаж байна. 2008 онд зөвхөн сонгууль бодож сонгуулийн үр дүнгээр ажиллаж бус ажлын үр дүн, эдийн засгийн, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах ёстой. Бид цаашдаа энэ зарчмаараа ажиллах болно. Бид хамтарсан Засгийн газар байгуулахдаа улстөрийн шийдвэр гаргасан. Хамтарсан Засгийн газрын гэрээнд хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орох ч хөгжлийн төлөө хөтөлбөрүүд дээр хамтарч явна гэсэн байгаа. Мөн сонгуулийн дараа дараагийн парламент бүрдтэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой. Хоёр нам зөвшилцөж, байж хамтарсан Засгийн газраас гарна гэж заасан байгаа хэмээн мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ