
Тэшүүрийн спортын ОУХМ Г.Ууганбаатар Герман улсын Инцль хотноо энэ өдрүүдэд бэлтгэл хийж байгаа бол МТХ, Сочи-2014 өвлийн олимпийн наадамд энэ тамирчиндаа олимпийн өрсөлдөөний гол найдлагаа тавьж байгаа ажээ. Тэгвэл ОУХМ Д.Дэлгэрмаа энэ сарын 7-9-ны өдрүүдэд Астанад болох Азийн АШТ-ий гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцохоор эх орноосоо мордсон байна. Харин спортын мастер А.Энх-Ариун Авсрийн Инсбрук хотноо энэ сарын 13-22-ны хооронд болох залуучуудын өвлийн олимпийн анхдугаар наадамд өрсөлдөнө. Харин бусад тамирчдын тухайд дотооддоо 2-р сарын 17-19-нд болох Дүүргүүдийн АШТ болон 3-р сарын 4-нд Хандгайтад явагдах өсвөрийн УАШТ-д оролцох бэлтгэлээ хийж байна. Энэ он бол Бүх ард түмний спартикадын жил. 4 жилд нэг удаа болдог Бүх ард түмний спартикадад өрсөлдөхөөр тамирчин бүр бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа юм. Тэшүүрчид МҮОХ-ны дэргэд байрладаг Софт теннисний талбайд зассан талбай дээр өдөр бүр бэлтгэлээ хийж байна. Харин МТХ, дүүргүүдийн болон өсвөрийн УАШТ-ээ өмнөх жилүүд шигээ төв цэнгэлдэхэд зохион байгуулах гэсэн боловч тэндэхийн үнэ ханш 7-8 сая төгрөг гэсэн учраас Хандгайтад талбай засахаар хүмүүс ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар Монголын тэшүүрийн шигшээ багт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин нэг дасгалжуулагчын удирдлага дор энэ спортоор хичээллэж байна. Өмнө нь тэшүүрийн шигшээ багт 10 гаруй тамирчин хичээллэдэг байсан бол манай улс зах зээлд шилжсэнээс хойш энэ спортоор хичээллэх хүмүүсийн тоо эрс багасчээ. Гэхдээ сүүлийн үед хөдөө орон нутаг тэр дундаа Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Булган, энэ аймгийн Могод, Хишиг-Өндөр сумын тамирчид, мөн Сэлэнгэ аймгийн тамирчид тэшүүрийн спортоор өргөнөөр хичээллэх болсон байна. Мөн саяхан МҮОХ, МТХ хамтран аймгуудад хэд хэдэн тэшүүр хуваарилан өгчээ. Энэ нь ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэж найдаж байна гэж МТХ-ныхон ярьж байлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ