Мал, махны экспортыг яаралтай шийдэхийг хүсэв
2015-09-10

 

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг”-ийн мэдээлэлд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар оролцлоо.  Тэд Мал, махны экспортыг дэмжих чиглэлд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Өмнө нь тус бүлгийн нэр бүхий гишүүд энэ чиглэлээр Ерөнхий сайдад хандаж шаардлага хүргүүлж байсан аж. Бүлгээс тавьж байгаа шаардлагад малыг хөлөөр нь, мөн махыг нь экспортод гаргахын зэрэгцээ мах экспортлох компанийн тоог нэмэгдүүлэх. Ингэхдээ малын махыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд борлуулах. Малын гаралтай мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малчдын нөхөрлөл, хоршоонд зээл олгох, татварын таатай орчин бий болгохыг хүсчээ.

 

Монгол Улсын мал сүрэг одоогоор 60 сая толгойд хүрсэн байна. Тодорхой хувийг экспортод гаргавал эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоо бүрдэнэ, нөгөө талдаа малчдын амьжиргааг нь дээшлүүлэх боломжтой болох аж.

 

Нөгөөтэйгүүр, 2010 онд Монгол Улс 24 мянган тонн махыг экспортод гаргаж байсан бол жил дараалан буурсаар 2014 онд 1.8 мянган тонн болжээ. Энэ бол Засгийн газрын бодлогын алдаатай холбоотой. Орон нутагт хонь 60 мянган төгрөг болж буурсан. Малчид оюутан хүүхдээ сургах болоход сургалтын төлбөр нэмэгдсэн, байрны үнэ өссөн. Дээр нь эдийн засаг хүндэрсэн, ноос, ноолуурын үнэ буусан. Ноос, ноолуурт олгодог урамшуулал болох 21 тэрбум төгрөг, арьс ширний урамшуулалд олгодог 25 тэрбум төгрөгийг одоо хэр нь Сангийн яамнаас гаргаагүй байгаа нь малчдын амьжиргааг улам доройтуулж байна хэмээн гишүүн А.Тлейхан гэлээ.

 

Мал аж ахуйн салбарыг уул уурхайн салбартай харьцуулахад нөхөгддөг гэдгээрээ онцлогтой аж. Мөн жил бүрийн махны экспортоос 800 сая ам.доллар олох боломжтой гэнэ.  Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуутад хариулав.

 

-Махны экспорт буурсан шалтгаан юу  вэ?

 

-Монгол Улс голлон ОХУ-руу мах экспортолсоор ирсэн. Үхэр, адууны мах голлон авдаг. Мах экспортлогч компаниудтай энэ талаар ярихад гол бэрхшээл нь ОХУ-ын Гаалийн татварын хэмжээ өндөр болсон нь махны үнэд нөлөө үзүүлэх болсон. Өнгөрсөн жилээс эхэлж Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээгээ яаралтай дуусгаад махаа экспортлох шаардлагатай.

 

Өмнө нь ОХУ-руу мах экспортлох зөвшөөрөл авсан хоёрхон компани байсан бол одоо 7, Хятад руу 6 үйлдвэр мах экспортлох зөвшөөрлийг тус бүр авч нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэгч талдаа  мах экспортлох боломж нь байна. Засгийн газар хорио цээрийн дэглэм, мал эмнэлгийн асуудал дээрээ шийдвэртэй алхам авах ёстой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Отгонбаяр гишүүнээь Монголд мал эмнэлгийг байх ёстой журам, шаардлагаар нь ажиллуулаад, одоогийн удирдлагыг эрс өөрчлөн,улс төрөөс салгаад, мэргэжилийн алба болговол сая махны экспорт ярих алхам хийж болно. ГЭрээ, хэлэлцээр мөн ч их байна. Ганцхан мал эмнэлэг будаа болоод удаж байна. Гарц мал эмнэлгийн газарт аянга буулгаж, чадваржуулах, цэвэрлэх.
2015-09-10
Зочин:
Мах экспортлох ямар шаардлага байна! Оорсдоо арай хямд мах идье л дээ
2015-09-10