Монгол цэргүүд асуудалгүй гэхийг сонсоод санаа амардаг

Зэвсэгт хүчний Жанжин штабын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
Ёслолын хувцсаар ижилсэж, алтан соёмбот төрийн далбаанынхаа дор эгнэн жигдэрсэн Монгол цэргийн жавхаалаг, сүрлэг жагсаалыг командалж алхсан дэд хурандааг ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалыг сэтгэл догдлон үзсэн хэн бүхэн эчнээ таниж буй байх.
Монгол цэргүүд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд зохион байгуулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож ирээд удаагүй байхад түүнтэй уулзсан юм. Цэргийн хүний гүдэс шулуун зан, цэргүүдээ энэрэн хайрлах, тэднээрээ бахархах сэтгэл шингэсэн түүний ярилцлагыг хүргэж байна.
-За сайн явж ирэв үү?
-Сайн, сайхан явж ирлээ.
-Монгол цэргүүдээ командлаад, эх орноо төлөөлөөд бас нэгэн ёслолын жагсаалд хүндэтгэлтэйгээр оролцоод ирлээ.
-Энэ жил ялалтын баярт зориулсан сайхан арга хэмжээ улс орнуудад болж байна. ОХУ-ын Москва хотноо болон Ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс төлөөлөл болон бие бүрэлдэхүүн оролцсон. Монгол Улс ч ялалтын баярыг өргөн тэмдэглэлээ. БНХАУ-ын Бээжин хотноо ч мөн арга хэмжээ боллоо. Бид энэ бүх арга хэмжээнд оролцож, цэргийн ёслолын жагсаалд алхаад ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Улсаа төлөөлөн явна гэдэг маш том хариуцлага. Залуустайгаа хоёр сар шахуу бэлтгэл хийгээд цэргийн ёслолын жагсаалд оролцсон. Хоёр том гүрэнд болж байгаа ёслолын жагсаал өөр, өөрийн онцлогтой байлаа. Тэр болгонд нь Монгол Улс сайхан, амжилттай оролцоод ирлээ.
-Хугацаа бага байсан. Бээжинд алхах жагсаалын бэлтгэлийг хэрхэн базаасан бэ?
-Зөвхөн тухайн орны ёслолын жагсаалын хөгжимд нь тохируулж алхахаас эхлээд бэлтгэл их нарийн. Бид Москвад нэг минутад 124 метр алхсан. Харин Монголдоо 120 метр алхдаг. Тэгвэл сая Бээжинд 112 метр гээд ялгаатай. Хурд, хөл хоорондын зай бүх л юм өөр байлаа. Тэр болгонд хоёр сар шахуу бэлтгэсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүх анги салбар, Хилийн цэргийн анги салбаруудаас сонгон шалгаруулж авсан 74 залуу оролцсон. Манай залуус ч итгэл, зүтгэлтэй байсан. Тэдэнтэйгээ Хүндэт харуулын анги, нисэхийн урт талбай дээр бэлтгэлээ хийлээ. Манай Чингисийн талбай 150 метр, ОХУ-д бол 280 метр орчимд алхаж байсан. Харин БНХАУ-ынх бол илүү урт бид зогсож байгаа байрнаасаа алхаад явахад 1290 метр орчим, түүний 820 метрт цэргийн ёслолын жагсаалаар алхах ёстой. Тиймээс бид нисэхийн урт талбайг сонгож бэлтгэлээ хийсэн юм.
-Гар, хөлийн бэлтгэлээс гадна олон нарийн зүйл бий биз дээ?
-ЗХЖШ-ын даргын тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу бэлдсэн. Хүн нэг бүрийн, эгнээний, салааны, хайрцгийн зэрэг тусдаа үе шаттай. Хөл, гарын, нүүр царайны гээд өчнөөн олон. Хоёр хөлдөө 1.5 кг-тай хүндрүүлэгч, хоёр гартаа мөн хүндрүүлэгч зүүгээд бэлтгэл хийсэн. Тэгж байж тэр том талбайг эцэж, цуцахгүй чөлөөтэй туулна. Залуус минь маш их хичээж байсан. Бэлтгэлийг давхар онолын хичээлээр ордог. Зүгээр нэг байгаа царайгаараа орчихгүй шүү дээ. Монгол цэрэг эрийн зоригтой, хурц, эрэмгий сайхан дүр төрхийг харуулах хэрэгтэй. Гэхдээ жүжиглэх биш. Бас гоо сайхандаа анхаарна. Байнга гадаа бэлтгэл хийхээр харлачих гээд байдаг. Улсаа төлөөлж байгаа хүмүүс чинь тас хар царайтай явж болохгүй. Энэ тал дээр манай залуусын гэрийхэн нэлээн анхаарсан. Гоо сайхны хичээл хүртэл орж, нэлээн анхаарал хандуулсан.
-БНХАУ-д олон улсын цэргүүдийг хамарсан үйл ажиллагаа мэдээж болсон байх. Яг л та нар Москвад “День победы”-г дуулж, оросуудын сэтгэлийг хөдөлгөсөн шиг.
-Бидэнд Монгол Улс гэж ямар улс байдаг, ямар үед хэрхэн сурталчлах вэ гэдэг тактик байлгүй яахав бас. Яг ямар үе, торгон агшинд юуг гаргаж ирвэл хүмүүст илүү хүрч, сонирхох вэ гэдгийг бодох, гаргаж ирэх тохиолдол их байлаа энэ хоёр жагсаалд оролцох үеэр. Сая Бээжинд нэг урлагийн тоглолт болсон юм. Тэр тоглолт дээр манайхан БНХАУ-ын цэргийн ансамблийн дуучидтай хамтарч монгол дуугаа бадаг бадгаар нь хятад, монгол хэлээр дууллаа. Тус улсын ард түмэн сайхан хүлээж авсан. Мөн “Надежда” дууг тэнд цэргүүд нь байсан бүх орны хэлээр дууллаа манай цэргүүд. Серби, орос, хятад, испани гээд л. Бидний үзүүлбэр тэр том зааланд байсан хэдэн мянган хүнийг бүгдийг нь босгож алга ташуулж чадсан. Монгол дээлтэйгээ, өөр янз бүрийн хувцастай гараад л дуулсан. Манай залуус сэргэлэн байсан шүү. Байгаа газраа хөрвөж, дасан зохицон, цагийг байдлыг мэдэрч чадаж байгаад л гол нь байгаа юм. Тэрнээс биш тэнд гарчихаад янз бүрийн юм хийгээд зогсоод байвал хэцүү.
-Харин одоо “День Победы”-г дуулснаа манай уншигчдад ярих уу?
-/Инээв.сур/. Ялалтын парадад оролцохоор ирсэн бүх орны цэргүүд Москва хотноо Ю.Никулины нэрэмжит төв циркд тоглолт үзсэн. Гарч ирээд жагсахад хамгийн дээд талд монголчууд жагсчихсан байсан. Санамсаргүйгээр. Биднээс доош бусад орны цэргүүд. Ялалтын баярт зориулсан цирк учраас оросууд маш олуулаа үзсэн. Тэндээс гарахдаа энэ ард түмэнд нэг бэлэг барьчихъя гэж бодож байсан. Тэгээд л “День победы”-г дуулаад алхсан. Оросын ард түмэн маш гоё хүлээн авч, хүүхэд хөгшидгүй ёслоод, хамтдаа дуулаад л. Хамгийн урд алхаж байгаа Монгол цэргүүд дээр овоорч дагаад, ар талд бусад орон чив чимээгүй л алхаад байдаг /инээв.сур/. Энэ бол тухайн үеийн цагийн байдлыг үнэлж гаргасан шийдвэр байсан. Бид эндээс “День победы”, “Катюша”, “Смуглянка” гээд гурван дуу бэлдээд явсан. Оросууд “День победы”-ыг жагсаалд дуулдаггүй. Манайх бол бүр жагсаалд дуулахаар явсан юм.
Мөн оросд шөнийн парад гэж байдаг. Оросын ард түмэн ч их сонирхдог. Нэг удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцаг ганцаараа ямар ч хөдөлгөөнгүй хоёр цаг номхон зогссон. Бусад орон шөнийн парадаа хийчихсэн жаахан амарсан маягтай. Би залуучуудаа хараг гэж бодоод ямар ч хөдөлгөөнгүй зогсоож байгаад монгол, орос хоёр дуу дуулуулсан. Тэнд байсан бүхэн алга ташаад бас л сайхан хүлээж авч байсан.
-Олон улсын цэргүүдийн бэлтгэл энэ тэрийг бас дүгнэж, ярилцана биз.
-Тэгэлгүй яахав. Орой бүр дүнгийн хурал энэ тэр болно. Би чих тавиад л Монгол зайгаа олсонгүй, хөл, гараа ингэлээ тэглээ гэж хэлэх вий гээд санаа зовно. Хамгийн түрүүнд Монгол цэрэгт асуудал байхгүй гэдгийг сонсоод санаа амарч байгаа юм чинь. Өдөр болгон ийм үг сонсох их сайхан. Гэтэл зөндөө орон болохгүй, бүтэхгүй байна гэж хэлүүлдэг. Монголтой ярих асуудал байхгүй гэхээр л эх орноо төлөөлж явсны хэрэг гарч, бид чадаж байна даа л гэж бодогддог юм.
-БНХАУ-д хамтарсан бэлтгэлийг Тянь-Аньмэний талбайг яг дуурайлгасан талбайд хийж байна гэж мэдээлж байсан.
-Жагсаалын том талбайг хувааж улсуудын нэрийг бичсэн байсан. Энэ бол монголынх гээд тэндээ бэлтгэлээ хийнэ. Хамтарсан бэлтгэлийг бас тусдаа талбайд гүйцэтгэнэ. Нэгдсэн буюу БНХАУ-ын цэрэгтэй хамтарсан бэлтгэлийг яг Тянь-Аньмэний талбайг дуурайлган байгуулсан талбайд хийж байсан. Зохион байгуулалт өндөр хэмжээнд байлаа.
-Туршлага хуримтлуулж, санаа оноо авах зүйл байв уу?
-Жагсаалын хувьд тэгэлгүй яахав. Бэлдэж байгаа орнуудыг харж байлаа. Манай арга барил ч бас муудаад байх юм алга. Санаа оноо авах юм байна. Хувцас формны хувьд ч сайхан юм зөндөө байсан.
-Хэдий цэргийн хүмүүс нэг команд, үгийн дор нэгдэж чаддаг ч газар, газраас цугларсан 70 гаруй хүнийг богино хугацаанд нэг жагсаал, нэг нэрийн дор нэгтгэх их хариуцлагатай ажил байсан байх.
-Эх орныхоо торгон хилийг манаад зогсож байсан хилчнээс эхлээд биесээ танихгүй 70 гаруй залуус Монгол Улсын өнцөг булан бүрээс цугларсан. Анхан шатны мэдлэгийг онолоор ороод, нэгтгэж, эвлүүлэхийн тулд соёл хүмүүжлийн ажил зохиож байсан. Дарга нарын тактик янз бүр байх. Би нэг удаа бүгдийг нь ядрааж, тэр үед бие биедээ хэрхэн туслах нь вэ гэдгийг нь хардаг. Нэгийнхээ ааш, араншиг таних хэрэгтэй. Энэ бол зөвхөн жагсаал биш цэргийн бэлэн байдал, тэсвэр тэвчээр бүх зүйл. Нисэхийн талбай дээр нэг удаа одоо болиосой гэтэл нь бэлтгэл хийлгээд амраах үедээ байдлыг нь харж, ямар байх ёстойг нь яриад өгчихсөн. Нэг 1200 метр алхаад үзээрэй. Хөл тавиад алхана гэдэг бол агуу шүү дээ. Машин дотроо маршийн ая тавьчихаад дагаж, хянаж, зааварлаад 1300 метр газар хөл тавиулж алхуулчихаад, зогсоогоод үүрэгдэхэд бүгдийнх нь хөл чичирч байдаг байхгүй юу. Тэгээд эмчээ дуудаж цэврүүтэж холгосон, шалбарсан эсэхийг нь үзүүлээд, ийм үед тэгнэ, ингэнэ гээд залуустай гоё ярина. Залуустаа хоорондоо маш авцалдаатай бай гэж захидаг. Сүүлдээ бие, биенээ мэддэг, мэдэрдэг болчихдог.
-Эх орны өнцөг булан бүрээс алба хаагчдыг цуглуулсан нь их онцлогтой болсон гэж харж байна.
-Тийм. Өнцөг булан бүрээс авсан гэдэг нь хамгийн гоё байгаа юм. Яагаад гэхээр Зэвсэгт хүчинд жагсаалын дамжаа гэж байдаггүй цэргийн сургуульд сурснаараа гараад ирдэг. Сая тэд арга барил, онол дадлага бүгдийг сурсан. Эргээд хилийн заставтаа, ангидаа очицгооно. Тэд цаанаа очоод зааж, сургаад ирвэл жагсаалд нэг том алхам болж байна гэсэн үг. Өнгөрсөн долоодугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр алхсан цэргийн жагсаалд ОХУ-д болсон парадад явсан залуучууд хайрцаг командлаад, хайрцгийн урд ангийнхаа туганд алхаж байхад би маш их баярлаж байлаа. Бэлтгэгдээд, юм үзээд ирсэн залуус бусдадаа зааж, хийж байгаа. Дэвшилттэй тал их байна. Мөн залуус Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин гэх юм байхгүй хоорондоо эвлээд нэг гэр бүл шиг болцгоочихдог.
-Та бүхнийг дэлхий харж байхад, цэргүүдээ командлаад алхахад ямар мэдрэмж төрдөг юм бол?
-Хэцүү шүү дээ. Тухайн үед сэтгэл өндөр байна гэж байхгүй. Айдастай л байдаг. Хүн чинь хүн шүү дээ. Санамсаргүй нэг нь бүдэрвэл яах вэ, тэр 70 хүнээс нэг нь бүдэрчихэд л хамаг юм утгаа алдана. Зөвхөн тэр хайрцгийн утга учир биш Монгол Улс ямархуу бэлтгэлтэй явж байгаа нь харагдах байхгүй юу. Зарим орны хайрцаг чинь хөлөө олохгүй хүртэл яваад өнгөрөх тохиолдол байна. Ер нь хамгийн том үнэлгээг ард түмэн өгдөг. Би Москвагийн Улаан талбайд алхахынхаа өмнөхөн алхах гэж байна гээд эхнэр, эгч хоёр руугаа ярьж байсан. Ёслолын жагсаалд алхаад гараад ирчихсэн хойно нэг хэсэг чимээгүй болдог. Өөрөө өөртөө дүн тавьж явахгүй шүү дээ. Хойшоо харахгүй, ямар явснаа мэдэхгүй. Сая Бээжинд яг тийм. Бүгд автобусанд ороод чив чимээгүй. Бидэнд утас, аппарат юу ч байхгүй. Тэгээд эгч, ах гээд ойрын хүмүүс рүүгээ яриад гоё боллоо гэвэл нэг амьсгаа авч байгаа юм. Тэд чинь бидэнд тийм, ийм байсан гэж үнэнийг хэлнэ шүү дээ. Хүрч ирсний дараа найз нөхөд сайхан ярьж, зөвлөнө.
-Та хоёр том гүрний цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргээ залж алхлаа. Энэ бас хэн бүхэнд тохиогоод байхгүй хувь биз ээ.
-Би Монгол Улсын Төрийн Хүндэт харуулын 26 дахь дарга байгаа юм. Хүндэт харуулд долоон жил ажилласан. Залуугаасаа жагсаалаар нэлээн явсан. Биднийг ОХУ-аас ирсний дараа БНХАУ-аас урилга ирсэн. Тэгээд дээрээс тушаал шийдвэр гараад би цэргээ командалж явахаар болсон. Намайг тоож жагсаал бэлдүүлж, ахлуулж явуулсан Зэвсэгт хүчиндээ баярлаж байгаа. Өөрийн чинь хэлдгээр хувь тохиол, том “шагнал” юм даа. Цэргийнхэн бүгд жагсаалтай хүмүүс Бээжин рүү өөр хүн явж болох л байсан. Монгол Улс анх удаа ингэж гадагшаа жагсаалд оролцсон. Би бодоод үзсэн чинь энэ жил дэлхийн өргөрөгөөр парадад алхчихсан байна лээ. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд, долоодугаар сарын 10-нд эх орондоо Чингис хааны талбайд ЗХЖШ-ынхаа хайрцгийн өмнө, есдүгээр сарын 3-нд Бээжингийн төв талбайд алхлаа. Өвөө болох үеийнхээ ярианы сэдвийг маш их бэлтгэлээ гэж боддог шүү дээ /инээв.сур/. Цэргийн хүний амьдрал маш сайхан. Зэвсэгт хүчнийхээ буянаар Африкт хоёр удаа, Афганистанд улсад нэг удаа цэргийн баг удирдаж ажиллагаанд оролцсон. Монгол цэрэг дэлхийн хүн төрөлхтний уй гашуу, зовлон зүдгүүртэй үе, баяр баясалтай мөчид нь байж чадаж байна гэдэг чинь агуу. Монгол Улс хаана ч байж чадаж байна гэдэг чинь агуу юм байхгүй юу. Тэр болгонд нь голлох үүрэг гүйцэтгэж, аль ч орноос дутахгүй явж буй нь хамгийн гол. Ийнхүү Монгол гэдэг нэрээ өндөрт өргөж яваа нь тухайн хүний хариуцлага, цэргийн дадлага, мэдлэг, ямархуу чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж байгааг харуулж буй юм.
-Биднийг энд алхах эрхийг ахмад дайчид минь авчирсан гэлээ та.
-Бид энэ ёслолын жагсаалд алхана гэдэг чинь учиртай. 70 жилийн өмнө ахмад дайчид бидэнд энэ эрхийг аваад өгчихсөн байгаа байхгүй юу. Юуны өмнө тэдэндээ баярлах хэрэгтэй. Тэдний байгуулсан гавьяаг өнөөдөр эдэлж яваа юм бид. Нэгэнт аваад өгчихсөн эрхийг бид зүгээр өнгөрөөж болохгүй, боломжийг ашиглан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарыг бусад оронд сурталчлах ёстой байсан. Манай залуус ч үүргээ сайн биелүүлсэн. Тэд гадаад, дотоод яваад янз бүрийн ажиллагаанд оролцоод сурчихсан, хүнтэй харьцах эвээ олчихсон хүмүүс. Ерөөсөө орой болохоор манай байрны өмнө бужигнасан юм болно. Бусад орны цэргүүд манай хэд рүү ирж байгаа нь тэр. Манай хэд чинь дэгтэй, би юм хэлэхгүй бол тэгээд аяархан, чимээгүй л байж байна. Амралт, чөлөөт цагаараа бусад орны цэргүүдтэй уулзах үедээ л сэтгэлийг нь татчихдаг юм шиг байгаа юм. Манай залуусыг зорьж ирж юм ярина. Цэргийнхэн чинь хоорондоо элдэв тэмдэг солилцох дуртай. Манай цэргүүд дээр ирээд солилцоно. Сүүлдээ бүр бусад орныг хооронд нь холбох зуучлагч маягтай. Би өөрийнхөө хэдэд санаа зовдоггүй юм. Учраа мэддэг. Бүгдээрээ ямар түшинд байх ёстой, хэрэв түүнээс хэтэрвэл ямар юм болох вэ гэдгийг мэддэг юм манай залуус.
Ярилцсанд баярлалаа. Монгол цэргийн хийморь өөдөө байг.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ