Л.Одончимэд: Дарьганга-Хутагтын говь-Галбын гурван хийд гэсэн жуулчлалын маршрут бий болгоно

img

Ганга нуурын  чуулган-2015” аялал жуулчлалын өдрүүдээр Ганга нуур, Дарьгангын байгалийн цогцолбор газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх  сэдвээр эрдэмтэд чуулсан юм. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэдтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Юуны өмнө таныг энэ зун аялал жуулчлалын бүс нутгаар явж амарсан гэж дуулсан. Аян замын сониноосоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?

 

-Урин дулааны улирлыг амралт, судалгаа хослуулж бага ч гэсэн нийгэмд ашигтай зүйл санаж сэдэх нь уран бүтээлч, судлаач хүмүүсийн зорилго байх ёстой гэж боддог. Өнгөрсөн онд Хэнтий, Дорнодоор явсан. Энэ жил Архангай, Хөвсгөл, Булганаар явлаа. Манайд аялал жуулчлалын бизнес хөгжүүлэх боломжийг л судлаад байгаа санаатай юм.

 

-Тэгээд боломж хэр их байна гэж танд бодогдов?

 

- Бүр социализмын үед би МҮЭ-д гадаадын жуулчдыг авч үйлчлэх асуудал эрхэлж явсан хүн. Аялал жуулчлал гэдэг хэлэхэд амар, санахад сайхан ч мөнгө олох утгаар нь авч үзвэл хэцүү.Ямар замаар явуулж,юу үзүүлж, яаж үйлчлэх вэ гэдэг цогц асуудал. Хөдөөгийн зам нэг үеэ бодвол дээрдсэн ч үзүүлж харуулах зүйл дэндүү хомс, үйлчилгээ нь шаардлагаас хол хоцорч байна. Гадаадынхан сэтгэлдээ хүрсэн үйлчилгээд гар татахгүй мөнгө төлдөг. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг ус үзэхээр ирдэг байж болох юм. Гандан хийд, хэдэн музей цөм хоцрогджээ. Угсаатны зүйн олигтой музей алга. Хөдөөгийн хийдүүд ламгүй. Утаанд умбаж, хогонд дарагдаж, уур цухлын орон болсон Улаанбаатарыг үзэх гэж ирэх хүн байхгүй. Гадаадынхан хөдөөгийн монгол ахуйг л сонирхох гэж ирдэг. Тэд морь унаж, унага татаж, айраг бүлж, үнээ сааж, ааруул тавьж үзэхийг хүсч байна. Үүнийгээ ярьж байна. Хөгжил нь тэднийг хөрснөөс нь салгасан. Эргээд газар дээр бууж үзэхийг хүсч байна. Тэр хөрс нь хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Монголд байгаа юм. Гэвч манайхан уулын аманд эсвэл усны хөвөөнд хэдэн гэр барьж, үнэтэй архи өрж ярайлгаад өөрсөд шигээ боодог идүүлж, согтоож мөнгө олно гэж эндүүрч байна.

 

Мориор биш мотоциклиэр адуугаа хөөж яваа малчин үзэхээр гадаадынхан дахиж ирэхгүй. Харин ч эсрэг сурталчилгаа болно. Хөвсгөл нуурыг талхалж дуусгаж байна. Ганга нуур, Аварга тосон ч адилхан. Тайхар чулуу тарлан сарлаг шиг болсон байна.Бадар хундага  нуур ч бохирдсон байна. Түүхийн дурсгалт газруудад очлоо гэхэд ганц хөшөө, ганцхан булш бунхан. Тэнд түүх дэлгэсэн үзмэр, олигтой танилцуулга ч алга. Хархоринд арай хийж очсон Японы жуулчин өвгөн “Иймхэн юм үзүүлэх гэж намайг ингэж иамлаад байхдаа яахав” гээд уйлсан гэдэг. Хархориныг сэргээх ажил хийгдэхгүй байна. Өндөр гэгээн Занабазарын ой боллоо л гэсэн. Түүнээс юм үлдсэнгүй. Аялал жуулчлал гэдэг соёл гэгээрлийн томоохон солилцооны ажил.

 

Гадныхнаас ч их зүйл сурч болно. Ингээд бодохоор төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого чиглэлээ эрс өөрчилж, гадаадынхныг хүлээж авдаг жуулчны компаниудыг хамтарч ажилладаг болгох нь чухал байна. Мэдээллийн нэгдсэн сүлжээ  бий болгох хэрэгтэй. Ер нь уулын ам болгонд байгуулагдсан жуулчны бааз нэртэй зугаа цэнгээний газрыг аттестатчилж, стандарт тогтоож байгалиа цэвэрлэж авбал зохино. Манай улс өнгөрсөн жил 380 мянган жуулчин авсан. Түүний тал хувь нь Хятадын, бас 70 мянга нь оросууд байсан гэдэг. Өөрөө хагас сая хүнтэй Чежү арлынхан хоёр сая жуулчин авдаг юм билээ. Манайд эко, буддын соёлын, адал явдалт, угсаатны зүй, рашаан сувиллын чиглэлийн аялал жуулчлал илүү зохимжтой. Манай Хамарын хийд чинь дотоодын хагас сая хүн очдог газар шүү дээ. Ер нь дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Ногоон байна уу, цагаан байна уу, мөнгө л бол мөнгө шүү дээ.

 

-Та Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болж буй “Ганга нуурын чуулган-2015” аялал жуучлалын өдрүүдэд  оролцлоо. Сэтгэгдэл ямар байна?

 

- Дарьгангын зургаан сумын хооронд монгол малчны соёл, өв уламжлал, ёс заншлын уралдаан боллоо. Энд ирсэн гадаадын жуулчид ёстой л нүдээ бүлтийлгэж, амаа ангайж үзнэ билээ. Энэ нь цаашид Дарьгангын брэндийг баталгаажуулах эхлэл,залууст сургамж, сургалт, ахмадуудад бахархал болсон сайхан ажил юм байна. Халзан сумынхан түрүүлж, Дарьганга,Баяндэлгэр сум удаалсан. Хэвлэл, мэдээллийнхэн ч нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй очиж мэдээлэл түгээснээр өнөөдөр тэр тухай мэдээгүй, сонсоогүй  хүн нэг ч алга, бас ам нээвэл тэр мөн сайхан арга хэмжээ болжээ гэцгээж байна. Энэ жилийн бас нэг  онцлог нь эрдэмтэд, уран бүтээлчид, нутгийн иргэдийн төлөөлөл оролцуулсан “Ганга нуураа аваръя” хэлэлцүүлэг зохиосон явдал.

 

-Ганга нуурын усны төвшин доошилж, зарим хэсэгтээ ширгэх аюул нүүрлэсэн. Хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцогчид ямар дүгнэлт гаргав?

 

-“Ганга нуурын чуулган”-ыг санаачлагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Аялал, жуулчлалын   гавьяат ажилтан Ш.Нэргүй тэргүүтэй нутгийн сэхээтнүүд Ганга нуурын эко системийг судлах ажлыг сүүлийн хэдэн жил  зохион байгуулсан юм билээ. Дэлхийн дулаарал, хөрсний усны татрал, элсний нүүдэл, хуурайшилт, ган гээд байгалийн нөлөөлөл их байна.Адуу малаа оруулж бохирдуулдаг, бургас хайлаасыг нь түлж сүйтгэдэг, хайс хамгаалалтыг эвддэг гээд орон нутгийн малчид болон хүний буруугаас болсон нөлөөлөл илүүтэй байна. Бас аялагчид нэртэй байгаль бохирдуулагчид их явдаг болж. Ариун дагшин газар гэж очиж мөргөж шүтээд, хогоо овоолоод явдаг хүмүүсийг сүсэгтэн гэх үү. Монголчуудын сэтгэлгээний доройтол дээд цэгтээ хүрч, улам харанхуй бүдүүлэг болж байх шиг.

 

- Цаашид чухам яавал нуураа аврах  бол?

 

-Юуны өмнө орон нутгийн төр захиргаанаас өөрсдийн эрхийн хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн. Хэдэн жилдээ малчдыг өөр бэлчээрт нүүлгэх,тэдэнд худаг гаргаж өгөх, хайс хамгаалалт хийх, мод бут тарих, элсний нүүдлийг зогсоох гээд. Ганга нуур бол “Улаан ном”-д орсон нүүдлийн шувуудын зам гэдэг утгаараа олон улсад данстай байдаг. Тэгэхээр Ганга нуурыг аврахад олон улсын мэргэжлийн болон сайн дурын байгууллагатай хамтран ажиллая гэж шийдсэн. Зөвлөгөөнд оролцсон эрдэмтэд, нутгийн сэхээтнүүд хамтарч төсөл боловсруулъя гэж тохирсон. “Шаварт ойчсон шарын эзэн” болсон Дарьганга сумынханд илүү ачаа ногдох нь тодорхой юм билээ. Хүн бүр сэтгэл гаргаж ажиллавал энэ бүтэхгүй ажил биш гэж санагдсан.

 

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, профессор н.Жамсран, Монгол Улсын гавьяат багш н.Оюун нар олон мод тарих, Уул уурхай, геологийн яамны сайд асан,  доктор Ч.Хурц худаг гаргаж, цэвэр усаар нуурыг сэлбэх, н.Цэрэннамжил, н.Моононхүү тэргүүтэй нутгийн ахмадууд өөрсдөө биеэр ажиллахыг уриалсан гээд олон хүн амлалт авсан. Хэлэлцүүлгийн эцэст уриалга гаргасныг малчид сайн дэмжсэн. Ганга нуур үнэхээр мөхөж байна. Голдоо 2.5 метр гүн байсан нуур өнөөдөр 50-60 см болж, хун шувуу сэлэх биш дунд нь явгалан зогсожбайна. Ийм байхад энэ намар хунгийн чуулган болох уу, үгүй юу, бүү мэд. Тийшээ зүглэх аялал жуулчлалыг ч хэдэн жилдээ хориглох нь зүйтэй байх аа.

 

-Та бас урд хилийн аймгуудыг хамарсан бүсийн чанартай аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг судалж байгаа гэл үү?

 

-Тийм ээ, Дарьганга-Хутагтын говь-Галбын гурван хийд-Оюутолгой гэсэн маш сонин маршрут байж болмоор байгаа юм. “Нью жуулчин” компанийн захирал, Аялал, жуулчлалын гавьяат  ажилтан Ш.Нэргүй бид энэ талаар санаж сэдэж байгаа зүйл бий. Гэтэл Ганга нуур ширгэчихвэл худал болох гээд байна. Үүнд санаа нь зовсон хүмүүс бидэн рүү ярьж эхэллээ. Бага Хэнтийн дархан цаазат газрыг ойжуулах төслийн Д.Гэрэл гэхэд л 1000 мод өгье гээд утасдаж  байна.Манай говийнхон заг, хайлаас, шар хуайс суулгая гэж байна. Монголын олон нийт хөдөлгөөнд орвол “Ганга нуур” сангаар дамжиж санхүүжилт бас нэмэрлэх биз ээ. Хэрэв бидний мөрөөдөл биелбэл Дарьганга, Хамрын хийдийн дунд говийн байгалийг үзүүлэх жуулчны бааз байгуулах сайхан нутаг бий.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odon:
Ug sanaa n ih saihan yum ,daanch Mendoyo met n am nom yrihaas ajil hiij meddegui l yum shig 1 guyuugiin yrisanaar bl san gegch n sanaarhsan ulsiin mungu guivardah l arga blj unuu ued huvirchee gej bsn shuu.
2015-09-20