Монгол руу дүрвэгсдийг илгээх хэрэгтэй

Ойрхи Дорнод болон Хойд Африкаас олон мянган иргэн цагаачилж, Европын орнуудад хүрэлцэн ирсээр байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар ойролцоогоор нэг сая иргэн эх орноосоо дүрвэжээ. Дүрвэгсдийн ихэнх нь өндөр хөгжилтэй Герман, АНУ, Их Британи, Австрали зэрэг улсад байрших сонирхолтой байгаа юм. Тэгвэл Их Британийн Лордын танхимын гишүүн Лорд Десай /Lord Desai/ гэгч Европын холбоонд тулгарч буй асуудлыг олон улс хамтын хүчээр шийдвэрлэх санал дэвшүүлсэн тухай “www.asiarussia.ru” мэдээллээ.
Тэрбээр Газар дундын тэнгисийг гатлан Европын орнуудад ирж буй Сири, Ливи, Йордан, Иракийн иргэдийг Төв Азийн орнуудад байршуулах санал гаргаж, энэ асуудалд Европын холбоо, НҮБ-ыг анхаарлаа хандуулахыг уриалсан талаар “www.eurasianet.org” сайт уламжлав.
Лорд “Дүрвэгсдийг Төв Азийн орнуудад байршуулах хэрэгтэй. Тиймээс НҮБ, тус улсын удирдлагуудтай нэн даруй хэлэлцээрийн ширээний ард сууж, тохиролцоонд хүрэх ёстой. Хамгийн гол нь санхүүжүүлтийг шийдэх нь зөв. Төв Азийн Туркменистан, Тажикистан, Монгол зэрэг хүн ам цөөнтэй улсуудад дүрвэгсдийг байршуулж, алсаас хянах хэрэгтэй. Эдгээр улс өргөн уудам газар нутагтай. Хамгийн гол нь хүн ам бага. Бид боломжоо ашиглах хэрэгтэй. Европ дангаараа бүх хямралыг үүрэх ёсгүй. Төв Азийн хүн амын нягтрал Европын хүн амын нягтралын зууны нэг хувьтай тэнцэж байна. Тиймээс энэ бүс нутагт дүрвэгчдийг суурьшуулах шаардлагатай. НҮБ аль болох энэ улсуудад олон дүрвэгсдийг байршуулж, илүү баталгаатай амьдрал бэлэглэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Тэрбээр “Монгол дүрвэгсдийг хүлээн авахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь Монголд шашин шүтэх эрх нээлттэйгээс гадна хүний эрхийг дээдэлдэг. Иргэдийн ихэнх нь буддын шашин шүтдэг. Байгалийн баялаг ихтэй. Газар нутаг өргөн уудмаас гадна хүн ам багатай. Хэтэрхий бага гэхэд болно. Туркменистан, Тажикистан улсуудад эдийн засгийн хямралтай байгаагаас гадна иргэдийн ихэнх нь исламын шашинтнууд. Казахстан баян, чинээлэг улс ч дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Хуучны ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины үед хийгдэж байсан Крымийн татар, чечень, түрэгүүд зэрэг албадан нүүлгэлтийн асуудал өнөөг хүртэл тус улсуудад дарамт учруулдаг. Тиймээс Казахстан, Узбекстан зэрэг улс дүрвэгсдийг хүлээн авах нь тодорхойгүй. Тэд исламын шашинтнууд ч шашин нэгтнүүдээ хүлээн авах нь эргэлзээтэй” гэж хэлжээ.
Эргэн сануулахад 2011 оны гуравдугаар сард Японд газар хөдөлж, олон мянган иргэн амиа алдаж, орон гэргүй болсон. Мөн газар хөдлөлтийн уршгаар цунами үүссэн билээ. Энэ үеэр Лорд нэг монгол айлд японы 2-5 иргэнийг байршуулах эсвэл Монголын Засгийн газрыг түрээсээр их говио Японд өгөх санал дэвшүүлж байсан юм. Лорд Монголд ирж байгаагүй бөгөөд Британийн парламентад суудалтай “Хөдөлмөрийн нам”-ын гишүүн, эдийн засагч мэргэжилтэй юм. 1940 онд Энэтхэг улсад мэндэлж, 1965 онд Британийн иргэншилтэй болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ