Г.Мишээл: Шүүгчид цайндаа орсоор л байгаасай

img

Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин, яруу найрагч Г.Мишээлтэй цөөн хором ярилцлаа.

 

-Таныг жүжигчин болохоосоо өмнө яруу найрагчийн замд орсон гэж сонссон?

-Дунд сургуульд байхдаа уран зохиолын хичээлд дуртай, маргааш үзэх хичээлээ өмнөх орой уншчихдаг хүүхэд байлаа. Шүлгийг бол 2005 оноос бичиж эхэлсэн. Гэхдээ бичье гэж өөрийгөө хүчилж бичдэггүй. Сэтгэлээс урссанаа л цаасан дээр буулгадаг.

 

-Зарим ухаантнууд “дан ганц онгодоор бичсэн зүйл бол жинхэнэ яруу найраг биш” гэх юм билээ?

-Магадгүй. Сэтгэлээс гарсан зүйлсээ дараа нь засна л даа. Гэвч хэтэрхий их засвар оруулчихвал шүлэг бичигдсэн үеийн сэтгэл хөдлөлөө баллуурдаад хэрэглэчихсэн 00-ын цаас шиг болчихдог юм шиг санагддаг.

 

-Дунд сургуульд байхдаа шүлгийн тэмцээнүүдэд их ордог байв уу?

-“Хүрэл тулга” тэмцээнд ганцхан удаа орж, шүүгчдийг цайндаа орчихсон хойгуур шүлгээ уншсан.

 

-Яагаад заавал шүүгчдийг цайндаа орсон хойгуур гэж?

-Хэтэрхий олон хүүхэд байсан юм болов уу. Эсвэл шүүгчид ямар шүлэг шалгаруулахаа эртнээс харчихсан байсан ч байж болох юм. Гэхдээ шүүгчид цайндаа орсоор л байгаасай. Тэр хооронд би их юм хийх юмсан гэж боддог.

 

-Анхны номоо “Би гэдэг ард түмэн-эгиозм шүлгүүд” гэж нэрлээд, уншигчдын гар дээр тавихад бэлэн болжээ. Тун содон нэртэй юм аа?

-Дөрвөн жилийн өмнө энэ нэрээ сонгосон л доо. Би гэдэг бол миний ертөнц. Хүн бүр өөр өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй. Тэр ертөнцөд гал цог, амьдралыг өөдрөгөөр харах тэмүүлэл бий. Хэний ч анзаарамгүйгээр тоосонд дарагдсан гуниг бий. Эдгээр нь өөр өөрийн гэсэн өнгө, үзэл санаатай. Бас түүгээрээ ертөнцийг харах өөр өөрийн гэсэн өнцөгтэй. Тиймээс миний үзэл санаа ийм шүү гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн.

 

Эгоизм шүлгүүд гэж тодотгохдоо ч бас эго гэдэг нь би гэдэг утга илэрхийлдгийг бодолцсон. Монголчууд амиа бодох, амин хувиа хичээсэн гэж орчуулдаг л юм билээ. Миний хувьд аливаа зүйл дээр өөрийн гэсэн үзэл санаатай, түүндээ үнэнч байх гэдэг зүйл заавал байх ёстой гэдэг утгаар нь энэ үгийг сонгож авсан юм.

 

-Та шүлэг бичээд арван жил болжээ. Гэтэл номондоо гурван жилийн хугацаанд бичсэн шүлгүүдээ л сонгож оруулсан нь цаанаа бас учиртай биз?

 -Өмнө нь би их зориггүй байжээ. Харин 2010 оноос утга зохиолд урьд урьдынхаасаа илүүтэйгээр дурлаж, үргэлжилсэн үгийн зохиолоор хязгаарлагдалгүй яруу найргийн ном түлхүү уншдаг болсон. Энэ үеэс бичсэн шүлгүүдээ хадгалж эхэлсэн. Тиймээс ч дөрөв, таван жилийн өмнө бичсэн шүлэг маань өнөөдөр хэр үнэ цэнэтэй байх бол, хэр амьд байх бол, өнөөдөртэй хэрхэн огтлолцох бол гэж шалгаж байна. Тэгэхээр энэ бол нэг талаар миний өөртөө тавьж буй том зорилго, өндөр шалгуур л даа.

 

-2010 оноос өмнө бичсэн шүлгүүдээ хадгалдаггүй байсан хэрэг үү?

-Тийм. Шатаачихдаг, эсвэл ураад хаячихдаг байсандаа нэг талаар харамсдаг. Нөгөөтэйгүүр огт харамсдаггүй. Хэрэв тэр шүлгүүд дунд үнэхээр сайн шүлэг байсан бол хичнээн шатааж, урсан байлаа ч амьсгалж л байх байсан шүү дээ.

 

-Шүлгүүд чинь их эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй юм. Та өөрөө тийм эмзэг хүн үү?

-Магадгүй. Би хүмүүс уйлалдаж байхад уйлдаггүй. Хүмүүс орь дуу тавин хашхиралдаж байхад хашхирдаггүй. Хэтэрхий их баярласан юм уу, гунигласан үедээ зүгээр л дуугүй суугаад бясалгадаг. Дараа нь юу хийхээ боддог.

 

-Гэхдээ хүн л юм чинь уйлдаг биз дээ?

-Дуу сонсоод суухаараа, хамгийн эмзэг мэдрэмжүүдийнхээ тухай ярихаараа өөрийн эрхгүй огшоод, уйлчихдаг. Өнгөрсөн зургаадугаар сард болсон “Их урлаг” тоглолтын үеэр тайзан дээр гарахынхаа өмнөхөн Хэнтий аймгийн дуучны “Ширээ нуур” дууг сонсоод, тайзны ард мэлмэртэл уйлж байлаа. Сая ч гэсэн хүмүүсийн сэтгэл доторх тоосон дундах гунигийн тухай ярьж байхдаа хоолой зурж л байлаа.

 

-Дэндүү хор шартай шүлгүүд ч бас олон байна лээ?

-Гаднаас ирж буй нөлөөллүүдээс өөрийнхөө ертөнцийг хамгаалахын тулд өшөө авдаг. Дэндүү харгисаар хэлж байгаа байж болно. Гэхдээ л үнэн. Гэхдээ зөвхөн шүлгээрээ, шүлгэндээ хандах илэрхийллээрээ шүү.

 

-Өөртэй чинь яг адилхан шүлэг бий юу?

-Байлгүй яахав. Заримдаа би биш юм шиг бичих тохиолдол гарна. Жишээлбэл,

Тавцан дээр тавьсан ялааны алуур дээр

Тамир нь дэндсэн ялаа нисч, бууна

Тамлаж өөрийг нь яллах тогтоол гэж ойлгохгүйдээ

Тааваар танхайран нисч, бууна

Тааж мэдэхгүй бүхний өмнө

Танилцсан юм шиг гүйгээд л

Тэвдүүлэм тэнэг зовлон гэж анхаарахгүйдээ

Тэр ялаа бид хоёр мөн ч өрөвдөлтэйеэ

 

-Номын баяр өнөөдөр болох байх аа?

-Тийм ээ. Энэ өдөр Интерном их дэлгүүрт номын баяраа хийхээр болсон. Ном бүтээх бол гурван дээд буяны нэг гэдэг юм билээ. Миний буян өчүүхэн л дээ. Гэхдээ энэ ертөнцийг нэгэн агуу өндөрлөг гэж үзвэл би түүнд ганц милометр ч болов буян нэмэрлэхсэн гэж хүсч байна. Түүнээс гадна хамгийн их бэлгэшээж байгаа зүйл бол энэ өдөр миний төрсөн өдөр давхцаж байгаа. Тиймээс миний хувьд хүндтэй хүн бүрийг ирээсэй гэж хүсч байна.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ