Гурван цагийн түүхийг бүтээгчид
Монгол хүн, монгол нутаг гэрэл зурагт мөнхрөөд 150-аад жил, монголчууд өөрсдөө гэрэл зургийг мөнхжүүлээд, хөгжүүлээд, гэрэл зургийн дурантай “найзлаад” 80 намар улирч байна.
Тэртээ 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад Кино, гэрэл зургийн алба байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч байжээ. Тэр цагаас хойш 80 он улирч, түүнээс хойших 80 жилийн түүхийг монгол зурагчид гэрэл зургийн хальснаа буулгаж, тэр үеийн үүх түүхийг өнөөдөрт, өнө хойчид, энэ өдрийн үйлийг ирэх цагт аргамжиж үлдээсээр явна.
Тэр цагаас хойш 80 он улирч, түүнээс хойших 80 жилийн түүхийг монгол зурагчид гэрэл зургийн хальснаа буулгаж, тэр үеийн үүх түүхийг өнөөдөрт, өнө хойчид, энэ өдрийн үйлийг ирэх цагт аргамжиж үлдээсээр явна.
Түүхт аравдугаар сарын 11-ний өдөр өчигдөр тохиов. Энэ өдөр Улсын Филармонийн концертын танхимд Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал болсон. Тус хуралд 86 настай ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуу тэргүүтэй монголын үе, үеийн гэрэл зурагчдын төлөөлөл оролцсон юм. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан баярын хурлыг нээхдээ “Гэрэл зурагчдын арми гэж ямар том арми байдгийг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо байгуулагдсанаас хойш мэдэрч байна. Бид сонирхол, мэдлэг, зүрх сэтгэл, авьяас чадвараараа нэгдэж чадвал ямар их хүчтэй байдгийг мэдэрлээ. Мэдлэг, чадвар, сэтгэлээ нэгтгэж чадвал Монголын гэрэл зураг дэлхийн дэвжээнд хүрэх боломж байна. Бидэнд дэлхийн дэвжээ ойрхон болсон” хэмээсэн.
Магад хамгийн олон гэрэл зурагчин цугласан тэнд гэрэл зургийн дурангийн гялс гялс хийх гэрэл, сар сар хийх чимээ бүхнээс онцгой, зогсоо нь, суугаа нь ч агшин бүрийг алдалгүй баримтжуулах нь гэрэл зурагчдын дунд байгаа гэдгийг бүүр илүү мэдрүүлж байлаа.
Өдөр тутмын сонины шинэхэн дугаараас, мэдээллийн сайтын фото мэдээний булангаас гэрэл зураг үзэх хачин “амттай”. Гэрэл зургаас үйл явдлын үнэн мөнийг мэдэж, бичвэртэй нь зэрэгцүүлэн “уншиж” учир начрыг гүйцэт ойлгоно. Тэгээд энэ зургийг хэн авсан юм бол хэмээн хараа гүйлгэн хайж, зургийн аль нэг буланд орших гэрэл зурагчны нэрийг олж уншаад “мэдрэмжтэй юмаа” гэж хэлнэ. Хэдхэн минут, хэдэн цаг, хэд хоног үргэлжилсэн үйл явдлыг ганцхан эгшнээр илэрхийлж олонд хүргэхийг мэдрэмж гэхээс өөр юу гэхсэн билээ.
Өчигдөр олны анхаарлыг татаж байсан нэгэн зүйл нь Монгол Улсад Гэрэл зургийн алба үүссэн түүхт 80 жилийн ойн хүрээнд МГЗНХ-оос олон ажил санаачилан зохион байгуулсан ажлын нэг “PRESS PHOTO” гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Үзэсгэлэнд өдгөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 10 гэрэл зурагчны бүтээл дэлгэгдсэн юм. Тэд манай нийгэмд өрнөсөн, одоо ч байсаар л байгаа, магадгүй цаашид ч орших үйл амьдралыг гэрэл зургийн хальснаа шингээн, хөдөлшгүй үнэн баримт болгон үлдээжээ.
Үзэсгэлэнгийн самбарт өлгөсөн бүтээлүүдийг харж явахдаа аз жаргал, баяр баясал мэдэрч хөнгөн инээмсэглэл тодруулаад, дараагийн самбар руу эргэхэд зүрх эмзэглүүлэм дүр төрхтэй нүүр учирч гуниг, харуусал төрнө.
Үзэсгэлэнгийн самбарт өлгөсөн бүтээлүүдийг харж явахдаа аз жаргал, баяр баясал мэдэрч хөнгөн инээмсэглэл тодруулаад, дараагийн самбар руу эргэхэд зүрх эмзэглүүлэм дүр төрхтэй нүүр учирч гуниг, харуусал төрнө.
“Үндэсний шуудан” сонины гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “Чингисийн талбай дахь үнсэлт”, “Өдрийн сонин”-ы Ц.Мягмарсүрэнгийн “Шинэ амьдрал” зургуудаас аз жаргал, “Ардчилал” сонины Ү.Одбаярын “Байлдагч Ц.Төвөө”, “Засгийн газрын мэдээ” сонины Б.Ганбаярын “999 морин хуурч” зургаас бахархал мэдэрнэ.
“Өнөөдөр” сонины Э.Харцагын “Ээжээ би яах юм бэ”, “Өдрийн сонин”-ы” Ц.Мягмарсүрэнгийн “Төрийн минь сүлд өршөө”, “Ардчилал” сонины Ү.Одбаярын 2012 оны хоёрдугаар сарын 13-нд буулгасан Долоон буудлын эцэст нөөцийн махад дугаарлаж буй иргэдийн зургийг харахаар өөрийн эрхгүй зүрх эмзэглэж, хэн нэгэнд гомдох сэтгэл ч төрөх шиг.
Дараагийн зурагт хараа шилжвэл МРА.мн сайтын гэрэл зурагчин Б.Бямба-Очирын 2008 оны долоодугаар сарын 1-ний хар үйл явдлыг өгүүлсэн эгзэгтэй агшин. Хар даавуугаар нүүр амаа таглаж, хар нүдний шил зүүж, бүдүүн төмөр турба мөрлөсөн бараан цамцтай залуугийн шийдэмгийн алхаж буй зураг. Айдас түгшүүр, эмх замбараагүй байдал өгүүлсэн тэр зураг, хичээнгүй тайлбар хоёрыг зэрэгцүүлэн уншихад 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг мэдэж болохоор. Цүнх дүүрэн гэрэл зургийн зэвсэг үүрсэн тэд өөрт тохиох эрсдлийг үл хайхарч, аюулын өөдөөс сөрөн зогсоод үнэн баримт, үнэтэй түүхийг мөнхжүүлэн үлдээдэг билээ.
Гэрэл зургийг Г.Аргуужин “Монголын мэдээ” сонин, Ц.Баярбаатар Цензүргүй.МН, Б.Бямба-Очир MPA.mn сайт, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин, Ц.Мягмарсүрэн “Өдрийн сонин”, Ү.Одбаяр “Ардчилал” сонин, Э.Харцага “Өнөөдөр” сонин, Б.Чадраабал, “Монцамэ” агентлаг, Т.Чимгээ “Монцамэ” агентлаг, Г.Эрдэнэтуяа “Үндэсний шуудан” сонин ийм 10 зурагчин “PRESS PHOTO” үзэсгэлэнг дэлгэсэн. Хайрламаар, харамсахаар, бахархмаар, уйлмаар, өрөвдөхөөр, үзэн ядмаар тийм агшныг тэд мэлмийдээ тольдож, гэрэл зургийн хальснаа буулган түүх болгон үлдээжээ.
Хайрламаар, харамсахаар, бахархмаар, уйлмаар, өрөвдөхөөр, үзэн ядмаар тийм агшныг тэд мэлмийдээ тольдож, гэрэл зургийн хальснаа буулган түүх болгон үлдээжээ.
Гэрэл зургийн алба үүсэж хөгжсөн түүхт ой тохиож буй энэ хугацаанд эмзэг, торгон, эгзэгтэй мөчүүдийг гэрлээр урлагчдын бүтээлд шимтэж, тэднээр бахархсан өдрүүд үргэлжилж байна. Монголын гэрэл зурагчид их ойгоороо 100 гаруй гэрэл зурагчны намтар, 400 гаруй уран бүтээлийг багтаасан “Монголын гэрэл зурагчид” ном бүтээсэн. 140 гэрэл зурагчин оролцсон “Монголын гэрэл зураг-80 жил” үзэсгэлэнгээс эхлээд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуугийн “Жарныг түүхэлсэн агшин” Б.Болор-Эрдэнийн “Шүтээн”, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” зэрэг гэрэл зургийн гайхамшгаар бидний мэлмийг баясгаж байна.
Их баян явдалт хорвоогийн хүн төрөлхтөн, араатан амьтан, уул усны амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээх хувь зөвхөн гэрэл зурагчдад тохиожээ. 80 оны түүхийг гэрэл зургаар хөмрөглөсөн гавьяатай, ирэх цагийг түүхийг мөнхжүүлэн хадгалах үүрэгтэй монголын гэрэл зурагчдын мэлмий хурц, дуран тунгалаг байг.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ