Эмнэлзүйн удирдамж гардуулах ёслол болно

img

Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслөөс нийтдээ 100 сая төгрөгийн хэвлэлтийн өртөг бүхий 12,500 ширхэг 5 төрлийн эмнэлзүйн удирдамжийг улсын хэмжээнд ажиллаж буй 216 Өрхийн эрүүл мэндийн төв, 329 сумын 1700 өрх, сумын эмч нар, аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрөлжсөн болон тусгай мэргэжлийн 1000 гаруй эмч нарт түүнчлэн Анагаах ухааны их дээд сургууль, коллеж, хувийн эмнэлгүүдийн холбоо зэрэг нийт 34 эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 100 хувь хамруулан гардуулах ёслолын арга хэмжээ:

2012 оны 1-р сарын 6-нд 10.30 цагаас ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд болно. Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон Зонхилон тохиолдох Халдварт бус өвчин “Насанд хүрэгсдийн артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэв шинж -2”, “Хөхний өмөн”, “Умайн хүзүүний өмөн” болон “Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж”-ийн эмнэлзүйн удирдамжуудыг гадаад, дотоодын зөвлөхүүд болон бүх шатны эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор олон улсын нотолгоо, шилдэг арга туршлагад тулгуурлан боловсруулж хэвлүүлээд байна.

Энэхүү эмнэлзүйн удирдамж нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн алдаа зөрчлөөс сэргийлэх, орчин үеийн дэвшилтэт арга аргачлал, техник технологийг хэрэгжүүлэх эрх зүйн томоохон баримт бичиг болж байгаагаара онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ