Б.Дэлгэрмаа: Намын дарга нь өөрийнхөө Ерөнхий сайдыг хянаад байдаггүй юм

img

“Ардын эрх” сонин энэ удаагийн “Онцлох зочин”-оороо Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмааг урилаа.

 

-Тантай Үндсэн хууль ба бусад гэсэн сэдвээр ярилцах хүсэлтэй байна. “Бусад” гэдгээс нь эхэлье л дээ. Хэдэн сарын өмнөөс л Таныг ОХУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байсан.  Энэ үнэн үү?

 

-ОХУ-д сууж байсан Элчин сайдыг өнгөрсөн долдугаар сарын 1-нд эргүүлэн татсан. Наадмаас өмнө дараагийн Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулна гэж байсан. Одоо энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх болов уу.

 

-Хойд хөршид Монгол Элчин сайдгүйгээр гурван сар боллоо. Гэтэл олон улсын тавцанд Орос орон бүгдийн анхаарлын төвд байна. Дэлхий дахины байдал эгзэгтэй, гол тоглогчдын нэг нь Орос байхад тэнд элчин сайдгүй удна гэдгийг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ?

 

-Дэлхийн хоёр том гүрэн ОХУ, БНХАУ бол манай улсын хувьд стратегийн гол түнш мөнөөс мөн. Аль алинтай нь бид сайн хөршийн уламжлалт харилцаатай, оростой бол бүр өөр түвшинд харилцаж ирсэн. 1990-ээд оноос хойш олон улсын түвшинд бий болсон өөрчлөлт шинэчлэлийн дүнд бидний харилцаа хамтын ажиллагаа өөр утга агуулгатай болсон. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд хүнд сорилттой тулгарч байна. Нөгөөтэйгүүр манай гадаад бодлого идэвхжсэн. Энэ салбарт манай улс санаачлагатай ажиллаж байна. Ийм боломжийг бүрдүүлэхэд манай ахмад дипломатчдын уян хатан, алсыг харсан, олон жилийн тууштай бодлого суурь нь болсон.

 

-Та гадаад харилцааны салбарт цоо шинэ хүн биш шүү дээ. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Сингапурт 3 жил улсаа төлөөлж суулаа. Хоёр орны харилцаанд хувь улс төрч, дипломатын хүчин зүйл том үүрэгтэй болов уу?

 

- Тэр тийм шүү. Эх орныхоо түүх, соёл, уламжлалаа мэддэг, үнэлж цэгнэж чаддаг, том бодлого ойлгодог, хувийн эрх ашгаас улсынхыгаа, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тууштай зогсож чадах тийм л хүмүүс гадна талд улсаа төлөөлж ирсний олон сайхан жишээ бий.

 

Түүнээс биш Элчин сайд гэдэг бол шагналын, бүр эсрэгээр хатуухан хэлбэл “цөллөгийн” албан тушаал биш. Монгол шиг орны хувьд ганц хүний нөлөө хүчин зүйл асар их. Ганц хүн гавьяа ч байгуулж болно, гай ч тарьж чадна. Өнөөдөр Монгол Улсын эерэг имижийг хэрхэн өсгөх вэ гэдэг гадаад харилцааны салбарын толгой өвтгөсөн асуудал. Зөв бодлого, зөв хүн, зөв хандлага том үүрэгтэй.

 

-Та Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Нэлээд хүнд цаг үед, галыг өөр дээрээ дуудсан Засгийн газарт ажиллах хүнд байна уу. Ер нь та Ч.Сайханбилэгийг хэдийнээс мэдэх вэ? Түүнийг олон нийт одоо хүртэл хүлээж авахгүй байна.

 

-Тийм гэж үү. Харин ч хүлээн зөвшөөрдөг, түүнийг анх Ерөнхий сайдаар тавьж байх үеэсээ шал өөрөөр хүлээж авдаг болсон. Анх түүнийг Ерөнхий сайд болоход хэн нэгний дохио зангаагаар л ажиллана биз гэж харсан, хардсан, түүнээс их юм хүлээгээгүй. Харин одоо бол хатуудаа хатууд зөөлөндөө зөөлөн байж, хэлье гэснээ хэлж, хийж чадахаа хийдэг юм байна гэдгийг олон түмэн харлаа. Түүнийг нэг хэсэг нь залуу хүн гэж харах гээд байдаг. Гэтэл харагдах өнгө нь л залуу болохоос Ч.Сайханбилэг сайд бол улс төрийн тогоонд хангалттай чанагдсан, эрийн цээнд хүрсэн улстөрч шүү дээ. Тун залуугаасаа улс төрд орж ирсэн. Залуу, эрч хүчтэй, гэм нь жаахан цаг үеэсээ түрүүлж явах гээд байдаг хүн. Түүний Засгийн газрыг толгойлж буй энэ цаг үе магадгүй бидний сүүлийн 25 жилд тохиосон хамгийн хүнд үе ч байж мэднэ. Би Ерөнхий сайдаар бахархдаг.

улс төр, улс төр, улс төр гэсээр ажил хийлгэхгүй байна шүү дээ. Ийм үед эдийн засгаа өөд татах ид шид хэнд ч байхгүй. Сандал ширээ, хувийн бизнесээ өөд татах дажин манайд энд тэндгүй байна. Нүдийг нь боогоод, ухааныг нь тас баглачихсан юм шиг монголчуудын маань оюун ухаан юунд ингэтлээ самуурна вэ гэж бодогдох үе олон боллоо.

-Тэр Ерөнхий сайдаар томилогдмогцоо эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр байдал ер сайжирсангүй. Үнэхээр өөр арга алга уу?

 

-Харин тийм, улс орныхоо эдийн засагт л бүх анхаарлаа чиглүүлье гэлээ. Гэтэл байдал улс төр, улс төр, улс төр гэсээр ажил хийлгэхгүй байна шүү дээ. Ийм үед эдийн засгаа өөд татах ид шид хэнд ч байхгүй. Сандал ширээ, хувийн бизнесээ өөд татах дажин манайд энд тэндгүй байна. Нүдийг нь боогоод, ухааныг нь тас баглачихсан юм шиг монголчуудын маань оюун ухаан юунд ингэтлээ самуурна вэ гэж бодогдох үе олон боллоо. Нөгөөтэйгүүр Монгол ганцаараа хямраад байгаа юм биш. Орос, Европ, Хятад гээд хаа сайгүй л бүсээ чангалж байна. Дэлхийн эдийн засгийн энэ хямрал 2018 оныг хүртэл үргэлжилнэ гэж судлаачид таамаглаж байна. 2018 оноос байдал сайжирч, хүн зоны, засаг төрийн нуруу ч тэр үед тэнийх нь. Тэгэхээр бид ойрын таван жилд, дараагийн 25 жилд хэрхэн хөгжих гаргалгаагаа зөв хийх хэрэгтэй. Хоёрт гэвэл би нэг зүйлд бат итгэдэг. Бурхан монголчуудыг харж үздэг. Бидний эцэг өвгөдийн ухаан, хийсэн буяны үр юм болов уу. Харин та бид энэ хувь заяаныхаа жинхэнэ эзэд шиг эзэн болмоор байна.

 

-Зуу гаруй хоногийн өмнө бид хоёр ярилцаж байхад “дахиад зуу хоногийн дараа юу ч болж мэднэ, амьдрал баян” гэж та хэлж байсан. Өнгөрсөн зуу хоногт монголчууд юу бүтээв. Тоймтой урагшилсан зүйл харагдахгүй байна. Та энэ зуу хоногийг дүгнэвэл ямархуу дүр зураг бууж байна вэ?

 

-Тоймтой зүйл гэвэл баахан улстөржлөө. Засгийн газрын гар хөлийг сайн “баглалаа”. Гэсэн хэдий ч Оюутолгойн гацааг арилгав, татварын шинэчлэл хийх болов, Тавантолгойн хэлэлцээ тун удахгүй өндөрлөнө, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөр дамжин төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, элэгний С вирусын эсрэг эмийг хүн арддаа харьцангуй хямд үнээр нийлүүлж байх, алдагдсан нэр хүндээ хөрөнгө оруулагчдын дунд нөхөн олох зэргээр чамгүй их зүйл хийсэн. Гэсэн хэдий ч хавьгүй их үр дүнд хүрэх ёстой ажлыг хий хоосон популизмын ачаар хийж чадсангүй. Энэ бүхнийг хараад Монгол Улс Үндсэн хуульдаа гар хүрэх цаг болжээ гэдгийг л би сайн ойлголоо. Урьд нь тэгэж боддог л байсан. Тэр маань нотлогдлоо.

 

-Яагаад тэр вэ. Үндсэн хуулийг өөрчлөх үндсэн шалтгаан юу юм бэ?

 

-Яагаад гэвэл, анхны ардчилсан сонгуулиар нийгэмд нэг тийм гоё хүлээлт үүссэн юм. Нэг намын тогтолцоог халж, асар том үзэл суртлын хүлээсээс ангижраад л. Хүлээсэнд байсан, орлого нь тэгшитгэх зарчмаар хуваарлигддаг байсан, бас нэг тийм зохиомол нийгэмд амьдарч байсан ард түмэн зад тавихаараа айхтар зад тавьдаг юм байна л даа. Тэр утгаараа монголын ардчиллын 25 жилийн түүхэнд бид асар их сорилт, мэдээж асар их эерэг зүйлийг бий болгосон. Тэр бүхнийг одоо дахин дурьдах нь илүүц. Ер нь л энэ 25 жилд бид бүхэлдээ маш их юм хийжээ. Үзэл суртлын хүлээсээ тайлсан ард түмэн гэдэг эрх чөлөөг мэдэрч, сэтгэлгээ нь өөрчлөгддөг, амьдралын хэмнэл нь дагаад хувирдаг юм байна. Үүнтэй зэрэгцээд үндэстний үнэт зүйлсээ томъёолох, хадгалах, нийгмийн сэтгэл зүй, шинэ хойч үеэ бэлтгэхэд бид хариуцлагагүй ханджээ. Аж амьдралаа бусдад даатгадаг, амьдралын үнэт зүйлийг албан тушаал, брэнд бүтээгдэхүүн гэж харсан нэгэн үеийг бид өсгөж өндийлгөсөн байна. Гэхдээ энэ үе тийм урт настай биш болтой, аз болоход. Яагаад гэвэл тэдний дараагийн үе боловсролыг эрхэмлэдэг, хууль ёсыг дээдэлдэг, шударга бөгөөд сайхан амьдралыг хүссэн дараагийн үе тун ойрхон өсч өндийж байна.

 

-Энэ бүхэн тэгээд Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага мөн үү?

 

-Би таны асуултад хариулж хараахан амжаагүй байна. Парламентын 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун хатуу үг хэлсэн дээ. Тэр нь юу вэ гэвэл нийгэм бухимдаж, төрийн институциуд легитим чанараа алдаад байна гэж. Өөрөөр хэлбэл хууль ёсыг, эрх зүйт төрт ёс алдагдаад байна аа гэсэн. Өнөөдөр УИХ, намуудын нэр төр авах юмгүй уналаа. Энд хувь хүмүүсийн гэхээсээ илүүтэй системийн, тогтолцооны гажиг, төрийн дархлааны тухай асуудал хамаатай болж байгаа юм. Тийм учраас эрх зүйт төрийн үндсийн үндэс – Үндсэн хуулийн тухай асуудал босч ирж байгаа юмаа.

 

-1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, одоо төрийн дархлааг хангаж чадахгүй байна гэж хэлэх гээд байна уу, та?

 

-23 жилийн өмнө энэ Үндсэн хуулийг баталж байхад төслийг нь боловсруулсан Улсын бага хуралд ч, баталсан АИХ-ын 430 депутатад ч, ер нь монголчуудад одоогийнх шиг туршлага байсангүй. Бид олон арван жил улс орноо бие дааж удирдахыг “мартсан” байлаа. Тиймээс гадны хуулиудын гоё санаануудыг түүж төслөө боловсруулсан, дээр нь 430 депутатын сэтгэлийн хөдөлгөөн их туссан хууль шүү дээ. Ганц нэг хүн хэчнээн мундаг байлаа ч бүгдийг харах чадваргүй. Тэгэхээр энэ Үндсэн хууль өнгөрсөн 25 жилд түүхэн үүргээ гүйцэтгэжээ.

Өнөөдөр хэнбугай ч байсан төвөгтэй байдалд л байна шүү дээ. Ерөнхийлөгчийн институц нь ч, УИХ-ын институц нь ч, гүйцэтгэх засаглал нь ч ялгаагүй нэг тийм бие биенээ барьцаалсан байдалтай. Нэг нэгэндээ нэг намынхан байгаад ажиллах боломж өгдөггүй. Тиймээс би Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Төрийн дархлаа суларсан гэдэг дүгнэлтэд яагаад хүрэх болов?

 

-Өнөөдөр хэнбугай ч байсан төвөгтэй байдалд л байна шүү дээ. Ерөнхийлөгчийн институц нь ч, УИХ-ын институц нь ч, гүйцэтгэх засаглал нь ч ялгаагүй нэг тийм бие биенээ барьцаалсан байдалтай. Нэг нэгэндээ нэг намынхан байгаад ажиллах боломж өгдөггүй. Тиймээс би Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл ч уул нь цагаа олсон улс төрийн шийдвэр гэж харж байгаа.

 

-Парламентад суудалтай бүх намын төлөөлөл орж боловсруулсан гэдгээрээ Үндсэн хуулийг өөрчлөх энэ удаагийн төсөл зөвшилцөл бий болгож чадсан байх. Гэхдээ ард нийтийн асуулга ч гэдэг юм уу. өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулалгүйгээр Үндсэн хуульд гар хүрэх нь зөв үү. Өнөөгийн Үндсэн хуулийн нөөц нь шавхагдаагүй гэдгийг хэлдэг маш олон хүн байдаг шүү дээ. Та Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төсөлтэй танилцсан уу. Үндсэн хуулийг зөвхөн өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй биз дээ?

 

-Тийм ээ, өөрчлөхийн төлөө өөрчилж болохгүй. Эсвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм хийж болохгүй. Ер нь бол Үндсэн хуульд гар хүрэх цаг болсон уу гэвэл болсон. Нэгэнт өнгөрсөн 25 жилд улс төрийн болон эдийн засгийн, нийгмийн том туршлага хуримтлуулсан үндэстний хувьд бидний дараагийн алхам бол ирэх 25, 50, 100 жилд улс үндэстнээ авч явах, залж явах бодлого чиглэлээ шинэ Үндсэн хуулиараа тодорхой болгох ёстой. Тиймээс хуулийн төсөл боловсруулахдаа их сайн ажиллах хэрэгтэй. Судлаач, эрх зүйч, бас энэ 25 жилд парламентын гал тогооны жорыг мэдэх болсон хүний хувьд би өөрийн саналаа хэлье.

 

Би нэг юмны эсрэг бат байр суурьтай байдаг юм. Бүх намын төлөөлөл ороод нэг сайхан төсөл боловсруулна гэж хэзээ ч байдаггүй юм. Нам болгон том жижиг гэлтгүй өөрийнхөө санааг Үндсэн хуульд оруулах гэж зүтгэнэ. Эсвэл бие даагчид тодорхой заалтууд оруулах гээд гүйдэг. Хувь улстөрчдийн тоглолт хэтэрчихсэн манай одоогийн улс төр дээр тийм жижиг эрх ашгийг бэхжүүлэх заалт ороод ирвэл ёстой болохгүй. Чухамхүү гаргасан алдаан дээрээ суралцаад л, энийг яаж залруулах вэ, яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Жишээ нь, 1990-1992 оны анхны парламент дээр юу болж байв. 1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012 онуудад яасан билээ. Одоо 2012-2016 оны парламентад юу болохгүй байгаа вэ гэдгээ бүгдийг сайтар бодох ёстой. Парламентаасаа гадна Ерөнхийлөгчийн институц, Засгийн газрууд нь яаж байгуулагдаж байсан бэ гээд бүх юман дээрээ дүн шинжилгээ хийгээд гаргалгаануудаа гаргах ёстой. Түүнээс Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг зарим намаар хэлэлцүүлээд, онол практикийн хурал зохион байгуулаад болчих зүйл биш л дээ.

Манайд мэргэжлийн чанар алдагдсаны жишээ бол хүүхэд хөгшидгүй бүгд уул уурхай ярьдаг, “уурхайчин” болсон явдал. Яг түүн шиг гурван сая улстөрч Монголд бий болно. Энэ гурван сая хүн бүгдээрээ Үндсэн хуулийн төсөл боловсруулна, саналаа хэлнэ гэдэг бол зүгээр л онигоо. Дэлхийн ихэнх орны туршлагаас харахад Үндсэн хуулийг хэдхэн хүн боловсруулдаг. 

-Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол бүх ард түмнээр хэлэлцүүлэх ёстой биз дээ. Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй юм биш үү?

 

-Бүх ард түмнээр хэлэлцүүлнэ гэдэг утгагүй. Дугаар хорооны иргэн Дорж Үндсэн хуульд ийм санаа оруулах хэрэгтэй байна гээд яриад явбал мэргэжлийн чанар алдагдана. Манайд мэргэжлийн чанар алдагдсаны жишээ бол хүүхэд хөгшидгүй бүгд уул уурхай ярьдаг, “уурхайчин” болсон явдал. Яг түүн шиг гурван сая улстөрч Монголд бий болно. Энэ гурван сая хүн бүгдээрээ Үндсэн хуулийн төсөл боловсруулна, саналаа хэлнэ гэдэг бол зүгээр л онигоо. Дэлхийн ихэнх орны туршлагаас харахад Үндсэн хуулийг хэдхэн хүн боловсруулдаг. Тэр хүмүүс нь дүн шинжилгээ хийгээд санаа оноо хэлж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсоод явдаг. Түүнээс бүгдээрээ саналаа хэлнэ гэдэг бол нэгдүгээрт бүтэхгүй, хоёрдугаарт утгагүй.

 

-Бүгдийг нь хамруулж болохгүй юм бол ядаж судлаачдынхаа үгийг сонсох хэрэгтэй биз дээ. Ажлын хэсэг нууж, нууж байгаад л нэг төсөл гаргаад ирлээ. Эхнээсээ тэр нь эсэргүүцэлтэй тулаад байна. 

 

-Харин тэглээ, төслөө маш хаалттай боловсруулсан. Нууж нууж байгаад сая гаргасан. Би гэхэд боловсруулж байгаа төслөө үзүүлээч гэхэд УИХ-ын гишүүдийн хэмжээнд яригдаж байгаа гээд халгаагаагүй. Одоо болохоор хүмүүсийн саналыг авна гээд нээлттэй орхидог нь буруу. Боловсруулах явцдаа хүмүүсийн санаа оноог шингээгээд, хасах юмаа хасч, нэмэхээ нэмж явдаг нь хуулийн төсөл боловсруулах гол процесс. Эсвэл тэртэй тэргүй төсөл дахиж задарч, шинээр босно гэж тооцсон юм болов уу.

 

-Үндсэн хуульд оруулах ёстой гол өөрчлөлт нь юу байх ёстой юм бэ. Юуг өөрчилж байж нийгэм урагшаа алхах вэ?

 

-Улс төрийн намууд хэр төлөвших вэ, дараагийн УИХ-ыг яаж байгуулах юм, Ерөнхийлөгч нь ямар байр суурьтай байх ёстой юм, засаглалын хэлбэрээ өөрчлөхгүйгээр ямар гаргалгаа гарцууд байж болох вэ, улс төрөө хямраачихгүйн тулд иргэний нийгмээ бид яаж төлөвшүүлэх вэ гэдгийг Үндсэн хуулиар зохицуулна. Ерөөсөө л Монгол Улсын тусгаар тогтнол, улс төр, эдийн засгийн бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал, хөгжих эс хөгжих гэдэг Үндсэн хуультай  холбоотой. Тиймээс бид их алсын хараатай, цэгцтэй гаргалгаа хийх хэрэгтэй.

 

-Та түрүүнд өнгөрсөн цаг хугацаагаа дүгнэж байж төслөө боловсруулах ёстой гэсэн. Манайх нэг удаа дүгнэлт хийгээд Үндсэн хуулиа өөрчлөө биз дээ. Гэтэл 2000 оны тэр өөрчлөлтийг дордуулсан долоон заалт гэж зарим улстөрч ярьдаг. Тэгэхээр одоо 2000 оноос хойш дүгнэх үү, эсвэл...?

 

-Дордуулсан долоо гээд байгаа тэр өөрчлөлтийг хийсэн хүмүүс нь тэр үеийн МСДН-аас С.Баярцогт, МҮАН-аас би, МАХН-аас Ц.Нямдорж гишүүн бид гурав юм. Дээр нь Ж.Бямбадорж. Бид Үндсэн хуулийн ажлын хэсэгт ороод хамгийн гол нь хувь улстөрчийн араншингаас хамаарч төрийн институц мухардмал байдалд орж болохгүй гэдэг санааг оруулсан. Улс төрийн нам төлөвшиж байж улс төр тогтвортой байх болно. Үндсэн хуулиндаа улс төрийн намын үүрэг зорилгыг огт тусгаагүй нь буруу юм. Тийм учраас 1990 оноос хойш явж ирсэн түүхээ эргэн харж, шинжлэх ухааны үүднээс судалж, маш зөв дүгнэх ёстой.

 

-2000 онд Үндсэн хуулийг өөрчлөх болсон хамгийн гол шалтгаан нь Засгийн газраа байгуулж чадахгүй удсантай холбоотой биз дээ?

 

-Тэр үеийн Ерөнхийлөгчийн араншин, үйл байдлаас хамаарч олонхи болсон нам засгаа байгуулж чадахгүй түр засагтай долоон сар болсон. Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшүүлж байв. Дээр нь 1996 оны долдугаар сарын 18 буюу УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөдөг өдөр байна. Ардчилсан холбоо эвсэл 50 суудал, МАХН 25 суудал, тэгээд МУНН-ын О.Дашбалбар агсан нэг суудал авчихсан байсан. Гэтэл тэр үеийн Үндсэн хуулиар 51 гишүүн ирж байж УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах ирц бүрддэг байлаа. Хэдий Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай ч нөгөө 26 гишүүнээс нэг нь заавал ирж байж парламентын чуулган эхэлнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоригийг авах асуудал ч бас цөөнхөөс шууд хамаардаг байсан үе. Бурханаас, бүр цаанаасаа монголчууд төрөө төвхнүүлэхдээ их ухаантай хандаасай гэсэн юм шиг тэгэж сонгуулийн үр дүн гарсан байлаа. Энэ бол эхний сорилт. 1996-2000 онд улс төр жинхэнэ буцалж эхэлсэн үе юм.

 

-Гишүүд нь тангараг өргөхөөсөө л Үндсэн хуулийн “гажиг”-тай нүүр тулсан гэсэн үг үү?

 

-Намууд 50, 25 гээд суудал авчихсан, Ардчилсан холбоо эвсэл жинхэнэ утгаараа ялчихлаа л гэж бодож байсан үе. О.Дашбалбар гишүүн хувь улстөрчийнхөө хувьд сонгогдчихсон. Өөрөө ч их өвөрмөц, харизм ихтэй хүн байсан. Гэхдээ яг сонгуулийн дараа бол О.Дашбалбар гишүүн өөрийгөө шидэт нэг гэдгээ мэдээгүй байсан юм. Долдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга сонгогдож, засгаа байгууллаа. Ерөнхий сайд М.Энхсайхан болов. Тэгээд МҮАН-ын дарга байсан Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд даргаар сонгох гэтэл МАХН-ын 25 бид цөөнх учраас дэд даргыг авна гэсэн. УИХ-ын дарга нь Р.Гончигдорж, Ерөнхий сайд нь М.Энхсайхан гээд дандаа танайхаас боллоо, дэд даргаа манайх авна гэдэг юм. Бид юу боллоо гэж хүлээн зөвшөөрөх вэ. Сонгуулийн ачааны хүндийг үүрсэн Ц.Элбэгдоржийг дэд даргад дэвшүүлэхээр тохирчихсон байхад ялагдчихсан МАХН-д юу боллоо гэж өгдөг юм бэ гээд сууна биз дээ. Гэтэл нөгөө 25 хурал хаясан. Бидний 50 суудал дээр О.Дашбалбар гишүүн нэмэгдэж байж хурлын ирц бүрдэх гээд байтал МАХН-ынхан “нааш ир” гээд дуудаад байдаг. Бид суучих гээд гуйдаг. Ганц гишүүнээс УИХ-ын ирц хамаарах учраас шидэт нэг болов. Эндээс үүдэж хэдийгээр олонхи болсон боловч чадавхигүй олонхи гэж байдаг юм байна. Ийм байж болохгүй гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энгийн олонхийн ирцээр чуулган хуралдахаас эхлээд долоон өөрчлөлт эхэлсэн. Үнэндээ тэдгээр өөрчлөлт бол дордуулсан өөрчлөлт огт байгаагүй.

 

-Үндсэн хуулийг нь биш, дордуулсан долоон заалтыг л буцаах ёстой гэдэг ш дээ.

 

-Дордоогүй, ирц бүрдүүлэх дээр жишээ авахад дэлхийн олон орны парламент энгийн олонхийн журмаар явдаг. 50 хувьтай байхад л хангалттай гэдэг байхад бид заавал 66 хувь байж УИХ-ын чуулган хуралдана гэдэг байж болохгүй зүйл л дээ.

 

-Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 2000 оны долоон өөрчлөлтөөс заримыг нь буцаах агуулгатай төсөл санаачилсан байна лээ?

 

-Н.Батбаяр нарын долоон гишүүний өргөн барьсан төсөлд хэд хэдэн ухралт байна. Нэг нь дэд даргад нэр дэвшүүлэх асуудал байна. Одоо бол УИХ-д бүлэгтэй намууд дэд даргад нэр дэвшүүлж УИХ-аас сонгодог. Гэтэл наймаас доош суудалтай нам болон бие даан сонгогдсон гишүүн УИХ-ын дэд даргад нэрээ дэвшүүлж болно гэсэн агуулга төсөлд байсан. Энэ бол ухралт. Бидний хийсэн нөгөө долоон өөрчлөлтөөр бол намын бүлэг бүрээс дэд дарга сонгодог болгосон. Хэрэв энэ журмыг халбал УИХ-д 25 суудал авчихсан нам дэд даргагүй болох гэсэн ойлголт бий болно. Бүгдийг блоклох тийм том улс төрийн хүчин парламентад байхад институцийнх нь хувьд бэхжүүлэхийн оронд та нарыг оруулахгүй гэж хаяж болохгүй.

 

-Заавал бүлэгтэй намд дэд дарга өгөх болсон гол шалтгаан юу юм бэ?

 

-Найман суудал гэдэг парламентын арван хувь. Бүлэг гэдэг нь өөрөө парламентын хамгийн гол гал тогоо. Өөрөөр хэлбэл, намын бүлгийн хурал дээр ямар “хоол” хийхээ шийддэг. Зүй нь улс төрийн намын бүлгийг намын дарга нь удирддаг, өөр хүн удирддаггүй болгох хэрэгтэй. Гэтэл төслийн ажлын хэсгээс “Намын бүлгээс хараат бусаар өөрийгөө болон өөр гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэн сонгох боломжийг бүрдүүлэх үүднээс УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос нууцаар гарган сонгодог байхаар Үндсэн хуулийн 24-р зүйлийн нэгдэх хэсэгт өөрчлөлт оруулах санал оруулж байна” гэсэн байна лээ. Гэтэл УИХ-ын дарга, дэд дарга нар нийлж байж чуулганаар хэзээ, юуг хэлэлцэхийг шийддэг.

 

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл үү?

 

-Тийм, даргын зөвлөл. Энэ зөвлөлд улс төрийн намуудын дарга нар орох ёстой. Ээлжит чуулганаар ийм асуудал хэлэлцье гэдгийг шийддэг. Эрх баригч хүчин нь Засгийн газраас ийм, ийм хуулиудыг оруулах бодолтой байна гэхээр нь “тэгвэл уучлаарай, манай нам ийм төсөл оруулах саналтай байна” гээд хэлэлцдэг эрх цөөнхид байх ёстой. Гэтэл ийм зүйл ярьдаг институцийг үгүй хийх нь л дээ. Бүр нэмээд наймаас доош суудалтай нам, бие даан сонгогдсон гишүүнийг УИХ-ын дэд даргаар сонгогдох боломжийг олгож байна. Уучлаарай, тийм юм хийж болохгүй. Алийн болгон ИЗНН, ҮШН, МАХН эсвэл бие даагчийг заавал тэр бодлого тодорхойлоход оруулах ёстой юм бэ. Хэдий хувь улстөрчийн хувьд харизмаараа өөрөө гараад ирсэн байж болох ч улс төрийг үймүүлэх боломж олгож болохгүй.

 

1996-2000 оны УИХ дээр нэг хүн яаж үймүүлж болдгийг бодитой харсан. Тэр үед Ардчилсан холбоо эвсэл 50 биш, 45 суудал авсан байсан бол тэр нэг суудал шидэт тоо болохгүй л байсан. Эсвэл МАХН тэр үед 20 суудалтай байсан бол тийм асуудал үүсэхгүй байсан л даа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн болгон манай институциудад сорилт авчирч байсан. Ийм байхад бүлэг байгуулах хэмжээнд суудал аваагүй намуудад, бие даагчдад улс төрийг бужигнуулах бололцоог нээж өгч таарахгүй.

 

олон засаг солигдсон байдал, нам доторх фракцуудын зөрчил, хувь улстөрчийн тоглолт юу авчирдаг вэ гэхээр нэг нам дангаараа бүх суудлыг авах нөхцөл бүрдүүлдэг. 1992-1996 оны парламент, 2000-2004 оны УИХ-ын сургамж бол дарангуйлал  хэрхэн бий болдгийг харуулсан. Хяналтгүй төр дарангуйллыг бий болгодог.

 

Улс төрийн бужигнаан юу авчирч болдог вэ гэдгийг харах олон юм бий. 1996-2000 оны бужигнаан юу авчирсан бэ гэвэл 2000-2004 оны парламентыг. Би 2000 оны зургадугаар сарын 30-нд маргааш сонгууль болох гэж байна гээд хамгийн сүүлд эрх баригч намын генсекийн хувиар үг хэлэхдээ “76:0 болох гээд байна шүү” гэж анхааруулж л байсан. 1996-2000 оны олон засаг солигдсон байдал, нам доторх фракцуудын зөрчил, хувь улстөрчийн тоглолт юу авчирдаг вэ гэхээр нэг нам дангаараа бүх суудлыг авах нөхцөл бүрдүүлдэг. 1992-1996 оны парламент, 2000-2004 оны УИХ-ын сургамж бол дарангуйлал  хэрхэн бий болдгийг харуулсан. Хяналтгүй төр дарангуйллыг бий болгодог.

 

Сонгууль болгоны дүн манайд сорилт авчирч байсан бас нэгэн баримт бол УИХ-ын 76 суудлыг 38:38-аар нь хуваасан явдал. Яг 38:38-н суудал.  Үр дүнд нь 2004-2008 онд жижиг намууд яаж тоглож болдгийг харсан. Эндээс үлдсэн сургамж бол эвслийн гэрээ. Ер нь хувь улстөрчийн тоглолтыг, жижиг намуудын биеэ худалдах байдлыг Үндсэн хуулиараа зогсоохгүй бол сандал ширээний төлөөх урвалт шарвалт хэзээд байх болно.

 

-Та 2000 оны долоон өөрчлөлтийг буцаах ямар ч шаардлагагүй гэж үзэж байна уу?

 

-Янз бүрийн юм нэмээд Үндсэн хуулийн 2000 оны нэмэлтийн мөн чанарын утгыг алдагдуулж болохгүй. Парламентын мөн чанар бол ерөөсөө л улс төрийн намууд бодлогоо уралдуулах явдал. Олонхи болсон нам засгаа байгуулдаг нь үндсэн зарчим. Гэтэл манайхан болохоор Ерөнхийлөгчийн засаглалыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хэрнээ парламентын засаглалын мөн чанар болсон улс төрийн намаас айдаг. Манай Үндсэн хуулийг үзэхэд улс төрийн нам гэсэн нэг ширхэг ч үг байхгүй. Тиймээс 2000 онд бид арай гэж найман суудалтай нам бүлэг байгуулна гэж оруулж өгсөн. Харин парламентын арван хувийг авч чадаагүй нам бол улс төрийн бодлого тодорхойлохгүй. Цүнхэндээ тамгаа авч явдаг хүмүүс би ийм нам, тийм нам гэж сайдын суудал нэхдэг тоглолтыг зогсоох ёстой. Үнэндээ УИХ-ын дэд дарга гэдэг чинь албан тушаал, суудал огт биш. Энэ бол бодлого.

 

-2012 оны сонгуулийн үр дүн ч бас сорилт дагуулсан юм биш үү. Аль ч нам олонхи болоогүй учраас жижиг намуудаа АН эхэндээ бүгдийг нь татсан. Бүр бие даагч гурван гишүүнд зөвлөл гэсэн албан бус статус өгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулсан. Бас УИХ-д анх удаа эмэгтэй гишүүд олуулаа сонгогдсон гээд албан бус бүлэг байгуулж өгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд даргыг нь багтаасан. Энийгээ л хуульчилчихъя гээд байгаа юм биш үү?

 

-Уг нь Үндсэн хуулиа ингэж зөрчиж болохгүй л дээ. Ер нь аливаа парламентын завхрал юунаас эхэлдэг вэ гэхээр Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарснаас эхэлдэг. Болчимгүй, зарчимгүй юм эргээд хэзээ нэгэн цагт сөрөг үр дагаварт хүргэдэг. Анхнаасаа марзан юм хийсний сөрөг үр дагавар өнөөдөр гарч байна. Иймэрхүү юмнаас нь болоод засагт ч ажиллах боломж хомс боллоо. Их Хурал дээр байдал ийм байхад шийдвэр гаргахад хэцүү.

 

-Ажлын хэсгийн оруулж ирсэн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумих агуулга орсон байна лээ. Ингэхийн тулд Ерөнхийлөгчөө шууд парламентаас сонгодог болох гэдэг ч юм уу?

 

-Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгөөр зургаан жилээр нэг удаа сонгодог байх санал төсөлд туссан байсан. Ингэж Ерөнхийлөгчийг улираахгүйгээр нэг удаа сонгох нь нэр дэвшсэн намаасаа хараат бус байх боломжийг бүрдүүлэх гэсэн санаа юм билээ. Энэ бол байж болно оо. Харин ард түмнээс сонгодог байсныг нь болиулж, УИХ өргөтгөсөн төлөөлөлтэйгөөр сонгоно гэдэг хүлээж авахад хэцүү санал. Парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог бусад улсыг хараад байхад парламент нь олон гишүүнтэй, 400-600 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм билээ. Харин манай яриад байгаа өргөтгөсөн төлөөлөл гэдэгт нь УИХ-ын 76 гишүүн, нэмэх нь нийслэл аймгийн удирдлагууд зэрэг цөөн хүн багтах юм гэсэн.

 

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумих тухайд та ямар бодолтой явдаг вэ?

 

-Манай улсын ардчиллаар замнасан түүх маань ердөө 25 жил. Дээр нь далайд гарцгүй, бас хоёр их гүрний дунд оршдог улс. Жижиг үндэстэн. Улс төрийн намуудынх нь төлөвшил ямар билээ. Залуу ардчилалтай ийм улсад Ерөнхийлөгчөө шууд бэлгэдлийн шинжтэй болгох нь зовлонтой. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч, улс орны үндэсний аюулгүй байдлыг тэргүүлдэг хүн. Дипломат төлөөлөгчийг томилох эрх бас бий. Энэ бүх юмыг нь болиулаад зүгээр бэлгэдлийн төрийн тэргүүн болгох юм бол манайд хол явахгүй. Яагаад гэвэл, төрийн ой санамж гэж юм бий.

 

Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал байдаг учраас геополитик, геоэдийн засаг гэсэн утгаар төрийн ой санамжийг зөөгч нь хэн байх вэ гэдэг асар чухал. Энэ хэнд хадгалагдах ёстой вэ гэхээр институцийнхээ хувьд Ерөнхийлөгчөөс өөр хүн харагдахгүй байгаа юм. УИХ бол намуудын зодооны талбар.

 

Угаасаа аль ч улсын парламент тийм байдаг. Гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд бол яавч биш. Тэр бол гүйцэтгэгч. Харин ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгч л төрийн ой санамжийг тээгч нь юм. Тийм учраас Ерөнхийлөгчийг шууд л шүдгүй, арслан болгож таарахгүй.

 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг гүйцэтгэх засаглалдаа шилжүүлэх талаар яриад байна шүү. Миний ойлгосноор хүчний байгууллага, шүүх, прокурорын томилгоог шууд Засгийн газар нь хийх агуулга төсөлд бас  туссан юм уу?

 

-Тийм, би ер нь томилгоотой холбоотой асуудал Монголд хошин шог шиг болсон гэж боддог. Бүх томилгоог эрх мэдэлтнүүд нь хуваагаад авчихсан. Ерөнхийлөгч гурван хүн, УИХ гурван хүн, Засгийн газар гурван хүн санал болгодог ч гэдэг юм уу. Эсвэл Ерөнхийлөгч гурав, Дээд шүүх гурав, УИХ гурван хүн гээд томилоод байдаг. Шүүгч, аудит, прокурор, бүр хэвлэл мэдээллийн салбарт ч ингэж томилж байна. Энэ бүгдийг Үндсэн хуулиар цэгцлэх хэрэгтэй. Жишээ нь, Цэц байна. Өөрсдөөсөө хамааралтай хүн томилдог Үндсэн хуулийн шүүх гэж Монголоос өөр хаана ч байхгүй. Ядаж УИХ нэр дэвшүүлэх эрхгүй болох ёстой. Ер нь энэ удаад Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын хэт их юманд оролцсон байдал, дарангуйллыг багасгах хэрэгтэй. Нэг институцид хэт их эрх мэдэл төвлөрөхөөр өөрийн эрхгүй дарангуйлагч л төрдөг юм. Одоо яаж байна гэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг хүртэл УИХ томилж байна шүү дээ. Уг нь энэ чинь цэвэр сэтгүүл зүйн өөрийнх нь асуудал баймаар юм. Тэгэхгүй УИХ томилгоог нь хийхээр энд, тэндгүй л тоглоомон хүүхэлдэй гараад ирдэг.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг улам баталгаажуулах ёстой гэж байгаа. Зүгээр нэг гишүүн дурын сайдаа огцруулах асуудал санаачлах эрхийг хасъя гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нарыг хүн нэг бүрээр нь томилох биш, тэр эрхийг нь Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй гэж байгаатай санал нийлэх үү?

 

-”Засгийн газрын гишүүдийг УИХ нэг бүрчлэн томилж байгаа нь тэднийг хараат байдалд оруулдаг тул Ерөнхий сайд нь гишүүдээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох” гэсэн санал боловсруулсан байна лээ. Үүнийг би 100 хувь дэмжинэ. Ингэх ёстой юм. Ялангуяа эвсэл болж засаг байгуулж байгаа үед энэ их чухал. Засгийн газар бол багаар ажилладаг бүтэц. Нэг сайдыг нь сугалж огцруулаад байж болохгүй, тэнд хамтын шийдвэр гардаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд бол оркестрын удирдаач. Тэнд буруу хөглөгдсөн хөгжим дуугарах ёсгүй. Хийл нь, эсвэл төгөлдөр хуур нь буруу ноотоор дуугарах юм бол тэр юу болох билээ. Тийм учраас улс төрийн нам дотроо лидер хүн гэдэг утгаараа Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой. Тэгж байгаа тохиолдолд УИХ дахь бүлгээ намын дэд дарга нь авч явах ёстой. Их Хурлын дарга, спикер бол цэвэр хуралдаан даргалагч юм. Манайх УИХ-ын даргаараа хамгийн настай хүнээ, эсвэл хамгийн олон жил парламентад суусан хүнээ сонгочихож болно шүү дээ.

 

-УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний алба давхар хаших нь зөв үү. “Давхар дээл”-ийн хууль гэж УИХ-д орж ирээд унасан. Одоо Үндсэн хуулиар гүйцэтгэх, хууль тогтоох засаглалаа зааглая гэж байгаа шүү дээ?

 

-Марзан, марзан юм яриад явдаг хүмүүс бий. Жишээ нь, Үндсэн хууль дээр “давхар дээл”-ийн тухай асуудал оруулж ярьдаг гишүүн бий. Гэтэл хуулийн төсөл Засгийн газрын бүтцийг сонгууль болгоны дараа өөрчлөх нь засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг тул яамдыг Үндсэн хуульд нэрээр нь тусган баталгаажуулдаг байхаар оруулсан. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт тодорхой үйл ажиллагаа хариуцсан гурваас илүүгүй гишүүн нэмж болно гэсэн байна лээ. Энэ тохиолдолд Засгийн газрын гишүүд заавал УИХ-ын гишүүн нэгэн зэрэг байх ёстой. Яагаад гэвэл, ард түмний мандат авсан хүн л засагт орох ёстой. Нам бусчуудаас засгаа бүрдүүлэх ч гэдэг юм уу, эсвэл Ерөнхий сайд халаасныхаа хүнийг аваачиж сайдаар тавина гэдэг нь байж болохгүй. Яагаад намын дарга нь Ерөнхий сайд болдог гэхээр сонгуульд өөрөө манлайлж ороод намаа ялуулаад, олонхийн суудал авсан учраас тэр.

 

Ард түмэн аль намыг сонгох вэ гэдэг нь аль бодлогыг дэмжих вэ гэсэн үг. Тэгээд тухайн намаас нэр дэвшигчдийг хараад энэ хүн гарвал Ерөнхий сайд, энэ хүн нь Сангийн сайд, энэ нь Хууль зүйн сайд болох юм байна гэж хардаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үед бараг баг нь тодорчихсон байдаг юм. Гэтэл манайд яаж байна. Улс төрийн ямар ч туршлагагүй, сайд байтугай амьдралдаа төрд алба хашиж үзээгүй хүн авчраад тавьчихдаг. Тэр хүнд төрийн ажлын туршлага байхгүй. Тухайлбал, их сургуулийн багшийг авчраад сайдаар тавьчихдаг, нөгөөх нь салбараа самарчихдаг юм. Самрахаас гадна яамандаа намын томилгоо хийгээд л, танил талаа авчирдаг. Тэгэхээр төрийн ажлын залгамж чанар, чадвар алдагдана. Үүнийг Үндсэн хуулиараа цэгцлэхгүй бол сонгуулиас сонгуульд төр нь албатайгаа хамт намирч байдаг, өөрчлөгддөг, ой санамжгүй болдог байж таарахгүй. Одоо бол замарсан. Энэ нь эргээд монголчууд худалч, хэлсэн үгэндээ хүрдэггүй, нэг засаг гараад л өмнөхөө өөрчилдөг, итгэлгүй түнш гэдэг имижийг бий болгосон. УИХ-ын гишүүн, өөрөөр хэлбэл лидерүүд засагт байх ёстой. М.Энхсайханы Засгийн газар 1998 онд яагаад унасан гэхээр УИХ-ын гишүүд буюу лидерүүд сайд хийгээгүй учраас л унасан. Сонгуулийн бүх ачааны хүндийг үүрч байсан лидерүүд нь засгаас гадна үлдэж болохгүй. 

 

-УИХ-ын гишүүд нь бүгдээрээ сайд болчихвол гүйцэтгэх засаглалаа хэн хянах юм бэ?

 

-Харин ийм сонин зүйл яриад байх юм. Хэзээ ч УИХ нь Засгийн газрыг хянадаггүй. Харин цөөнх болсон улс төрийн хүчин л засгаа хянадаг. Түүнээс одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга нь өөрийнхөө Ерөнхий сайдыг хянаад байдаггүй. Энэ чинь 100 хувь итгэлцэл дээр тохирч нэг нь Их Хурлын дарга, нэг нь Ерөнхий сайд болоод хамтдаа дахин ялахын төлөө зүтгэх ёстой хүмүүс. Гэтэл УИХ нь засгаа хянах гээд дуудаад л... Энэ бол утгагүй. Баасан гаригт чуулганы мэдээллийн цаг гэж бий. Уг нь сөрөг хүчинтэй байгаа цагт л мэдээллийн цаг гэж байдаг юм. Бусад оронд бол Ерөнхий сайдын мэдээллийн цагаар нь парламентын жинхэнэ гоё мэтгэлцээн өрнөдөг. Олонхи болсон намын Ерөнхий сайд нь голдоо суугаад, хажууд зэрэгцээд сайд-УИХ-ын гишүүд нь суучихдаг. Өөдөөс нь хараад цөөнх нь суугаад мэтгэлцдэг. Ингэхдээ цөөнх нь сүүдрийн Засгийн газар байгуулдаг. Өөрөөр хэлбэл, УИХ нь засгаа хянах биш, УИХ дахь цөөнх нь засгаа хянадаг, сүүдэр мэт араас чинь дөрвөн жил дагана шүү гээд сүүдрийн Засгийн газар байгуулдаг. Цөөнхийн намын дарга нь сүүдрийн Засгийн газрын дарга гэж явдаг учраас одоогийн Ерөнхий сайдыг хянана, Боловсролын сайдыг болохоор сүүдрийн Засгийн газрын боловсролын сайд нь сүүдэр мэт араас чинь дагана гэдэг. Тэгээд парламентад боловсролын асуудал орж ирлээ гэхэд сайдыг нь чи төсвийг ингэж буруу зарцуулсан байна, энд цэцэрлэг барих ёстой байсныг тэнд барилаа ч гэдэг юм уу. Бусад оронд ингэж бодлого ярьдаг болохоос биш гишүүд дахиж сонгогдохын төлөө өдөржин, шөнөжин зурагтаар популизм хийдэггүй юм.

 

-Манайд сүүдрийн Засгийн газар байгуулсан туршлага бий шүү дээ. ИЗНН-ынхан нэг удаа сүүдрийн Засгийн газар байгуулснаа зарлаж байсан. Тэгж ажиллана гэсэн үг үү?

 

-Манайд бол инээдмийн кино шиг юм болсон л доо. ИЗНН сүүдрийн Засгийн газар байгуулсан. Бүлэг ч болоогүй нам шүү дээ. Тэгээд гудамжинд байсан хүмүүс сүүдрийн Засгийн газарт нь орсон юм. Гэтэл сүүдрийн Засгийн газрын гишүүн гэдэг заавал парламентын гишүүн байх ёстой. Тэгж байж жинхэнэ сайдаасаа үйл ажиллагаа, бодлоготой холбоотой баримт бичгийг нэхэж авах эрхтэй болдог. Тэгэхгүй гудамжинд байсан дурын нэг хүн сүүдрийн Засгийн газрын сайд гээд мэдээ мэдээлэл үзнэ гээд нэхвэл жинхэнэ сайд нь өгөхгүй ш дээ.

 

Цөөнх хяналтаа тавьдаг болохоос олонхи болчихсон, өөрсдөө засгаа бүрдүүлчихсэн нам өөрсдийгөө хянаад явдаггүй. Цөөнх хяналт тавих нь л парламентын мөн чанар.

 

-М.Батчимэг гишүүн бол заавал зааг ялгааг нь гаргаж байж хяналт бий болно гээд байгаа шүү дээ?

 

-Залуу хүн болохоор тэгэж бодсон биз. УИХ нь засгаа хянаж чадахгүй болчихно гэдэг бол жаахан гэнэн л байна даа.

 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар та ямар бодолтой байгаа вэ. Төсөлд бол орж ирээгүй байна лээ.

 

-Тоо нэмэх тухай байхгүй байсан. Би бол гишүүдийн тоог 120 болгох ёстой гэж боддог. Тэгж байж УИХ нь институцийнхээ хувьд бэхжинэ. Байнгын хороо, намын бүлэг нь ч бэхжинэ. Байнгын хороо гэхэд л 25, 30 гишүүнтэй болж байж амьд, мэргэжлийн болно. Тиймээс гишүүдийн тоог айхгүйгээр нэмээд явах ёстой. Гэвч энэ удаад УИХ-ын нэр хүнд уначихсан үе таарсан учраас тоог нэмэхээс айж байх шиг байна. Ер нь бол ард түмнээсээ асуух юмаа асууна, асуухгүй юмаа асуухгүй. Хийх юмаа л хийх ёстой. Улс төрийн боловсрол нимгэн байгаа нийгэмд бол зөв загвараа гаргах л хэрэгтэй. Тэрнээс биш бүх юмыг ард түмэнд таалагдахаар хийнэ гэж юу байсан юм бэ.

 

-Орон нутгийг намгүй болгохтой холбоотой санал гарсан байсан. Үүн дээр юу хэлэх вэ?

 

-Энэ бол их сайн заалт. ИТХ-ын сонгуульд улс төрийн намуудыг оруулахгүй байх нь маш зөв. Гайхамшигтай л заалт гэе дээ. Би энийг 1996 оноос мөрөөдөж эхэлсэн. Яагаад гэвэл орон нутгийн ИТХ гэдэг УИХ-аас юугаараа ялгаатай вэ гэхээр чухамхүү хувь хүмүүс жинхэнэ тодрох талбар нь. Нийгэмд хамгийн идэвхтэй, орон нутагтаа хамгийн нэр нөлөө бүхий хүмүүс ИТХ-д сонгогдоод, дээрээс томилогдсон Засаг даргыг хянадаг. Ганцхан юмаар л хянана шүү дээ, тэр нь төсөв. Засаг дарга аймгийн төсөв энэ жил ийм, энэ төсвийг би ингэж зарцуулна гээд танилцуулахад жинхэнэ ИТХ төсвийг нь хяргах уу, нэмэх үү, дотоод нөөц боломж юу байна, засгаас татаас авах уу гээд шийддэг. Тийм шийдвэр гаргадаг институц байх ёстой. Гэтэл манайх намаар хуваагдчихдаг. Дамчаа гуай надад  1990-ээд онд нэг онигоо ярьж өгсөн юм. Нутагтаа очсон гэнэ, Ховдод. Тэгсэн иргэдтэйгээ уулзаад л, манай алдарт жүжигчин ирлээ гээд л уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад нь ортол эхний эгнээнд нь улаан дээлтнүүд сууж байна гэнэ. Хоёр дахь эгнээнд цэнхэр дээлтэй хүмүүс, хойд эгнээнүүдэд нь янз бүрийн дээлтэй хүмүүс сууж байна гэнэ.  Дараагийн сумд очсон мөн адил. Юу болоод ингээд байгааг асуутал эхний эгнээнд нь манай нутагт ялсан МАХН-ынхан, дараагийн эгнээнд АН-ынхан сууж байгаа. Харин ард талаар нь нам бусчууд сууж байгаа гэсэн гэдэг. Даанч дээ. Үнэн байдал ийм л болж. Ер нь орон нутаг нам ямар хэрэгтэй юм бэ. Юуны төлөө намчирхаад байгаа юм бэ. Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд ордог болсноос ингэж улс төрждөг болжээ. Хоёрдугаарт улс дотор улс болж байдаг Улаанбаатар хот байна. Дүүргийн Засаг дарга нарын томилгоог хэдэн сараар гацаагаад л. Яагаад гэвэл ИТХ нь нэр дэвшүүлэх субъект нь болчихсон. Гэтэл бол манай Засгийн газар босоо тогтолцоотой юм шүү дээ.  Дээд шатны Ерөнхий сайд нь аймаг, нийслэлийн Засаг даргаа томилдог. Аймаг, нийслэлийнх нь сум, дүүргийнхээ Засаг даргыг томилдог тогтолцоотой. Ийм тогтолцоо байх ёстой. Тэрнээс биш нийслэлийн Засаг дарга нь сонгуулиар өөрөө ялж гарч ирсэн учраас гээд л Засгийн газартаа ил захидал бичээд “та нар юу юм бэ” гээд сууж болохгүй.

 

-Энэ парламентыг бүрэлдэхүүний хувьд Үндсэн хууль өөрчлөх эрх зүйн чадамжтай байж чадахгүй гэх хэсэг байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Би энд УИХ-ын гишүүдийн ёс суртахууны чадамж, чадавхийн тухай яримааргүй байна. Яагаад гэвэл энэ хүмүүс гишүүн болоод сонгогдсоныхоо хувьд энэ юмыг хийх үүрэгтэй юм. Түүнээс чи ёс суртахуунтай, чи ёс суртахуунгүй гээд ярих юм бол хэзээ ч энэ байдал арилахгүй. Ер нь ч тэгээд аль ч УИХ-ын үед ёс суртахуун ярих нь илүү зүйл. Би бол ёс суртахуун, ёс зүй гэхээсээ илүү мэргэжлийн үүднээс хандаж Үндсэн хуулиа өөрчлөөсэй гэж хүсч байна.

 

 

Ч.ГАНГЭРЭЛ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Өөрийгөө мэдэхгүй нь сайхан даа. Ямар хүн аймаар муухай царайтай, бие галбиргүйгээ
2015-10-21
Зочин:
Энэ тэтгэвэрийн авгай УИХын зовлох юм уу дахин цоллогт явуулаарай болж дээ Сигнад байхдаа зугээр байсан юм доо
2015-10-21
Зочин:
Эмэгтэй хүн гэхэд нилээд мэдлэгтэй чанга хүн шүү, мундаг гэхээс өөр хэлэх үг алга
2015-10-21
Браво:
Браво
2015-10-20
Зочин:
ene neg pompoison yum ih bolzhe ee
2015-10-20
Зочин:
Mundag yrisan bna
2015-10-20