Майкл Фокс: 2015 оныг арай өөрөөр төсөөлдөг байсан

img

Дэлгэцнээ 1989 онд гарсан “Ирээдүй рүү буцсан нь” киноны хоёрдугаар ангид 16 настай Марти Мкфлай эрдэмтэн Эммет Брауны зохион бүтээсэн цаг хугацааны машинд сууж, 2015 оны аравдугаар сарын 21-нд ирж буйгаар гардаг. Өнөөдрөөс тус уран бүтээл ирээдүй рүү буцсан бус өнгөрсөн үеийг харуулах кино боллоо. Тус киноны гол дүр Майкл Фокс өчигдөр “ABS телевизийн “LIVE with Kelly and Michael” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ.

 

 

-Олон жилийн өмнө дэлгэцнээ гарсан “Ирээдүй рүү буцсан нь” кино өнөөдрөөс эхлэн хуучин кино санд багтахаар боллоо. “Ирээдүй рүү буцсан нь” хоёрдугаар ангид Мкфлай, Браун нар 30 жилийн дараа буюу ирээдүй рүү очдог. Тэр өдөр өнөөдөр тохиож байна?

 

-Тиймээ. Тэр үед 2015 онд өөрийгөө байх эсэхээ ч мэдэхгүй байсан. 2015 он гэхээр л их хол сонсогддог байсныг санаж байна. Кино багийнхан ирээдүйд очих хамгийн эцсийн хязгаарыг 2015 он буюу өнөөдөр хэмээн тэр үед дүрсэлсэн. Өнөөдөр энэ өдөр тохиож буйд баяртай байна. Үнэнийг хэлэхэд, бодит амьдрал, кино хоёр тийм ч төстэй санагдахгүй байна. Би энэ оныг арай өөрөөр төсөөлдөг байсан.

 

-Цаг хугацааны тусламжтай 1980-аад оноос 2015 оны аравдугаар сарын 21-нд ирдэг. Тэр үед 2015 оныг ямар байдлаар төсөөлдөг байв?

 

-Яг л кино шигээ. /Инээв/ Нисдэг машин нисээд л. Ер нь тэр үед бодохдоо 2015 онд их зүйл өөрчлөгдсөн байх гэж бодсон. Гэхдээ өөрийн бодлоо тайлбарлаж чадахгүй байна.

 

-Яг юуг өөрчлөгдсөн гэж боддог байв?

 

-Мэдэхгүй ээ. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад хүмүүсийн сэтгэлгээ, үзэж харж буй зүйл илүү чөлөөтэй болсон. Гэхдээ би өөрөөр төсөөлж байсан. Нисдэг машин лав худалдаанд гарсан байх гэж боддог байсан.

 

 

-Та 2015 онд нисдэг машин хөдөлгөөнд оролцож, дэлхий бөөрөнхий бус дөрвөлжин болох байх гэж төсөөлдөг байсан гэж  үү?

 

-/Инээв/ Магадгүй л юм.

 

-Найруулагч Роберт Земекис 1989 онд 2015 оныг хэрхэн төсөөлсөн нь их сонирхол татаж байна. Нисдэг хавтан, үдээсээ өөрөө үүддэг гутал, өөрийгөө хатааж, хэмжээгээ тааруулдаг хувцас, хавтгай дэлгэцийг хананд байршуулах гэх мэт хэцүү ч бүтэхгүй зүйлийг уран бүтээлдээ шингээсэн. Одоо харахад зарим нь биелсэн гэхэд болно?

 

-Тиймээ. Анх зохиолоо уншиж байхад миний инээд хүрч байсан. Учир нь энэ бүхнийг хэзээ ч биелэхгүй гэж бодож байсан. 20 жилийн өмнө ухаалаг утасны тухай ойлголт бидний дунд байгаагүй. Одоо бүх л зүйл ухаалаг болсон. “Хананд зурагт байршуулах гэсэн үү” гээд л би найруулагчаас асууж байснаа санаж байна. Гэтэл эргэн тойрноо хардаа, хүмүүс зурагтыг ширээ зэрэг дээр тавихаа болиод хананд байршуулаад олон жилийн ардаа орхижээ. Би энэ киноны зүгээр л нэг эс нь. Харин найруулагч Роберт Земекис бол эхийн хэвлий нь. Тэр эрхэм яаж 30 жилийн дараах ирээдүйг алдахгүйгээр зөгнөсөн юм бол. Үнэхээр гайхалтай. Тэр хүний тархи биднээс нэг бус 100 жилээр түрүүлж байгааг энэ киноноос ойлгож болно.

 

-Хэрвээ кино 2015 он бус 2020 онд очих байсан бол?

 

-Тэгвэл кинонд гаргасан бүхэн бодит болох байсан. Нисдэг хавтан, үүдээсээ өөрөө үддэг гутал зэргийг хүмүүс энэ оноос л өмсөж эхлэх байх.  

 

-Зөгнөлүүдээс зарим нь биелж, зарим нь биелсэнгүй. Аль зөгнөл биелсэн бол та баярлах байсан вэ?

 

-Ер нь бүх зөгнөл биелээсэй хэмээн хүсч байна. Миний бодлоор шатахуун хэрэглэхгүйгээр автомашин хаягдлаар явдаг байсан бол илүү сайхан байх байлаа. Хэмнэлттэй.

 

-2015 онд Мкфлай хүү өөрийнхөө 50 настай төрхөө хардаг. Та одоо 54 настай. Энэ тухай?

 

-Найруулагчийн төсөөллөөр би 50 настайдаа саарал үстэй, цөөн тооны үрчлээтэй. Харин бодит байдал дээр би хар үстэй байна. Гэхдээ найруулагч намайг ирээдүйд хэрхэн харагдахыг зөв зөгнөсөн. Үсний өнгөнөөс бусад нь.

 

 

-Энэ киноны дараа олон кинонд тоглосон ч Мкфлайгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн?

 

-Тиймээ. Бусдын сэтгэлд тодоос тод гэрэлтэх дүр бүтээсэндээ баяртай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ