Монголын барилгачин залуучуудын холбооноос “Хямралыг хямраацгаая” уриан дор “Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян”-ыг зарласан. Уг аяны хүрээнд зохион байгуулж буй “Шинэ орон сууц 2015” үнэ тохиролцох үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд байртай болох хүсэл тээсэн олон хүн цуглажээ. Үнэ тохиролцох үзэсгэлэн худалдаа хэмээн тодотгосон нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зах зээлд борлуулалт нь удааширсан орон сууц нийлүүлэгчид, нөгөө талаас санхүүгийн боломж нөхцлөөс шалтгаалан хямд үнээр орон сууц худалдан авах хүсэлтэй залуу гэр бүл хоорондын нөхөрсөг бизнес тэнд өрнөж байх шиг санагдлаа.
Үзэсгэлэнд “Ноёд” констракшн, “Эрин хороолол”, “Дэлгэрэх” хотхон, “Аман хуур II”, “Өргөө” хотхон, “Astra building” зэрэг 26 аж ахуй нэгж байгууллага оролцож байна. Залуу гэр бүл барилгын компанитай тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа 10 хувийг төлөөд байртай болох хөнгөлөлт үзүүлж байлаа. Мөн сонирхсон байраа 200-300 мянган төгрөгөөр буулгаж үнэ тохиролцох ч боломжтой юм байна.
Гэвч “Урьдчилгаа төлбөргүй байртай болох боломжтой гэж сонсоод ирсэн. Үгүй гэнэ ээ” гээд урамгүй буцах нэгэн байлаа. “Уг нь метр квадрат нь 200-300 мянгаар хямдарч байгаа юм байна. Тэгээд ч барахгүй нь ээ” гээд толгой сэгсрэх нэгэн ч таарлаа. Өнгөрсөн хавар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар эдийн засгийн форумын үеэр “Улаанбаатар хотын нийт хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 200 мянган өрх орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа. Ойрын таван жилд орон сууцанд орох төлбөрийн чадвартай 60 мянган өрх байна” хэмээн хэлж байсан. Миний харахын энд цугласан олон төлбөрийн чадвартай 60 мянган өрх биш орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа 200 мянган өрхөөс л ирсэн бололтой.
“Ноёд” констракшны “Оргилуун” хотхоны 1м.кв талбай нь 1 сая 650 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин үзэсгэлэнгийн үеэр 600 мянган төгрөгөөр хямдарч 1 сая 50 мянган төгрөгөөр борлуулж байна. Залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгоор зохиогдож буй уг үзэсгэлэн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Аса циркэд болно.
Барилгачин залуучуудын холбооны тэргүүн Д.Батзориг
Үнэ тохиролцох үзэсгэлэн худалдаанд нийтдээ 26 аж ахуй нэгж байгууллага оролцож байна. Оролцож байгаа байгууллагууд тодорхой хэмжээгээр хөнгөлөлттэй үнээр борлуулалт явуулна. Мөн “Хаан”, “Худалдаа хөгжлийн” банкууд оролцож мэдээ мэдээлэл хүргэж байгаа. Ажлын өдөр болоод ч тэр үү залуучууд өргөнөөр оролцож байна. Гурав хоногийн үзэсгэлэнд л зориулж компаниуд орон сууцны үнийг бууруулж байгаа юм. Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян жилийн хугацаатай үргэлжлэнэ. Цаашлаад орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуу гэр бүл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
“Тэргүүн чансаа” ХХК-ийн борлуулалтын менежер П.Идэрхангай
Зургаадугаар Бичил хорооллын ард байршилтай “Мөнх өргөө” барилгын 1 м.кв нь 2-2.3 саяар худалдаалагддаг. Харин энэ үзэсгэлэнд залуу гэр бүлд хөнгөлөлтэй нөхцлөөр буюу 1.9-2.2 саяар борлуулж байна. Хэрвээ үзэсгэлэнд ирээд манай компанийг сонгон байраа захиалвал үнийг хямдруулахаас гадна цахилгаан бараа, гал зуухны хэрэгслийг бэлгэнд өгнө.
Орон сууны компаниуд 1 м.кв талбайн үнийг 200-600 мянган төгрөгөөр бууруулж, иж бүрэн тавилга бэлэглэнэ гэж байгаа ч гэрээ байгуулж, байртай болж байгаа залуу гэр бүл төдийлөн харагдсангүй. Ямартай ч залуу гэр бүлийг орон сууцтай болгох энэ төсөл үр дүнгээ өгч олон залуу гэр бүл дулаахан өвөлжөөсэй дээ.
Г.Тэгшсүрэн