Архангай аймагт 38 барилга байгууламж шинээр баригджээ
1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг Архангай аймгийн 90 жилийн ой ирэх жил тохиох юм. Түүхэн энэ ойг угтан Монгол Ардын Намын хороо их бүтээн байгуулалтын аян өрнүүлэх шийдвэр гаргаж, орон нутгийн эрхийг барьж буйн хувьд аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг захирамж гарган, ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт аймгийн бүх агентлаг, хэлтэс, сумын дарга нар багтаж буй юм. Ойрын хугацаанд түүхэн 90 жилийн ойг угтсан их бүтээн байгуулалтын аяны төлөвлөгөөг иж бүрнээр нь гаргахаар ажиллаж байна. Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос санаачлан “Архангай-90” их бүтээн байгуулалтын аянг зарлажээ. Сүүлийн жилүүдэд Архангай аймагт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцөл бололцоог орон нутгийн удирдлагын зүгээс хангаж ажиллаж байгаа юм. 1990-ээд оноос хойш тус аймагт шинээр нийтийн орон сууц ерөөсөө баригдаж байгаагүй бол өнгөрсөн 2011 онд 34 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд энэ жил 4-5 орон сууц ашиглалтад орохоор байна. Харин 2008 оноос хойш тус аймгийн хэмжээнд сумдын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гэхчилэн нийт 38 барилга байгууламж шинээр баригджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ