Шударга ёсны төлөөх зүтгэл хямарч болохгүй

img

Засгийн газраас Шүүхийн ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихдаа шүүхийн төсөв, шүүгчийн цалинг тодорхой хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Мөн шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг давхар өргөн барьсан байна.

 

Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн мэдээллээс эшлэн хүргэж байна.

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн тухай багц хуулиар Монгол Улсын шүүхийн эдийн засгийн баталгааг сайн хамгаалсан. Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүхийн төсөв, эдийн засагтай холбоотой том, том хамгаалалтыг хийж өгсөн. Жишээлбэл, Шүүхийн тухай хуульд холбогдох заалтуудаар “Шүүхийн төсвийг өмнөх оныхоос бууруулж болохгүй” гэсэн хамгаалалт, “Шүүхийн төсвийг ШЕЗ-өөс УИХ-д шууд өргөн мэдүүлэх тухай” том зохицуулалт хийж өгсөн. Шүүгчийн цалин хөлс, түүний бүрэлдэхүүнийг бууруулж болохгүй тухай хамгаалалт хийж өгсөн. Үүнээс гадна Шүүгчийн эрх зүйн байдлын хуулиар “Шүүгчийн цалин хангамж нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг дордуулсан ямар нэгэн акт гаргаж болохгүй” гэсэн. Энэ мэтээр шүүхийн эдийн засаг, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан зохицуулалтыг хийж өгсөн юм.   

 

Түүнчлэн Монгол Улс бол НҮБ-ын гишүүн. Шүүгчийн хараат бус байдлын НҮБ-ын суурь зарчмууд гэж байдаг. Уг зарчимд "Шүүгчийн цалин хүрэлцээтэй байна. Үүнийг нь хуулиар тогтоож өгнө" гэж заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэх зохицуулалт байдаг. Энэ бүхний дүнд шүүхийн эдийн засаг сүүлийн хоёр жилд овоо сэргэсэн. Баталгаажсан. Сайжирсныг тоо баримтаас харж болно.

 

Шүүгчийн цалинг 44-63 хувиар бууруулжээ

Сүүлийн 20-иод жилд улсын төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь бол 0.30-0.40 байсан. Харин сүүлийн хоёр жилд шүүхийн төсвийн улсын төсөвт эзлэх хувь 1 рүү дөхөж ирсэн. Энэ нь олон улсын жишиг рүү нэлээн дөхсөн алхам байлаа. Гэвч эдийн засаг хямарсан гэдэг нэрийн дор шүүхийн эдийн засаг, төсөв хөрөнгө 2016 оны энэ мөчид асар их хэмжээгээр буурахаар тийм төслийг бол Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Жишээлбэл, Шүүхийн төсвийг бараг 13 тэрбумаар бууруулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн цалинг 62 хувиар, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн цалинг 63 хувиар, Улсын дээд шүүхийн шүүгчийн цалинг 56 хувиар бууруулахаар тогтоолын төслийг УИХ-д Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн байна.

 

Ингэхдээ дээр өгүүлсэн шүүх, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьжээ. Тэгэхээр шүүхийн эдийн засгийг хамгаалсан хуулиудыг хүчингүй болгож, байгаад шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж буй явдал нь шүүхийн эдийн засаг, бие даасан байдалд нэлээн аюул учруулж байна.

 

Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахаар гаргасан Засгийн газрын тогтоолын төсөл нь хэд хэдэн хууль зөрчсөн болохыг мэдээллийн үеэр онцолсон. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн  аж. Түүнчлэн Шүүхийн тухай хуульд зааснаар “Бүх шатны шүүхийн шүүгчийн цалин орон тоог ШЕЗ-ийн саналыг харгалзан УИХ тогтооно” гэснийг зөрчжээ. Засгийн газрын зүгээс УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлэхдээ ШЕЗ-ийн саналыг харгалзаагүй нь шүүх засаглалын бие даасан байдлыг үл төөсөн явдал гэж үзэж буйгаа ШЕЗ-ийн дарга илэрхийлж байсан.

 

Цалин = Хариуцлага

 

Хэрэв шүүхийн төсөв, шүүгчийн цалин буурсан тохиолдолд дараах сөрөг үр дагавар гарах эрсдэлтэйг хэлж байна.

1. Шүүх засаглалын Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ тэнцвэртэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах зарчим. Сүүлийн хоёр жилийн хугацаанд баталгаажсан үр дүн алга болох.

 

2. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал байхгүй болох. Шүүгч нарын цалин нэмэгдснээр маш олон төрлийн зээл авсан. Нийт шүүгч нарын зээлийн 70 хувь нь байрны зээлтэй нь саяхан хийсэн судалгаагаар тогтоогджээ. Хамгийн дээд тал нь 20 хүртэлх жилийн 210 сая төгрөгийн зээлтэй байна. Цалингаа 60-аас илүү хувиар хасуулсан шүүгч зээлээ хэрхэн төлөх вэ. Ингэхээр хараат бус шүүгч биш арилжааны банкаас шууд хамааралтай хэсэг хүмүүс болох нь.

 

3. Шүүгчийн ажлын хариуцлага сулрах магадлалтай. Шүүгчийн цалин нэмэгдснээр тэдний эдийн засгийн байдал сайжирсан гэхээс илүүтэй ажлын хариуцлага дээшилжээ. Хөдөлмөрийг нь шударгаар үнэлэхээр ажил, албан тушаал нь үнэ цэнэтэй болдог. Авах, өгөх хоёр тэнцүү байх нь шударга ёсны анхны хэмжүүр. Гэтэл шүүгчийн хөдөлмөр, түүнийг төрөөс үнэлж байгаа цалин хоёр тэнцүү чанараа алдах гээд байна.

 

Шүүгч нар цалин дээр ямар нэгэн нэмэгдэл авдаггүй байна. 2002 оны хуучин хууль хэрэгжиж байх үед шүүгчид гурван төрлийн нэмэгдэл авдаг байсан бол Шүүхийн тухай багц хуулиар уг нэмэгдэл хүчингүй болжээ. Одоо зөвхөн 5-аас дээш жил ажилласан шүүгч хоёр хувийн нэмэгдэл авч байгаа аж. Манай шүүхийн олонх шүүгч залуу хүмүүс байдаг учир энэ нэмэгдэлд хамаарах нь төдийлөн олон биш гэнэ.

 

“Шүүхийн төсвөөс танахаар өргөн барьсан 13 тэрбумын 11 орчим нь шүүгчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл. Үлдсэн нь шүүхийн байгууллагад ажиллаж буй бусад төрийн захиргааны, үйлчилгээний алба хаагчийн цалинд хамаарч буй” гэдгийг Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж мэдээлсэн. Улсын хэмжээнд шүүхийн байгууллагад 2000 орчим хүн ажилладаг байна. Тэдний 400 гаруй нь шүүгч.

 

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Ийм бэрхшээл тулгараад байна. Бэрхшээл дунд боломж хадгалагдаж байдаг гэж Эйнштэйний алдарт үг бий. Бид итгэл найдвараа бүрэн алдаагүй байна. Энэ бол зөвхөн Засгийн газрын өргөн мэдүүлсэн санал. Энэ саналыг өөрчлөх, хуульд нийцүүлэх үүрэг УИХ-д байж байдаг. Тиймээс УИХ хууль зөрчсөн энэ шийдвэрүүдийг залруулна байх гэж найдаж байгаа. Монгол Улсад эдийн засаг хямарч болно. Шударга ёсны төлөө зүтгэх зүтгэл, шударга ёсны төлөө хийх тэмцэл хямарч болохгүй” гэлээ.

 

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
buukh heregtei shde. busad salbadiin tsalin hed bga bilee de.shuugch tegej awch bkhad tuslkah ajilchid n 31 hurku shakhuu bgaash
2015-10-27
Зочин:
Er ni zasgiin gazar hursen tuvshingeesee humuusiin orlogiig buuruulah ni mash muu iim arga hemjee avahgui baih ni mash chuhal baidag olon ulsad ch gesen tiim olon ulsiin muu jishgiig dagah hereggui
2015-10-26
зочин:
улс орон нь ийм хэцуу хунд уед хасагдсан ч гэсэн боломжийн цалингаар хямрал дуустал авилга авахгуй гурийгээд шударга ажиллаж байхаас гээд эх оронч сэтгэлээр хэлчихээч гуйж б ккк
2015-10-26
Зочин:
харин ч бага бууруулжээ, бүр их хасах хэрэгтэй тэгээд авлига авахыг нь харъя. авахаар нь шоронд хийеэ
2015-10-26
зочин:
Энэ Лүндэндорж жирэмсэн эмэгтэйг согтуу машин барьж яваад дайрч алсан гэж үнэн үү
2015-10-26
Зочин:
Бууруулах нь зөв
2015-10-26
zochin:
emch nariin tsalin nemegdeh heregtei shuugch emch adilhan shuu dee
2015-10-26
Энхээ:
Хүн дайрч алсан гэгддэг Лүндэндорж шударга ёс ярих эрхтэй хүн мөн үү?
2015-10-26