Энэ оныг “Хоршоо, нөхөрлөл, гэр бүлийг дэмжих жил” болгон зарлалаа

img

Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар энэ оныг “Хоршоо, нөхөрлөл, гэр бүлийг дэмжих жил” болгон тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас зарлав. Энэ оны ажлын эхний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан “Хоршоо, нөхөрлөл, гэр бүлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажилд нь орууллаа. 2008 оноос хойш аймгийн хэмжээнд 38 хоршоо, 73 нөхөрлөл байгуулагдаж, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид ч ард иргэдийг хорших, нөхөрлөл байгуулах замаар хамтран багаар ажиллаж амьдрахын ач холбогдлыг сургалт, сурталчилгааны замаар нутгийнхаа иргэдэд ойлгуулах, хоршоо, нөхөрлөл байгуулахад нь эрхзүйн туслалцаа үзүүлэх, төсөл хэрхэн бичих, зээлд яаж хамрагдах талаарх сургалтыг олныг хамруулан зохион байгуулах, тэднийг төрийн бодлогоор хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах гэхчилэн олон ажлыг төлөвлөжээ. Мөн нийгмийн үнэт зүйл болсон гэр бүлийг дэмжих, тэдэнд хандсан сайн сайхны төлөөх төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх талаар эцэг, эх, хүүхдүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа, олныг хамарсан олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн тухайн гэр бүлийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх талаар хоршоо, нөхөрлөлийг дэмжих чиглэлийн бодлоготойгоо уялдуулан энэ жилийн ажлаа явуулахаар тогтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ