Цагдаад анхлан орогчдыг полиграфийн аппаратаар шалгана

Цагдаагийн байгууллагын алба хаагч хүн амины гэмт хэрэгт холбогдсон тохиолдол нэг сар хүрэхгүйн хугацаанд хоёр удаа гарсан. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан алба хаагч болон тэдний удирдлагад хариуцлага тооцоод зогсохгүй, энэ асуудалд илүү нухацтай хандах шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагчид сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргаж гэмт хэрэгт холбогдоод байна. Дөнгөж сая хуралдаж дууссан ЦЕГ-ын даргын дэргэдэх зөвлөл хурлаар тодорхой шийдвэрт хүрсэн байх.
-Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрх зүйн шинэчлэл өргөн хүрээнд явагдсан. Цагдаагийн байгууллагын хууль, бүтэц зохион байгуулалт түүнийгээ дагаад өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа журам, зааврууд бүгд шинэчлэгдэж, өөрчлөлт, шинэчлэлт хийгдээд явж байсан. Харамсалтай нь цагдаагийн алба хаагч сахилга, хариуцлагын ноцтой дутагдал гаргалаа. Гэхдээ тухайн хоёр хэрэг цагдаагийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой биш гэдгийг хэлье. Ингэж хэлснээрээ зайлсхийх гэж байгаа юм биш бидний дунд байгаа манай хүмүүс. Тэгэхээр цагдаагийн албанд орох гэж буй хүмүүсийн шалгуурыг өндөрсгөж, ажил мэргэжлийн ур чадвараас гадна хувийн зан харьцаа, гэр бүл, найз нөхдийн хүрээлэл гээд бүгдийг нь нарийн судалж байж энэ эгнээнд нэгтгэдэг болъё гэдэг шийдвэрийг өнөөдөр зөвлөлийн хурлаас гаргалаа. Цагдаагийн байгууллагын Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг Р.Чингис дарга томилогдохдоо боловсруулаад ажил хийгдээд явж байгаа. Үүнийгээ илүү нягталж, тусгай чиг үүрэгтэй байгуулагын алба хаагчдад өндөр сонгон шалгаруулалт байхад анхаарахаар боллоо.
-Тухайлбал?
-Хэрэгт холбогдсон алба хаагчдыг харахад 1989-1991 оны буюу цагдаагийн байгууллагад ажиллаад 2-4 жил болж байгаа залуухан хүмүүс байна. Ер нь цагдаагийн байгууллагад анх ажилд орох гэж байгаа хүмүүсийг үнэн, худал ярьж байгаа эсэхийг нь тогтоодог полиграфийн аппаратаар шалгадаг болъё. Хувийн байдал, гэр бүл найз нөхдийг сайтар судалдаг байсан дээхнэ үеийн шалгуурыг бүр нарийсгаж хэрэглэе. Цагдаагийн байгууллагын боловсон хүчний сонгон шалгаруулалтад реформ хийх гэж байна.
-Одоо үүргээ гүйцэтгэж буй алба хаагчдад ч хамаатай гэсэн үг байх нь ээ?
-Томилогдоод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа ч өөрийнх нь тохирох ажилд ажиллуулж байна уу гэдгийг эргэж харна. Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа, ёс зүй өнөөдрийн нийгэмд тавигдаж байгаа цензурт хүрч байна уу гэдгийг алба хаагч нэг бүрээр үнэлж, дүгнэх ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ шат, шатны дарга удирдлагуудад ч хамаатай. Алба хаагчдаа нэг бүрчлэн шалгаж, үнэхээр манай алба хаагчид ажлын ачааллаас бол стрестээд байна уу, үүнийг даван туулах ямар арга зам байна. Эсвэл угаас ёс зүйгүй нэгэн хүн орчихоод цагдаагийн нэр хүндийг унагаад байгаа юм биш биз. Өмнө нь ноцтой зөрчил гаргаад эргээд орсон нөхөр цагдаад эргэж ажиллаж байна уу гээд буруу зүйл байвал түүнээс зоригтойгоор салж илүү чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ өргөжүүлэх ажлыг хийнэ.
-Ингэснээр халаа, сэлгээний асуудал гарах нь ээ.
-Үүнийг халаад, сэлгээд байна гэж ойлгож болохгүй. Өнөөдөр нийгэм өөрөө хөгжөөд, соёлжоод, иргэдийн эрх зүйн ухамсар дээшилж боловсроод байна. Гэтэл манай цагдаа хөл нийлүүлэн хөгжиж чадаж байна уу, үгүй юу. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай болжээ. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар олон хэргийг илрүүлж байна. Самрын хэрэгт холбогдсон алба хаагч, замын цагдаа нар, хэрэг шалгаж байхдаа бусдаас шан харамж авсан алба хаагчид хариуцлага хүлээсэн. Цагдаа бол нэр хүндтэй алба. Энэ албанд алдаа гаргаж байгааг олж илрүүлэхийн төлөө явж байгаа юм. Хууль сахиулах үүрэгтэй энэ эгнээнд хууль зөрчигч, буруу хүний байлгахыг хүсэхгүй.
-Албанд үнэхээр таарч, тохирохгүй хүн байвал шууд чөлөөлөгдөх үү?
-Тэр алба хаагч алдаатай байвал сургалтад хамруулах, мэргэжил арга зүйн чадварыг дээшлүүлэх зэргийг хийх нь мэдээж. Ингээд засрахгүй бол шаардлагатай арга хэмжээг авна. Гэхдээ өнөөдөр зөвхөн үүнийг эхлүүлэх шаардлагатай байна гэдгийг ярилцаж шийдвэрлэсэн. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, төлөвлөгөө, бүх зүйл гараад ирэхээр илүү тодорхой болно.
Хэдий өнгөрсөн явдлын дараа эхэлж байгаа ч энэ шийдвэр цагдаагийн байгууллагад чухал нөлөө үзүүлнэ. Цагдаагийн байгууллагад хяналт суларсан байсан гэхээсээ илүүтэй чангаруулах шаардлагатай юм байна гэж ойлгосон нь зөв байх.
-Цагдаагийн байгууллагын хүний нөөцөд реформ хийнэ гэлээ. Ер нь хүний нөөц, бүтэц орон тоо ямар байдаг юм бэ. Хангалттай эсвэл дутагдалтай?
-Ер нь зуун мянган хүн тутамд тэдэн алба хаагч байх ёстой гэх мэт шалгуур үзүүлэлтээр бол манай цагдаагийн алба хаагчийн тоо хангалтгүй. Цагдаагийн байгууллагын хүний нөөц олон жилийн өмнө баталсан чигээрээ явж байгаа. Гэхдээ улсын хүн амын тоо гурван сая гарлаа. Цаашид бүтэц, орон тоо нэмэгдээд явах байх.
-Одоо танаас энэ сэдвээс жаахан гажуу хэдэн асуулт асууя. Хэрэв даргын тушаалаар зугаалсан бол албан үүргээ гүйцэтгэж явсан гэсэн үг үү. Өмнөх хэрэгтэй холбоотойгоор асууж байгаа юм.
-Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаагийн албан үүрэг гэнэ” гэж заасан. Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэж хэлэхийг би сайн мэдэхгүй байна.
-Зарим хэвлэлд цагдаагийн алба хаагчид сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан учир ЦЕГ-ын дарга Р.Чингисийг сайн дураараа ажлаа өгөх ёстой гэж бичиж байна.
-Тийм мэдээлэл харсан. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээний асуудал. Манай эрх хэмжээнээс давсан асуудал. Манай дарга үүргээ гүйцэтгэж байгаа.
-Сүүлд гарсан хэрэгт холбогдсон алба хаагчдад хариуцлага тооцсон уу?
-Гурван алба хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн удирдлагуудад нь тодорхой арга хэмжээ авсан.
-Цагдаагийн байгууллагын залуухан алба хаагчид гэмт хэрэгт холбогдсон нь албан тушаалын цол олгосонтой холбоотой гэх хүн байна. Нэг талаар өрөөсгөл ойлголт ч байж болох л доо.
-Олон хүчин зүйл байгаа байх. Нөхцөл байдал, хүний суурь хүмүүжил, зан араншин гээд. Үүнтэй эрх зүйн шинэчлэл, албан тушаалын цолыг холбож ярьсан нь сонин ойлголт байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ