Аман өвийн хосгүй гайхамшигт тоглолт боллоо

Монгол туулийг 2009 онд “ЮНЕСО”-ийн “Яаралтай хамгаалах соёлын биет бус өв”-ийн жагсаалтанд бүртгүүлсэн. Харин 2013 онд Соёл спорт, аялал жуулчлалын яамны санаачилгаар “Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Уг төслийн хүрээнд туулийн уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор, Баян-Алтай, Халх, Урианхайн туульчтай хамтран шавь сургалтыг эхлүүлсэн. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн сургалтын тайлан “ Монгол туульчид” бэсрэг тоглолт өнөөдөр Богд хааны ордон музейн “Хаан туульс” өргөөнд боллоо. Бэсрэг тоглолтонд Ховд, Завхан, Увс, Баянхонгор аймгаас ирсэн 20 гаруй туульч оролцлоо. Шавь сургалтын хүрээнд бэлтгэгдсэн залуу туульчид болон тэдэнд багшилсан туульчид хүрэлцэн иржээ. Сургалтын ач холбогдлын талаар зарим туульчаас тодрууллаа.
МУУГЗ, туульч Д.Өлзий: Халх туулийг өвлүүлэхийн төлөө л зорьж явна
- Би шавь сургалтаас өмнө 2002 оноос тууль хайлах хичээлийг гэрээр зааж эхэлсэн. Миний шавь нар голдуу хөдөө Баянхонгор аймгийн Галуут суманд бий. “Шуранхай” хамтлагийн Номин-Эрдэнэ, “To be or not to be” шоуны “Гран при” шагналтан С.Баттулга хоёр миний хамгийн анхны шавь нар. Халх тууль нэг хэсэг огт байхгүй болж байсныг дахин сэргээсэн хүний хувьд би хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө л зорьж явна. Шавь сургалт маш их үр дүн өгч байгаа гэж би үзэж байна.
МУСТА туульч Д.Болд: Таван шавьтай болсондоо л олзуурхаж байна
-Баян-Өлгий аймгийн Гүенч сумаас, өөрийн шавьтай хамт ирсэн. 2013 онд Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлсэн төсөлд хамрагдаж, багшлах эрх авч байсан. Манай аймагт надаас өөр тууль хайлдаг хүн байдаггүй байлаа. Харин шавь сургалтыг эхлүүлснээр гурван жилийн хугацаанд таван шавь бэлтгэсэндээ их олзуурхаж байна. Өнөөдөр зааж сургасан ажлынхаа тайланг олон түмэнд танилцуулж байна. Туульж сурахад их хэцүү. Хамгийн анхлан “Алтайн магтаал”-ыг хайлж сурна. Үүнийг хайлж сурахын тулд 2-3 жил шаардлагатай. Дараа нь “Их тууль” хайлж сурах хэрэгтэй. Энэ бол 800 мянган мөртэй, доод тал нь 4-5 цаг хайлдаг. Тухайлбал би “Баянцагаан” гэдэг туулийг долоон цаг хайлдаг. Туулийг ном уншаад сурахгүй. Ерөөсөө утга санааг нь ухаарч, түүнийгээ баяжуулж ойлгож л байвал туульч болж чаддаг.
МУСТА туульч Э.Баатаржав: Туульчид нэмэгдсэн ч баярлах болоогүй байна
-Туульсын урлагийг шавь нарт өвлүүлнэ гэдэг бол бусад урлагийн шавь бэлтгэхээс үнэхээр хэцүү. Үлгэрийг цээжлүүлээд л болчихож байгаа юм шиг амархан харагддаг боловч олон мянган мөр бадаг шүлгийг эртний үг хэллэгээр нь цээжлүүлж, хоолойг нь бэлтгэж явна гэдэг үнэхээр амаргүй ажил. Хүүхэд, хөгшин хүн гэлтгүй бүгд л эхлээд маш их сонирхдог. Хоёр өдрийн дараа нөгөө сонирхол нь бараг л алга болчихдог. Одоогийн хүмүүсийн арга барил ийм болчихсон. “Гүйлгээд үзчих тууль байхгүй юу” утгатай юм асууна. Гэтэл яг сурна, сургана гэдэг асуудал маш хэцүү. Байгалийн шалгарлаар үнэхээр өв соёлдоо хайртай, угсаа гарлаа хадгалж үлдэх гэсэн чин хүсэлтэй хүмүүс л сурдаг. “ЮНЕСКО”-ийн төслөөс өмнө би өөрийн санаачилгаар 40-өөд шавь бэлтгэн сургаснаас одоо 10 гаруй нь тууль хайлж байна. Шавь сургалт ач холбогдолоо өгсөн. Урьд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байсан бол өнөөдөр энэ гэрт их олон хүн цугласан байгааг харлаа. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөж, хараахан баярлах болоогүй байна.
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг. Хэдэн зуу, хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг том хэлбэрийн туурвил юм. Нэг шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг байна. Туулийн хэл уран яруу, утга төгс бөгөөд монгол шүлгийн уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, олон ястны аман аялгууны онцлолгийг агуулдаг онцлогтой. Тиймээс Монгол туулийг устаж үгүй болохоос хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал гэдгийг ахмад туульчид хэлж байлаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ