Н.Буянбаатар: Үндэсний урлагаа сонирхохгүй байж эх орон гэж цээжээ дэлдэхээ боль

img

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач МУСТА Н.Буянбаатарын уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 21-нд “Соёлын төв өргөө”-нд болох юм. Энэ тоглолттой холбогдуулан түүнтэй уулзахаар ҮДБЭЧ-ыг зорьж очиход тоглолтын бэлтгэл явагдаж байв. Хөшигний ард хэсэг хүлээж зогслоо. Тэрбээр тоглож буй хөгжмийн хэмнэлээр нэг харахад ууртай, нөгөө харах нь уяхан болж үзэгдэх нь нэг  өнгө аяс, нэг утга санааг зангидах гэж бодол оюунаа ундрааж байх шиг...

 

Бэлтгэлийн дундуурхи 10 минутын завсарлага болж түүнтэй хэсэг хором ярилцлаа.

 

-Таны цаг зав хомс байгаа учраас яриагаа шууд тоглолтоос эхлэе. Анхны бие даасан тоглолт гэж ойлгож болох уу?

 

-ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэлийн санаачилгаар чуулгынхаа 65 жилийн ойг тохиолдуулан манай хамт олон миний толголтыг тавихаар болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд миний бүтээж, туурвисан уран бүтээлүүдээс бүтсэн концерт тавигдана. Улсын филармонийн ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр, УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү гээд өөрсдийн уран бүтээлийн тайлан тоглолтыг хийж байсан түүхтэй. Харин манай чуулгын үе үеийн удирдаачид бие даасан тайлан тоглолт гэж хийж байгаагүй юм билээ. Үүгээрээ анхдагч гэж хэлж болох юм.

 

 

-Монголын үндэсний урлагт 30 гаруй жил зүтгэжээ. Эргээд харахад энэ тоглолт, болох ёстой цаг хугацаандаа болж байна уу? Эсвэл эртэдсэн, магадгүй оройтсоны аль нэг үү?

 

-Би морин хуур гэдэг хөгжимтэй анх амьдралаа холбосноос хойш л урлаг руу эргэлт буцалтгүй орчихсон хүн шүү дээ. Үндсэндээ 38 жил болж байна. Зарим нийтийн дуучны хажууд бол миний уран бүтээл туурвисан он жил урт хугацаа юм. Гэхдээ Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Зангад багш нарын хийж бүтээсэн цаг хугацаатай жишвэл 30 жил гэдэг богинохон. Б.Зангад багш гэхэд 60 жил уран бүтээл туурьсан байдаг. Тэгэхээр надад өөрийгөө удаан жил ажилласан гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ өнөөдөр төгсөх гэж байгаа хүүхдүүдийн хажууд бол хийсэн бүтээсэн зүйл бий.

 

 

-Та олон дуулалт жүжиг, бүжгэн жүжиг, түүхэн ойн концертыг удирдан тоглуулж байсан. Тэр тоглолтуудаас таны өөрийн уран бүтээлийн тайлан тоглолтын онцлог юу байх вэ?

 

-Товчхондоо,  үндэснийхэн, сонгодогийнхон, роп попынхон нэгэн тайзнаа, нэгэн цаг дор чуулна. Мөн манай чуулгын тайзнаа тоглогдож байсан “Оройн дээд”, “Их хатад”, “Үлэмжийн чанар” зэрэг дуулалт жүжгийн хэсгээс тоглогдох байгаа. Манай чуулга бүрэн бүрэлдэхүүнээр, УДБЭТ-ын дуурийн гоцлооч нар, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Б.Сарантуяа, С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ зэрэг уран бүтээлчид  болон СУИС, ХБК-ийн морин хуурын ангийн миний шавь нар оролцох юм. Мөн дуучин Ц.Энхманлай найрал хөгжимтэй морин хуурын тухай шинэ дуугаа дуулна. Үндсэндээ 200 гаруй уран бүтээлчээс бүрэлдсэн тоглолт болох юм. Магадгүй уншигчид П.Цэрэндагва, Б.Сараа, С.Наран гэхээр шанз, ятга, морин хууртай  рок попынхон юугаа дуулах юм бол гэж гайхаж байж магадгүй. Тэгвэл ирээд үзээрэй гэж хэлмээр байна.

 

-Тоглолтын азтай нэг үзэгчид өөрийн гарын үсэгтэй морин хуур бэлэглэнэ гэсэн. Энэ бэлгийг учир бэлэгдэж сонгосон болов уу?

 

-Урилгаар биш билет худалдан авч тоглолт үзсэн нэг азтай үзэгчид Төрийн хан хуурыг урласан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, хөгжим урлаач Д.Уламбаярын сийлсэн, миний өөрийн гарын үсэгтэй морин хуурыг бэлэглэнэ. Бэлэглэх болсон учир гэвэл хүн байр, машин, угаалгын машин, телевизорыг хуучрахаар нь сольдог, зардаг. Харин хөгжмийн зэмсэгийг тэр тусмаа морин хуурыг тэр болгон солихгүй болов уу. Морин хуур бол үе удамд хадгалагдан үлдэх учиртай үнэт өв. Тиймээс хамгийн эрхэм бэлэг гэж бэлэгшээж сонгосон. Мөн би арваннэгдүгээр сард төрсөн. Тийм учраас энэ сард төрсөн хүмүүс билет авах гэж ирэхдээ иргэний үнэмлэхээ үзүүлээд нэг билет авч, тухайн билетээр хоёр хүн үзэх эрхтэй болох юм. Миний тоглолт 21-нд болно. Харин 22-нд “Монгол хатад” бүжгэн жүжиг, 25-нд “Оройн дээд” дуулалт жүжиг, 28-нд Үндэсний их найрал хөгжмийн бие даасан уран бүтээлийн концерт тоглогдоно гэдгийг дашрамд дуулгамаар байна. Энэ дөрвөн том концертын удирдаачаар давхар ажиллаж байгаа болохоор ачаалал маш их байна.

 

-Одооны залуус үндэсний урлагаас нэг жаахан холдох хандлага ажиглагдах юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

 

-Манай чуулга зуны улиралд Монгол улсад ирж байгаа аялагч, жуулчдад үндэсний өв соёл, урлагаа сурталчилж 100 хоногт 100 удаа тоглодог. Энэ бол бидний үүрэг. Аялагчид тухайн орны үндэсний соёл урлагийг л сонирхож, таньж мэдэх гэж ирэхээс биш, хаана л бол хаана байдаг “Коко кола” уух гэж, “Бенз” унаж, буудалд хонох гэж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр би  одоогийн залуучуудад  үндэсний соёл, урлагаа сонирхохгүй байж эх орон гэж худлаа цээжээ дэлдэхээ боль гэж хэлмээр байна. Үндэсний эх хэл, соёл урлагаараа бахархаж байж тэр хүн сая Монгол хүн болно. Бид хэдэн зуун, мянган жилийн бахархах юмтай улс шүү дээ. Одоо юмыг өөрөөр харж, нэг жаахан гэгээнлэг, оюунлаг болох хэрэгтэй. Аль болгон импортын урлагаар тархиа угаалгах юм бэ. Орчин үеийн Монголын залуус намайг танихгүй. Харин Леди Гагаг надаас л илүү мэдээд байгаа юм даа.

 

-Шавь нартаа энэ тухай зааж сургана биз?  

 

-Хөгжимчин хүн гэдэг хар нялхаасаа мэргэжлээ сонгодог. Тэгэхээр энэ мэргэжлийн хүн ямар байх ёстой вэ гэхээр тэвчээр, авьяас, хичээл зүтгэлтэй байхаас гадна хамгийн чухал нь хүн байх хэрэгтэй. Хүн чанаргүй хөгжимчин байж болохгүй. Хүн чанаргүй тэгээд тэвчээргүй, зорилгогүй, итгэлгүй байхын бол хөгжим, бүжиг, дуу гээд бүх юм хайран болно шүү дээ. Би шавь нартаа хаана байх ёстой, юу хийх ёстой вэ гэдгийг л заадаг. Ер нь хүн байх ёстой газраа байсан шиг байж, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийчих юм бол улс орон хөгжинө.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Яаааааг үнэн.
2019-11-25