С.Саруул-Од: Үлээвэр найрал хөгжимчдийн чадвар ямар болсныг харуулна

img

 

Баянмонгол жазз найрал хөгжмийн “City swing” тоглолт маргааш буюу 20-ны өдрийн 19 цагт Улсын филармонийн концертийн танхимд тоглогдох юм. Үүнтэй холбогдуулан  тоглолтын удирдаач МУСТА С.Саруул-Одтой уулзаж, ярилцлаа.

 

-“Баянмонгол” чуулгын уран бүтээлчид шинэ залуу хөгжимчдөөр хүч сэлбэсэн ч удирдаач нь ийм залуухан гэж төсөөлсөнгүй шүү?

-Би урьд нь Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан. 2013 онд анхлан энэ чуулгад ажилд орж байлаа. Тэр үеэс л ахмад уран бүтээлчид тэтгэвэртээ гарч, одоогийн энд ажиллаж байгаа шинэ залуу хөгжимчид нэгдсэн гэж хэлж болох юм. Манай чуулгын хөгжимчид ихэнх нь бие биенээ мэддэг найзууд. Тийм болохоор хэн хэнийхээ ур чадвар, хичээл зүтгэлийг мэдэх учраас ажиллахад их дөхөм. Баянмонгол чуулгын 46 жилийн ой энэ онд тохиож байна. Ахмад үеийн уран бүтээлчдийн залгамж халааг нэр төртэйгээр авч явахаас гадна мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг зорьж явна.

 

-“City swing” тоглолтын удирдаачаар ажиллаж байгаа. Тоглолтын талаар мэдээлэл өгөх үү?

-2013 онд бидний залуу уран бүтээлчид нэгдээд хамгийн анх “City swing” тоглолт зохион байгуулж байсан юм. Энэ тоглолтыг уламжлал болгох нь зөв юм байна гэж ярилцаад, жил бүрийн өвлийн эхэн сард тоглож байхаар болсон. Энэ жилийн хувьд Улсын филармонаас санаачилан хэрэгжүүлж буй “Сонгодог хөгжим” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж байна. Манай чуулга Монголд ганц байдаг “Big band” оркестор буюу жазз хөгжмийн хамгийн том бүрэлдэхүүнтэй чуулга. Бид улсын филармонид ажиллаж байгаагийн хувьд жазз хөгжмийг улс орондоо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй шүү дээ. Тиймээс энэ төрлийн хөгжимчдийн ахиц дэвшил, ур чадварыг харуулах тоглолтыг толилуулахаар болсон. Маргааш ганцхан удаа тоглоно.

 

-Улсын филармонийн "Сонгодог хөгжим”  төслийн хүрээнд 7 концерт тоглогдоно.  Бусад тоглолтоос “City swing” юугаар онцлог байх вэ?

-Монголчууд зохиолын дуу эсвэл рок поп их сонсдог. Жазз тоглолт төдийлөн болоод байдаггүй. Болсон ч том хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр болдоггүй шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн тоглолт том бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн өндөр түвшиний концерт гэдгээр л онцлог юм даа. Тэс өөр орчин, уур амьсгалыг мэдрүүлж, үлээвэр найрал хөгжимчдийн чадвар ямар болсныг, ямар байгааг харуулна гэдгийг бардам хэлмээр байна.

 

-Тоглогдох зарим бүтээлээс болон оролцох уран бүтээлчдээс нэрлэвэл?

-Дэлхийд “Big band” хэлбэрээр уран бүтээл туурвидаг байсан алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоор бэлтгэж байна. Тухайлбал, Hanry James, Billy Strayhorn, Randy Crawford гэх мэтчилэн томоохон төлөөлөгчдийн бүтээлийг толилуулна. Мөн хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын найруулсан “Мандах нарны блюз”, С.Гончигсумлаа гуайн “Дэнжийн ногоо” зэрэг монгол зохиолуудыг жазз хэлбэрт оруулан найруулсан. Дуучдын хувьд Улсын филармонийн уран бүтээлчид болон Н.Наранбаатар, Ц.Хулан /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/ гээд “Баянмонгол” чуулгын дуучид оролцох юм.

 

-Монгол хөгжимчдийн ур чадварыг залуу удирдаач хэрхэн дүгнэдэг юм бол?

-Монгол хөгжимчид авъяастай. Хэрэв үнэлэмжийг нь нэмээд өгвөл дэлхийн хэмжээний од төрөх ч авъяас билэгтэй хөгжимчид манайд байна. Гэвч сарын 550 мянган төгрөгийн төлөө хүн хамаг цаг заваа зориулахыг бодохгүй. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй болохоор ажлынхаа хажуугаар өөр зүйл хийх шаардлага тулгарч, бүх цаг заваа уран бүтээлдээ зарцуулж чадахгүй байгаад л асуудал байна гэж би боддог. Тэгэхээр миний нэг мөрөөдөл хөгжимчдийг үнэлэх үнэлэмж өндөр болоосой л гэж хүсдэг юм. Манайхан харсанаараа л ойлгодог. Харин тэрний оронд чихээрээ сонсож, тэрийгээ дотроо боловсруулж ойлгоно гэдэг том мэдрэмж, өргөн боловсрол шүү дээ.

 

-Тэгэхээр  цалин нь хүрэлцэхгүй байгаа болохоор хөгжимчид хөгжихгүй байна гэж та хэлэх гээд байна уу?

-Би нэг л жишээ хэлэе. Хөгжимчин болохыг үнэхээр хүсч, мөрөөдсөн хүүхэд 6 настайгаасаа хөгжим урлагийн сургуульд суралцаж эхэлдэг. 17 жилийн турш буюу 23 нас хүртлээ суралцана. Тэгээд төгсөөд цолоо ахиулж, гадагшаа явж сурахгүй л бол Монголд үнэлэгдэхгүй. Гадаадад олон жил суралцаад, ирээд эх орондоо ажиллахад хамгийн дээд тал нь 550 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ бол утгагүй зүйл гэж хэлмээр байна. Хөгжмийн гайхамшгийг мэдрээд, мэдэрсэн тэр сайхан зүйлээ бусадтай хуваалцах гэж зорьж, мөрөөддөгтөө л энэ хүмүүс энд ажиллаж байна. Хөгжимчдийн амьдрал хэцүү. Гэхдээ хэцүү гээд гомдоллох учиргүй. Бидний зорилго бол нийгэмд хөгжмөөр үйлчилж, гэгээнд хөтлөх шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ