Хоёр тэрбумыг хэмнэсэн бүтээн байгуулалт

img

Цас, зам, аяны цүнх... томилолт Эрдэнэт рүү. Нэвсийсэн цагаан уулс, цайран шаргалтах тариалангийн талбай, шон дээр суун шагшрах урт сүүлт, цагаан бөөрт алаг шаазгай, уулын өмөгт өвөлжөөндөө тухалсан хот айл, хонь, адуун сүрэг, замын дагуух сум, сууринг алгасаад алсад сүндэрлэх хөглөгөр бараан уулсыг чиглэн зам зурайна.

 

 

Ийнхүү “Эрдэнэтийн овоо”-ны ар хөндийд анхны шаваа тавьсан Эрдэнэт хот, зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг зорьж, эх орны хоймор зүгт үзэг нэгт нөхдийн хамт хүлгийн жолоо сунгалаа. Бидэнд тараасан мандат дээр Ган бөөрөнцөг цавих цехийн Нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад оруулах, Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн шинэчилсэн коллекторыг ашиглалтад хүлээн авах ажлууд болно. Мөн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудад гэр бэлэглэх, орон сууцны түлхүүр гардуулах ёслол, 2013-2015 онд тус компани Орхон аймагтай хэрхэн хамтарч ажилласан тухай мэдээлэл өгнө гэж тэмдэглэсэн байсан юм.  

 

Шөнийн харанхуйг гэрэлтүүлэг нь гийгүүлэх үйлдвэрийн хот биднийг угтлаа. Нэг жилийн өмнө Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэхдээ энэ хотын, Баян-Өндөр сумын гэрэлтүүлгийг гайхаж, тэр үед дөрөө харшуулж явсан нөхөдтэйгөө Улаанбаатарын гэр хорооллуудыг ийм болгочихвол гэж ярилцаж байсан минь санаад бууж байлаа. Бидний аялал түр амсхийж буй нь энэ. Маргааш өглөө бид Эрдэнэтийн наран дор сүндэрлэсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн техник, технологийн шинэчлэл, их бүтээн байгуулалттай танилцана.  

 

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж хямралыг даван туулна

 

Өвлийн цагаан нарны цацраг сэрэвгэр моддын сиймхийгээр тусавч цардмал замын цанг хайлуулж үл чадах сэрүүн өглөө бидний ажил эхэлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ган бөөрөнцөг цувих цехийг зорилоо. /Ган бөөрөнцгийг хүдэр нунтаглахад ашигладаг гэдийг манай уншигчид мэдэж буй байх/ Тус цехийн Нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад орж байгаа юм.

 

Жилд 50 мянган тн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай Ган бөөрөнцөг цувих цех нь Монгол Улсын МNS 4433-97 стандартаар 40, 60, 80, 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Тус цех нь импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээний 90 хувийг хангаж, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасган “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа аж.

 

 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийгдсэн.  Тус цехийн хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй 10 тн дизель түлшээр халаадаг байсан бэлдэц халаах зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьж ашиглалтад орууллаа.

 

Ган бөөрөнцөг цувих цехийн Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтад оруулах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн  “Монгол Улсын төр засгаас баримталж байгаа үндсэн бодлогын нэг эх орондоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр зорьж байгаа билээ. Манай байгууллага ч энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тэдний нэг нь өнөөдрийн үйл явдал болж байна. Энэхүү ажил бидэнд жилдээ хоёр тэрбум төгрөгийн бодитой хэмнэлт авчирна. Өөрийн өртөг зардлыг бууруулж, бодитой импортыг орлох нэмүүн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж бид хямралыг даван туулна” гэж хэлсэн.

 

 

 

Ган бөөрөнцөг цувих цехэд Нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад орсноор:

 

-1 тн ган бөөрөнцгийн өөрийн өртөг 33 хувиар буурна.

-Дизель түлш нүүрсний үнийн зөрүүгээс гарах хэмнэлт жилд хоёр тэрбум төгрөг

-Үйлдвэрлэлийн зардлын хэмнэлт жилд нэг тэрбум төгрөг

-Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нэг жил

-16 хүн шинэ ажлын байртай болов. Тэднийг мэргэжил, мэдлэг харгалзахгүй, Нүүрс хийжүүлэх зуух баригдаж эхэлсэн цагаас ажилд оруулан сургаж, мэргэшүүлж авсан.

-Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирна.

Энэ тухай Ерөнхий механикийн хэлтсийн ажилтан Б.Чинзориг ийн ярьсан.

 

Импортын дизель түлшнээс 100 хувь татгалзаж, үндэсний үйлдвэрлэгч болох нүүрс үйлдвэрлэгч компаниудаасаа нүүрс авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж буй нь сайн хэрэг. Нүүрс хийжүүлэх зуух нь хамгийн багадаа 5500 к/калороос багагүй илчлэгтэй, 30-80 мм бүхэллэгтэй нүүрс хэрэглэнэ.

 

Зуухнаас ялгарсан өндөр даралтын хийг цахилгаан шүүлтүүрээр оруулж, нүүрсний давтрхайг авч ашиглана. Нам даралтын хийг циклонон тоос барих төхөөрөмжид оруулж тоосыг нь барьж авна. Өндөр болон нам даралтын хийг ялгаж, салган боловсруулдаг нь хоёр шатлалт зуух гэж буйгийн учир. Давирхай болон тоосыг нь ялгаж авснаар технологийн цэвэр хийгээр бэлдэцийг дахин зууханд өгнө. Технологийн процессоос дайвар бүтээгдэхүүн болох нүүрсний давирхай ялгарах нь хаягдалгүй технологи.

Нүүрсний давирхайг автозамын үйлдвэрлэд ашигладаг. Энэ нь БНХАУ-д эко технологи гэж өргөн дэлгэрсэн, ган бөөрөнцөг цувих хамгийн сүүлийн үеийн технологи юм. Тэгэхээр  байгальд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэсэн үг” гэлээ.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК жилд 60 тэрбум орчим төгрөгийн ган бөөрөнцгийн бэлдэц импортоор авдаг байсан бол  2013 оноос үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 2013, 2014 онд 82 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээр тус үйлдвэрийн үйл ажиллагаа тогтоворжиж, харилцан ашигтай ажиллах нөхцөл бүрджээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 2013, 2014 онд 82 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээр тус үйлдвэрийн үйл ажиллагаа тогтоворжиж, харилцан ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Нийт 82 тэрбумын худалдан авалтыг импортын үнэтэй харьцуулахад 38 тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.

 

 

Ган бөөрөнцөг цувих цех цаашид Баяжуулах фабрикийн ган бөөрөнцгийн нийт хэрэгцээний 95 хувийг үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс түүхий эдээ авах. Хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж цахилгаан станцууд, “Оюу толгой”, цементийн үйлдвэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангана. Гадаад руу чиглэсэн валютын урсгалыг зогсооно. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна гэж зорьж, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэж буйгаа тухайлан дуулгасан юм.

 

Эрдэнэт үйлдвэрийн хэвийн ажиллагааг 20-25 жил найдвартай хангана

 

Хамар цоргиж, хоолой сэрвэгнүүлсэн эхүүн үнэр, утаа униар хөөрсөн үйлдвэрийн орчноос мэргэжлийн инженерийн чадварлаг гаргалгаа, тайлбарыг эргэцүүлсээр гарч ирлээ. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн шинэ коллектор баригдсан нэвсийсэн цастай цэлийсэн цагаан талд шууд очив.

 

 

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байгаа хэдий ч  “Эрдэнэт” үйлдвэр үр ашгаа нэмэгдүүлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах технологийн хоёр дахь шинэчлэлээ энд ашиглалтад оруулсан юм.

 

Хаягдлын аж ахуйн үйл ажиллагаа нь Баяжуулах фабрик анх ашиглалтад орсон өдрөөс эхэлжээ. Хаягдлын аж ахуй нь Баяжуулах фабрикаас шахах станц хүртэл өөрийн урсгалаар нь усан тээвэрлэлт хийх, уг насосны станцаас хаягдлын сан руу шахаж хураах, хадгалах, Баяжуулах фабрикийг эргэлтийн усаар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцид дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж юм.

 

 

Эргэлтийн усны BK-12 худаг, коллекторыг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэлэхдээ онцолсон.

Эргэлтийн усны BK-12 худаг, коллекторыг ашиглалтад оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэнэ.

Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2 дугаар коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК, “Очир төв” ХХК хамтран 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах дөрвөн худаг, хязгаарлалтын дөрвөн далан, ус дамжуулах дөрвөн сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

 

 

37 ажилтан байртай боллоо

 

 

Эндээс бид Эрдэнэтийн амьдрал эхэлж байсан Говил багт орших “Залуус” орон сууцыг зорив. Өвлийн хахир цагаар гэртэй, байртай болох Эрдэнэт үйлдвэрийн ажилчид сэтгэл догдлон хүлээж байлаа. Навчин тотготой ган тулганд гал бадрааж эхэлсэн, үйлдвэрийн ажилчдад орон гэр бэлэглэх, байрны түлхүүр гардуулах ажиллагааг “Галын дөл өөдөө” хэмээн нэрийджээ.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нээж үг хэлсэн.

 

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компани. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааныхаа явцад үүссэн өр төлбөртөө авсан барилгаа манай РСЦ компани нийтийн байрны зориулалттай болгож зассан. 2013 оноос хойш 2-3 жилийн хугацаанд 2000-аад ажилчдадаа орон сууцтай болоход дэмжлэг үзүүлсэн.

 

Өнөөдөр энд гэр, байрны түлхүүр өгч байгаа өрхийг сонгоно гэдэг ойлголт байхгүй. Ажилчдаа өөрийн цалингаараа зээл аваад орон байртай болохын хажуугаар амьдралаа аваад явах боломжтой эсэхийг нь судалдаг. Энэ утгаараа эхний ээлжинд амьдралаа зохих хэмжээгээр сайжруулъя гэсэн хүмүүс орж байгаа.

 

Нийтийн байрны зориулалтаар засварласан энэ байранд ажилчид маань өвөлжөөд үзэг. Цаашид удаан амьдрах боломжтой байвал ажилчдадаа өгөх боломж бий” гэж ярьсан.

 

“Залуус” орон сууцанд амьдрах болсон үйлдвэрийн ажилчдад хашаа байшин, байрны түрээсэнд төлдөг байсан мөнгөө цуглуулж цаашдаа өөрийн байр, хашаа байшинтай болох болон өөр хэрэгцээтэй зүйлд зарцуулах боломж бүрдэж буй юм. Энэ өдөр Хүдрийн ил уурхайн халуун усны ажилтан, Сэлэнгэ амралтын баазын үйлчлэгч, ахмад ажилтан гээд 10 хүнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр, 37 айлд орон сууцны түлхүүр бэлэглэсэн. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 47 ажилтан, тэдний гэр бүл өвлийн хүйтнийг түрээсийн хашаанд, халаасны өрөөнд биш өөрийн гэртээ сэтгэл тэнэгэр туулах нь ээ.  

 

 

Тэдний заримтай сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Үйлдвэрийн үйлчлэгч Э.Эрдэнэмөнх: Би энэ байгуулагад 23 жил ажиллаж байна. Хүний нийгмийн асуудлыг их анхаарч ажилладаг. Өмнө нь би хоёр хүүхэдтэйгээ гэр хороололд амьдарч байсан. Гэнэтийн ослоор гэр оронгүй болж завод, ГОК-ынхоо захиргаанд хэлсэн. Ажилчдадаа туслахын төлөө явдаг. Үе үеийн удирдлага, цех, хэсгийн даргадаа баярлалаа.

 

Захиргаа аж ахуй хэлтсийн ажилтан Ч.Уранчимэг: Сэтгэгдэл өндөр байна. Би Захиргаа аж ахуйн хэлтэст таван жил гаруй ажиллаж байна. Манай цехийнхэн ийм байр байгаа гээд өргөдлөө өгөхийг зөвлөсөн. Өмнө нь би охинтойгоо хамт байр хөлсөлж амьдарч байсан. Цехийн хамт олондоо, үйлдвэрийнхэндээ их баярлалаа. Цаашид улам сайн ажиллах болно.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнг шинэ байранд орсон ажилтныдаа зочлох үеэр уулзлаа.

 

Тэрбээр “Эрдэнэт бол нийгмийн хариуцлагатай үйдвэрийн нэг мөн гэж хүн бүр хүлээн зөвөөшөөрөх байх. Жилдээ 70 гаруй тэрбум төгрөгийг нийгэм соёлын зардлыг өөрийн зардалдаа суулгаж, ажилчдынхаа нийгэм соёл, амьдрал ахуйд зориулдаг. 1400 орчим ажилчинг 8 хувийн зээлд хамруулахад дэмжиж ажилчин бүрт 8 сая төгрөгийн хөнгөлөлт олгосон. 80 гаруй айлын орон сууцны асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн жил Дэнжид 29 ажилчны орон сууцыг хүлээлгэж өгсөн.

 

Энд амьдрал нь хүнд байгаа айл, өрх толгойлсон бүсгүйчүүд, залуу ажилчдадаа 37 айлын орон сууцыг олгож байна. Мөн 10 айлд гэр өглөө. Үйлдвэрийн 6000 гаруй ажилчны 2000 гаруй нь орон сууцгүй байгаа.

 

2000 оны үед ажилчдын орон сууцыг хувьчилсэн тэр үед байр авсан хүмүүс маань тэтгэвэрт гарч, үйлдвэрийн ажилчид залуужиж байна.  Тэдэнд маань дэмжлэг хэрэгтэй. “Эко-400”, “Залуус-600” гээд төсөл хийгдээд, удирдах зөвлөлийн хурлаараа батлуулах гээд явж байна” гэж ярьсан.

 

Энэ асуудлыг нэг дор шийдэх эдийн засгийн боломж хүнд байгаа ч арав, хориор нь болгож байна, 6000 гаруй ажилчны 2000 нь орон сууцгүй байгаа гээд санаа зовниж байгаа түүний ажилчдынхаа төлөөх сэтгэлийг сайшаамаар.

 

Орхон аймагт 58.6 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ бүтээн байгуулалт хийжээ

 

Дэлхийн зах дээр цэвэр зэсний үнэ тогтмол буурч байгаа ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК улс орныхоо өмнө хүлээсэн нийгэм, эдийн засгийн хариуцлагаа үл умартан ажиллаж байна. Үүнийг тус үйлдвэр нь 2013 онд 520 тэрбум төгрөг, 2014 онд 471 тэрбум төгрөг, нийт 991 тэрбум төгрөгийг, харин 2015 оны эхний 10 сарын байдлаар 239 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байдал батална.

2015 оны эхний 10 сарын байдлаар 239 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

 

Тэрчлэн орон нутгийн хөгжилд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймагтай хамтран байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам тээвэр-харилцаа холбооны чиглэлээр хамтран ажилласан байна. Ингэхдээ орон нутагт 2013-2015 онд 58.6 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ, бүтээн байгуулалт хийжээ.

 

2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал “Уурхайчин” соёлын ордонд болсон юм. Тайлангийн хуралд Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчид аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцсон. Орхон аймгийн удирдлагууд илтгэлтдээ их үйлдвэр түшсэн орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд “Эрдэнэт” үйлдвэрээс оруулж буй хувь нэмэр их гэдгийг илтгэлдээ онцолж байв.

 

Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж байгуулан, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 2008 оноос хойш 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн үр өгөөжтэй, цагаа олсон зөв шийдэл аж.

 

Орхон аймгийн нутгийн захиргаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан байдаг аж. Ийнхүү импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтанд эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өсчээ.

 

 

2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17 хувь буюу 45.7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсныг тайлангийн хурлын үеэр мэдээллээ.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10 хувь буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11 хувь буюу 23.5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Эндээс  орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 оныхтой харьцуулахад 24 хувиар өссөн нь харагдлаа. Харин 2015 оны эхний есөн сарын байдлаар нийт худалдан авалтын 14 хувь буюу 35.9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53 хувиар өсчээ.

 

Чухал ажлуудыг үнэлэх хэрэгтэй

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн энэхүү ажлуудыг УИХ-ын гишүүн М.Батчимэг “Чухал ажлууд” гэж тэмдэглээд үнэлэх хэрэгтэйг онцолсон.

 

Тэрбээр “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр металл ашигт малтмалын үнэ уначихсан, улсын төсвийн орлого багасчихсан байхад Эрдэнэт үйлдвэр нэлээн ачааг үүрч ирсэн. Тухайлбал, зургаадугаар сард хийгдсэн үйлдвэрийн өргөтгөл үйлдвэрийн хүчин чадлыг 25 хувиар нэмсэн. Энэ хэмжээгээр үйлдвэрийн орлого нэмэгдэж эдийн засаг сайнгүй байгаа үед улсын төсөвт нэлээд хэмжээгээр үр өгөөжөө өгсөн. Энэ үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд үр өгөөжөө байнга өгч ирсэн.

 

Аймаг, үйлдвэрийн удирдлагын гар нийлсэн ажлын үр өгөөжийг нутгийн иргэд хүртэж байна. Эрдэнэт үйлдвэрт хийгдэж байгаа хангалт нийлүүлэлтийн 40 орчим хувийг орон нутгийн аж ахуй нэгж хийж байна гэдэг бол иргэдийн бизнес, орлогод үр өгөөжөө өгч байгаа том зүйл” гэж ярьсан.

 

Ийнхүү орон нутаг, улс эх орныхоо хөгжилд үр өгөөжөө өгч ирсэн, цаашдаа ч биднийг тэтгэсээр байх арвин баялаг, их бүтээн байгуулалт, урт түүхтэй, эгэл уурхайчдын итгэл, зүтгэл дээр сүндэрлэсэн “Эрдэнэт” үйлдвэрээс бид буцаж явна. Баруун уулын цаагуур орохоор яарах шаргал нарантай уралдан Их, бага Хөшөөтийн давааг уруудан, уурга даялсан адуучныг, талд бэлчсэн хонин сүргийг, тариан талбайг өнгөрөөд зам хөтөлнө. Намрыг, хангайн тухай нөхөд минь дуулна. Нэгэн цагт их хангайн дунд дүнхийж асан уул уурхай, үйлдвэр болсон түүхийг эргэцүүлнэ.

 

 

Б.Буд

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
монголчууд бид үнэхээр сайн юм бодхоо байцийм шигээ.Үнэхээрийн их ойлгот өгсөн мундаг мэдээлэл байна шдээ. яагаад заавал гуйвуулааал хараар будах гээээээл ядчихдийм.бүүүр гомдмоор. Эрдэнэтээс мөнгийг авч улсаа тэжээнэ, муулж сэтгэлээ бас тэжээх үү.Жаахан жудагтай байяаа
2015-11-26
shudrag bai:
Davaatseren chi boliochee uuriin gar hul bolson numuuseere GOK iig duurgeed mungu ideh arga ni nariisaad 2 ter bum gej hoshgiruulaad heden ter bumiig edeh gej bna Muu maslo shahaad olon BILAZ motorgui bolloo ene henii buruu be ??? Davaatsereen tuslah chini meregjilgui duugee shuud ajild oruulaa deer ni nuhur ni bas yun ter songon shalgaruulalt be ta nariin umch bish shuu
2015-11-26
зочин:
МАН аас томилогдсон мэргэжлийн бус захиралууд морь уралдуулан монго идэхээр уралдаж уйлдвэрийг мартсан байсан жинхэнэ уул уурхайн мэргжлийн удирдагч Даваацэрэн сайн ажиллаж байгаа Ганзориг Наранхуу нарыг жирийн ажилчиж нэрийг нь сонсоноос уулзах буу хэл харж чаддагуй байсан одоо бол еронхий захиралын хаалга байнга нээлттэй байгаа
2015-11-26
шоумен:
болиочээ, худлаа ингэхээ, яахав сайн л байна нэг зүйл ч гэсэн өөрсдөө хийвэл, аль түрүүний л хийх байсан ш дээ, дарга нар нь зориуд хойшлуулж шахааны бизнесээ хийсээр байгаад одоо аргагүйдээд нэг шоу хэрэгтэй болоод, тэрнээс биш жирийн ажилчид аль түрүүний л хийе гээд байсан ш дээ, энэ тэгээд жирийн ажилчин хүний ухаан хөдөлмөрөөр бүтсэнээс нэг дарганцарт огт хамаагүй юм шүү. тэд нар өөрсдөө хийсэн юм шиг дээш дээш нь дарга нартаа уралдаж сайрхаад баахан мөнгө төлж ТВ-нүүдийг аваачаад л, одоо больцгоо л доо. тэгээд ч дарга нарынх нь хий дэмий авсан цалинг яаж ч бүтээгдэхүүн хийгээд дарахгүй,
2015-11-26