Амьдрал үргэлж сайхнаараа

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж ардчиллын дууч агсан С.Цогтсайхан ахын үнэн үгтэй сайхан дуу байдаг даа. Цаг хугацаа улиран одохын хэрээр энэ дууны үнэ цэнээ өнөө ч мэдрүүлсээр байна.
Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг танхимын үйл ажиллагааныхаа нэг жилийн хугацааны тайлангаа олон нийтэд хандан тайлагналаа. Ерөнхий сайд уг нь заавал тайлангаа олон нийтэд тавиад байх албагүй л дээ. Гэхдээ өөрөө санаачлаад, түмэн олондоо хийсэн бүтээснээ хэлж, ярьж байгаа нь нэг талаас сайшаалтай хэрэг. Нөгөө талаасаа аль нэг Засгийн газрын хийсэн ажлыг Ерөнхий сайд нь хэлсэн хэлээгүй олон нийт эрт орой хэзээ нэгэн цагт дүгнэчихдэг талтай.
Тиймээс л хямралын жилийн хэмнэлтийн эдийн засгийн горимд шилжсэн энэ цаг үед Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр олон нийтэд хандан толилуулж дэлгэж тайлагнан, ажил, цаг, мөнгө зарцуулж, урсгал зардал нэмэгдүүлэх шаардлага байсан ч юм уу даа. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, амьдрал зон олны болоод Засаг тэргүүлж яваа хүний нүдээр харах эрс ялгаатай байдаг бололтой.
Энэ жил өмнөх жилүүдээсээ хүйтэн, хатуу хахир өвөл болохыг 11 дүгээр сарын тасхийм, ясхийм цаг агаар манайхны биенд чангахан мэдрүүлээд авлаа. Авсан цалин амьдралд хүрэлцэхгүй, өрхийн орлогоороо сар сарын лизингээ төлж, халуун хоол, дулаан байртай л бол өвлийг өнөтэй давна хэмээн ард иргэд зоригоо чангалан ажиллаж, амьдарцгааж байгаа.
Малчид өвлийг давахаар өвөлжөөндөө бууж, хадлан тэжээлээ бэлтгэсэн оюутан хүүхдийнх нь сургалтын төлбөрийг “даадаг” махны үнэ нь зах зээлд үнэ ханш нь буурч, мөнгөний эрэлд гарч байна. Банкууд зээлээ хааж, хязгаарласан, банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн хүүгээ өндөрсгөж, “мөнгө хүүлэгч”-ийн ажилдаа шуудран орж. Нийгмийн амьдрал зээл, лизинг дээр л тогтож, сайхан цагийг хүлээж байгаа.
"Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирсэн. Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ" байгаа нь үнэн. Харин манайд эсрэгээрээ шатахууны импортын ОАТ-ыг нэмэгдүүлэхээр болсон.
Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүлж байгааг Ерөнхий сайд олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ онцолж “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо” тодотгосон. Гэхдээ энэ нь олон нийтэд шинэ мэдээлэл биш, өнгөрсөн хаврын анхны мэдээлэлд чинь багтаж, зун, намрын турш, одоо ч улстөрчдийн шүүмжлэлд өртсөн зүйл.
Харин “Олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо.Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ” хэмээн Ерөнхий сайдын хэлсэн үгийг ажил хэрэг болсны дараа л итгэе гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Учир нь Засгийн газрын тэргүүний олон нийтэд хандан хэлсэн үгийг спикер “хүчингүй” болгодог гэмтэй гэж олон нийт хаширлаж байсан.
Аймгуудын төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох, шинэ нисэх буудал барих, баялаг бүтээгчдээ дэмжих зэрэг ажлууд бол аль ч Засгийн газрын үед уламжлал болон үргэлжилж ирсэн зүйл гэдгийг хэн бүхэн мэднэ биз.
Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг хийснээр жишээлэн хэлж байна лээ. Харин парламент дахь сөрөг хүчин МАН-ын бүлгийнхэн “хөрөнгө оруулагчид Монголоос үргэн зугатсан, зээлжих зэрэглэл олон улсад буурсан” гэж шүүмжилдэг.
Баруун, зүүн аймгууд, алс хязгаар нутагт аж төрөн суугаа ард иргэд 12 дугаар сарын эхнээс түлш, шатахууныг баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр хямд худалдан авахаар болжээ. Засгийн газраас баруун хязгаарынханд олгосон шатахууны “sale” иргэддээ мэдрэгдэж байвал л сайн хэрэг.
Агаарын бохирдол утаатай тэмцэх гол 2 стратеги бол хийн хэрэглээнд шилжих, орон сууцжуулах явдал гэдэг ч үнэн шүү, Ерөнхий сайд аа. Энэ хүрээнд нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд туслана гэнэ. Үр дүн нь хэзээ иргэдэд мэдрэгдэх юм бүү мэд. Харин утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулж, 1 квт/цагийн үнийг 77 төгрөгийг 38.5 төгрөг болгож энэ 12 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон нь сайшаалтай. Учир нь Улаанбаатарын гэр хорооллын цахилгаан халаагуур ашигладаг өрхүүд хүйтний улиралд зөвхөн эрчим хүчний зардалдаа 300-600 мянган төгрөг зарцуулдаг. Үүнийг 50 хувь бууруулж байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж байгаа.
ТТ-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газар хангагдаж байгаа гэнэ. Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улс төр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна гэдгийг Ерөнхий сайд парламентад хаяглана лээ.
Монгол хүн амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Магадгүй Ерөнхий сайд Засгийн газрын нэг жилийн ажлаасаа сайныг нь түүж мэдээлсэн байх.
Гэхдээ өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдал сайн бус саар, сөрөг байгааг Ерөнхий сайдын ширээн дээрх статистик тоон дүн өдөр бүр л сануулдаг байлтай. Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгаа нь албан тасалгааны цонхоор харах бус айлын цонх руу өнгийхөд л мэдэгдэнэ.
Сайханбилэг сайдын амьдрал үргэлж сайхнаараа байж болно, саахалт айлын чинь амьдрал ямар байгааг хаалгыг нь тогшоод мэдчихмээр юм. Ер нь тэгээд Засгийн ажил сайн уу, муу юу гэдэг хэн нэгний хэлж, тодорхойлсноор бус иргэдийн амьжиргаанд хэр туссанаар л дүгнэгддэг.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ